Нийтлэл 01 сарын 23, 2018

БИ САЙН ЭЭЖ: Хүүхэд таны хүссэнээр биш хүмүүжүүлснээр тань өснө

Хүүхдүүдээ зөв хүмүүжил эерэг хандлагыг төлөвшүүлдэг ээжүүдийн туршлагаас хүргэдэг “Би сайн ээж” булангийн маань дараагийн зочноор Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн гадаад хэлний багш Н.Ганзориг оролцож ээж байх эрдэм мэдлэгийнхээ нэгээхэн хэсгээс хуваалцсаныг хүргэж байна.

Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг Ганзориг гэдэг. Би 1974 онд төрсөн. 48-р сургуульд гадаад хэлний багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлд олон сайхан ах эгчтэй, олон дүү нартайгаа бужигнаж өссөн. Би 1992 онд арван жилийн сургуулиа төгсөөд 1996 онд их сургуулиа төгсөж, 1997 анхны охиныг төрүүлсэн.  Одоо 3 хөөрхөн охинтой. Том охин маань одоо телевизэд ажилладаг. Дунд охин маань арван жилийн сургуульд сурдаг бага охин цэцэрлэгт. Ингээд нөхөр гурван охины хамт амьдардаг даа.

Таны ээж ааваасаа авсан хүмүүжил төлөвшил бага насны тань тухай яриагаа эхлэе?

Миний бага нас яг л аав ээжийн хэлснийг хийж, сурч, хөгжиж ирсэн. Өглөө аав ээж ажилдаа явахад дагаж гараад хичээлдээ яваад л орой цуг ирээд л. Би хананаасаа халуун ус авдаг, бүх зүйл нь бэлэн байшинд өсөөгүй. Мод хөрөөдөж, усаа авдаг, гал түлдэг гээд  л бүхий ажлыг амжуулж ирсэн. Надад ногдсон ажил бол ямар нэгэн байдлаар түүнийг би заавал бүрэн дүүрэн хийдэг байх ёстой гэсэн зарчмаар л өссөн.

Багш хүний хувьд монгол эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга барилын тухай өөрийнхөө бодлыг хэлээч?

Манай монгол аав ээжүүдийн нэг дутагдалтай тал байдаг. Тэр юу вэ гэхээр бүх зүйлсийг хүүхдийнхээ өмнөөс өөрөө хийж өгөөд хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байдаг. Өөрсдөө эрхлүүлж өсгөчихөөд, өөрөө  хүүхдээ чадваргүй болгочихоод би чиний төлөө бүхнээ зориулж өсгөсөн байхад чи надад үүнийг хийж өгөх ёстой, чи ингэх ёстой гэх мэт хүүхдүүдээсээ чадахгүй зүйлийг нь нэхдэг. Харин гадны хөгжилтэй орнууд бол хүүхдийг багаас нь бие дааж сургаад насанд хүрэхээр өөрөөр нь бүхнийг хийлгэдэг, өөрөө шийдвэр гаргах төвшний хүн болгож хүмүүжүүлсэн байдаг. Уг нь манайх оюуны чадамж их өндөртэй зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Чиглүүлээд өгвөл өөрөө бүх зүйлсийг чаддаг болох хангалттай чадвартай.

Таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барил тань юу вэ

Ер нь хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болно гэсэн зарчмыг баримталдаг даа. Сайн хүмүүжилтэй болгохын тулд хамгийн түрүүнд хөдөлмөрлөх, бие даах сэтгэлгээг багаас нь суулгасан.  Хүүхэд бие даана гэдэг чинь хувцас эвхэж, хичээлээ ялгахаас л эхэлдэг. Нас насанд нь тохирсон хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах зэргийг заадаг. Аль болох өөрөөрөө үлгэрлэж өөрийн хийж буй ажлаа байнга танилцуулж хийх арга замыг нь чиглүүлэхийг л гол болгодог.

Хүүхдүүддээ захиж хэлдэг үг тань юу вэ?

Гурван зүйлийг гол болгодог. Нэгдүгээрт, цагийн юмыг цагт нь хийдэг байх хэрэгтэй, хоёрдугаарт, хүнд сэтгэлээсээ ханд хүн хараагүй байхад ч хийж байгаа ажлаа яг өөдөөс чинь хараад сууж байгаа юм шиг хийж бай гэж захидаг, гуравдугаарт, хувийн зохион байгуулалттай бай гэж л үргэлж захидаг даа.

Хүүхэд тань танаас асууж байсан хамгийн хүнд асуулт?

