Нийтлэл 02 сарын 01, 2018

Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнийг уриалж жагсах эрхтэй хүмүүс та нар биш

Ардчилсан намын эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа, Үндсэн хуулийн өөрчлөлт, татварын өөрчлөлтөөр эсэргүүцлээ илэрхийлж байна.

Харин энэ үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Чуулган хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэхэд Болд гишүүн ард түмэн жагсах нь тодорхой тэмцэнэ гэж ярьж байна. Ингэж ард түмний нэрийг барьж ярих эвгүй шүү дээ. Биднийг та нар чуулганаа хаагаад зугтаах гэж байна гэнэ. Бид зугтах гэсэн юм байхгүй ээ. Угаасаа ч хуулиараа хоёрдугаар сарын 9-нд хаагдана. Хүсвэл ээлжит бус чуулганыг ч зохион байгуулж болно. Би ардчилсан намыханд аль дээрээс л хэлээд байгаа юм. Хэдүүлээ урагшаа харж ярья, өнгөрсөн юмыг ярихаа боль гэж. Анхнаасаа тэр долоон төрлийн татвар нэмэгдэхэд бидэнд 30 гаруй төрлийн авч боломгүй хүнд шаардлагуудыг тавьсан. Тэгээд бид ярилцаж, ярилцаж энэ долоон татвар дээр тохиролцсон. Өнөөдөр гарч байгаа эерэг үр дүнг нь бодлогогүй шийдвэр гэж байна. Харин ч эдийн засгийн бодит боломж үүсээд эргэж ярих боломж үүссэн гэдгийг сайшаах хэрэгтэй. Өмнө нь  гарсан ард түмэнд дарамт болсон шийдвэрүүдийг эргэж хараад засах  боломж бий болж байна гэдэг бага ч гэсэн эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байгаагийн шинж. Нийгэмд үүссэн нөхцөл байдал хаанаас үүссэнийг ард түмэн мэднэ. Ард түмэн шаардлага хүргүүлэх ч эрхтэй бид ч хүлээж авч алдаа оноогоо засна. Гэхдээ чуулганы танхимд суучихаад жагсаал, тэмцэл рүү уруу татаад байдаг юмаа төрийн тэргүүнээс эхлээд болих хэрэгтэй. Бид цөхүүлээ бид одоо босож тэмцэж, зодолдож байдаг цаг биш. Шаардлага тавьдаг тэмцдэг нь хуулийн хүрээнд болдог юм байгаа биз. Миний хувьд өнөөдрийн ХОАТ-ыг бууруулах асуудлыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Жагсаж  цуглах бол Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэний эрх. Ард түмнийг уриалж жагсах эрхтэй хүмүүс та нар биш. Өнөөдөр энэ өнгөрсөн 25 жилийн эрэг шураг гацаад, нийгэм урагiлахаа больж байгааг ойлгож байна.

Нийгэмд үгүйлэгдэж байгаа гуравдагч хүчний орон зай яав ч та нарын орон зай биш.

Баялаг бүтээгчдийг дэмжье гэсэн та нар дэмжсэн үү? Эдийн засаг 17 хувьтай байж байгаад 2016 онд  0 хувьтай болоод, баялаг бүтээгчид хууль хяналтын өмнө өвдөг сөгдөж бүгд шоронд орж байхад та нар хийхгүй яасан юм?  Хөгжлийн банкаар дамжуулан хувааж идсэн нь баялаг дэмжигчдийг дэмжих байсан юм уу? Шударга ёсыг тогтооё гэсэн байна. 

Та нарыг эрх барьж байх үед Монгол улсын хууль хяналтын байгууллага шатрын хүү мэт өмнө чинь өрөөстэй, түүгээрээ дамжуулж та нар байлдаж тоглож байсныг чинь ард түмэн бас мартах болоогүй.

Тиймээс өнөөдөр татвартай холбоотой асуудал яригдах гэж байхад чуулган дээр увайгүй улс төр хийх ёс зүйн эрх та нарт байхгүй. Тиймээс та нар ёс зүйтэй байж, хаврын чуулган өндөрлөх гэж байгаа энэ өдрүүдэд ажил хэрэгч байх хэрэгтэй. Ард түмэн жагсах эрхтэй, хүнд байдалд хүргэсэн хүмүүс ард иргэдийг уриалж авиргүй аашилж болохгүй. Тийм эрх байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд: 60 тэрбумын үр дүнд 65 суудал авсан. Үүний цаана ард түмнийг өдөр болгон хоосон амлалтаараа хуурч, өдөр болгон хийж байгаа алхам бүр нь ард түмнээр тоглосон ийм нөхцөл бадйлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Мафийн бүлэглэл хүнээс мөнгө дээрэмдчихээд чамайг алаагүйн төлөө, чамайг хамгаалахын төлөө гэж ярьдаг. Түүнтэй адилхан МАН-ынхан ард түмний амьдралыг, бизнес эрхлэгчдийг туйлдуулах, ард түмний хагас алхам ухарснаа татвар буурууллаа, тэтгэврийн насыг буурууллаа гэж улаан цайм худлаа ярьж байгаа. Чуулган завсарласан ч ард түмэн байр сууриа илэрхийлэх болно.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нэг шийдвэр гаргачихаад маргааш нь буруу зөв гэж ярьж буцаадаг ийм тогтворгүй бодлоготой төр удаан хол явахгүй. Тийм учраас шийдэж байгаа асуудлаар Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байна. Зөвхөн ХАОАТ, Нийгмийн даатгалын насны асуудал биш ер нь нэмэх гэж байгаа 9 төрлийн татварыг аль нь зөв, аль нь бурууг хэлэлцэж татвар нэмэх нь зөв юм уу? буруу юм уу? гэдэг асуудлаа ярихгүй юм уу? ОУВС гэдэг хадны мангаа урдаа барьчихаад ингэж шаардсан гээд яриад байж болж байгаа юм уу? Бид өнөөдөр Үндсэн хуультай тусгаар тогтносон улс. Гэтэл өнөөдөр ОУВС гээд мөнгөтэй улсуудын байгуулсан сангийн дохио заавраар хөдөлж байдаг энэ байдлаа хэзээ болих юм бэ?

Нэртэйгээр нь Монгол төрийнхөө тамгыг ОУВС-ийн даргад нь шилжүүлээд өгчихмөөр юм. Тусгаар улс мөн юм бол бодлогоо бие дааж явуул.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Гишүүдийн ярьж байгаатай санал нийлж байна дундаж давхаргаа анхааралдаа авч тэднийг бэхжүүлэх тал дээр анхаарч, төрийн бодлогоо хандуулах хэрэгтэй.

Энэ ч утгаараа албан татваруудыг нэмэх асуудлыг эргүүлж оруулж боломжоороо шийдэж байгаад талархаж байна. Үүнийг ардчилсан намынхан ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт дундаж давхаргаа