 

Манай том охин 2013 онд арван жилээ төгссөн юм. Тэр үед би бас 11-р ангитай байсан юм л даа. Хавар элсэлтийн ерөнхий шалгалт дөхчихсөн би ангийнхаа хүүхдүүдийн шалгалтын материалыг бүрдүүлээд л иргэний үнэмлэхтэй нь хуулбараа, иргэний үнэмлэх аваагүй хүүхдүүд дүүрэг дээрээсээ төрсний гэрчилгээний лавлагаа авна гээд л эцэг эхчүүдэд нь зөвлөөд заримыг нь бараг өөрөө очиж бичүүлээд л бэлдэж байлаа.  Тэгсэн элсэлтийн ерөнхий шалгалт болоход долоохон хоногийн өмнө охин маань материал дутуу байгааг мэдсэн. Тэр үед л охин маань надад “Ээжээ та энийг мэдэхгүй биш мэдэж байгаа 36 хүүхдийн эцэг эхэд нь зөвлөөд, заагаад заримыг нь өөрөө очиж материалыг нь бүрдүүлээд явж байсан байж охиноо мартчихсан уу гэж асуусан. Охин маань тэр үед ангийнхнаасаа насаар бага насанд хүрээгүй, паспорт аваагүй юм чинь гэрчилгээний лавлагаа авах байсан юм. Бүүр энийгээ бусад хүүхдүүдэд зөвлөөд байсан байж хүүхдээ таг мартсан байсан. Энэ үед л их хэцүү байдалд орсон доо. Нээрээ түмний хүүхэд гэж явсаар өөрийн хүүхдээ орхигдуулдаг юм билээ.

Ажил гэр бүлээ хэрхэн зохицуулдаг вэ?

Эмэгтэй хүн тэгээд бүхий л боломж бололцоогоо ашиглаад л зохицуулна. Эмэгтэй л хүн юм чинь өөрийнхөөрөө гэр бүлээ төлөвлөөд хэдэн насандаа хэдэн хүүхэдтэй болох эсэхээ шийдмээр л байдаг. Гэтэл нэгэнт л би түмний олон хүүхдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш хүн болохоор өөрийнхөө ажилдаа тохируулж л энэ бүх асуудлаа шийддэг. Гэхдээ гэр бүл маань энэ бүхэнд хангалттай түшиг тулгуур болдог. Бага охиноо төрүүлээд дөнгөж 6 сартай байхад ажилдаа орох хэрэг гарсан. Энэ үед хоёр охин маань ямар ч асуудалгүй гэрийн ажлыг жин тан хийж, дүүгээ надаас ч дутахааргүй өсгөсөн.

Гурван охин өсгөхийн сайхан  болоод хэцүү зүйл нь юу вэ?

Миний дүү 3 хөвгүүдтэй.  Тэр дүүгийнхээ эхнэрийг харахаар их завгүй харагддаг. Харин би гэртээ ирээд хангалттай их завтай хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзэх тоглох, аливаа зүйлсийг ярилцах цаг зав их гардаг. Энэ нь их сайхан шүү. Харин насанд хүрэх тусам сэтгэл зовних зарим асуудал гарна. Шинэ хамт олон нь ямар хүмүүс бол ойр орчимд нь ямар хүмүүс байгаа бол алдаж эндэх вий айж цочихоос эхлээд л сэтгэл чилээх асуудал гардаг нь л хэцүү.

Хүүхдүүдтэйгээ хэрхэн ярилцаж ойлголцдог вэ?

Би яг хүүхдүүдтэйгээ нүүр тулж харьцахаас илүүтэй эргэн тойрныхоо хүмүүсийн бодит амьдралын жишээг ярингаа хүүхэд маань ийм зүйлийг ойлгоосой гэсэн хандлагаар ярьдаг. Тухайлбал тэр хүний тэр шийдвэр их оновчтой байна, тэр нь алдсан байна гэдэг ч юм уу. Ихэнхдээ танин мэдэхүйн хувь хүний хөгжилд нөлөөлөхүйц нэвтрүүлэг үзэнгээ тэр нэвтрүүлэг дээрээ жишээ татаад л ярьдаг.  Ийм маягаар ярилцаж өөрийн ойлгуулах гэсэн санаагаа ойлгуулж, хүүхдэдээ тулгарч буй бэрхшээлийн талаар мэдэж авдаг. Заримдаа яг урд урдаасаа хараад жич ярихад эвгүй их олон сэдэв бий шүү. Энэ бүх сэдвийг ийм маягаар л ярилцдаг.

Та хүүхдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлсөн үү?

Би өөрөө уг нь эдийн засагч мэргэжилтэй болохоор төлөвлөж байсан. Харин тэр үед гадаад хэлтэй хүн хол явна. Гадаад хэл л сурах ёстой гэсэн хандлагыг хүмүүс надад өгч байсан болохоор би эдийн засагч мэргэжилтэй болох мөрөөдлөө орхиод гадаад хэлний багш болсон. Гэхдээ ингэлээ гээд хохирч, алдсан зүйл байхгүй ч өөрийн хүссэн зүйлээ хийх нь ямар их амжилтанд хүрэх боломж бий гэдгийг мэдсэн болохоор би хүүхдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөхийг хүсээгүй. Яг үнэндээ сэтгүүлч мэргэжилтэй болоход тийм ч  дуртай байгаагүй ч хүсээгүй зүйлийг хүчээр шахчихаад, амжилт нэхэж байхаар хүссэн зүйлийг нь дэмжихийг хүссэн.

Хүүхдийнхээ авьяас чадварыг нь яаж хөгжүүлдэг вэ?

Ер нь аль болох  хөгжүүлэхийг боддог. Би олон хүүхэдтэй айлын  хүүхэд болохоор надад маш олон дутагдалтай тал байдаг. Нэмэлтээр суралцах боломж бололцоо ховор байсан гэсэн үг л дээ. Тиймээс хүүхдүүддээ бүх зүйлсийг зах зухыг зааж, авьяас чадварыг хөгжүүлэх тал дээр ёстой анхаарч ажилладаг. Ядаж л нэг хөгжмийн зэмсэг мэддэг, нэг аяыг сайхан тоглодог, харагдаж байгаа зүйлийг дагаад зурчихдаг байхыг л хүүхдүүдээсээ хүсдэг.Үүнийг нь ч бүх талаар нь дэмждэг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Хөдөлмөрлөж хийж чадаж л байвал бүх зүйлс болдог шүү дээ.

Хүүхдүүдээ ямар хүн болж төлөвшүүлэхийг хүсдэг вэ?

Цэгцтэй, цаг барьдаг, хариуцлагатай  хүн байгаасай л гэж хүсдэг. Өөрийн ажил, хувийн амьдрал хоёроо үргэлж зохицуулдаг ямар ч зүйлийг цаг тухайд нь хийдэг байх нь хувь хүний хамгийн сайхан чанар шүү дээ. Чи  айлын хүн болно.  Би чиний өмнөөс хийж байгаа шиг  хүний хүн чамд хийж өгөхгүй. Танайд хүн очно би яаж ханддаг шиг чи тэдэнд хандах ёстой гэж захидаг. Хүн ороход аяга цай, аяга хоол хийгээд өгдөг хүн чанартай,зөөлөн сэтгэлтэй, авхаалжтай сэргэлэн л хүн болж төлөвшүүлэхийг хүсдэг. Ингэж ч хүмүүжүүлдэг. Мөн хүн битгий дугаарла гэдэг. Хүн өнөөдрийн харагдаж байгаа шиг харагддаггүй. Хүн л бол хүн. Өнөөдөр чи тоохгүй өнгөрөөсөн хүн маргааш чамд туслах ачтан ч болж мэдэх хорвоо шүү дээ.

Та хир  хатуу ээж вэ?

Би их хатуу ээж. Шаардлагыг яс тавина, үгүй дээ л хурдтай хөдлөхийг шаарддаг. Чанга өсгөхийн алдаа гэж байхгүй. Яахав эрсдлээс айдаг болдог гэдэг. Гэхдээ яг таг байх нь хүний хамгийн сайхан чанар. Маргааш хийнэ гэдэг үгэнд дургүй. Би багш хүний хувьд, ээж хүний хувьд нэг зүйлийг их эрхэмлэдэг юм. Миний сургууль дээр хүмүүжүүлж байгаа хүүхдүүд миний гэртээ хүмүүжүүлж байгаа хүүхдүүдийн хүрээлэл юм. Би хүүхдүүдээ ямар нийгэмд ямар, хүмүүстэй амьдруулахыг  хүснэ шавь нараа тийм л хүн бологож төлөвшүүлж, хүмүүжүүлэхийг хичээдэг. Миний шавь нар миний гурван хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах сайхан  нийгмийн бүрдүүлэгч хүчин зүйлс нь  шүү дээ.

Сайн ээж гэж таныхаар ямар байхыг хэлэх вэ?

Үлгэрлэгч л байх ёстой. Өөрөө биеэрээ үлгэрлэж байж өөр шигээ ээж, аавыг бэлтгэж чадна. Өөрөө чадаагүй юм аа хүүхдээсээ нэхэж утгагүй.  

 

Сэтгэгдэл бичих

    • Undrakh
    • 2018-01-25

    Niitleliig unshaad amidraldaa heregjvvleh bodoj vzeh ih zvil bailaa bayarlalaa mundag bagsh shvv

    • Unshigch
    • 2018-01-25

    goy yriltslaga boljee

    • Bayr-otgon
    • 2018-01-24

    Ingej.l hvmvvjvvlj , hvssen zvilrvvgee temvvlj bhad.n tusalj demjij hajuunaas min dem ogj ilvv ih itgeltei bolgoj, bidniig hen henees maan yalgaj haritsaj baigaagvi ooriin hvvhed shigee handaj surgan hvmvvjvvlj chadsan minii mundag bagsh :) tanidaa mash ih bayrladag shuu

    • solongo
    • 2018-01-24

    mundag shuu bagsh mine

    • solongo
    • 2018-01-24

    mundag shuu bagsh mine

arrow icon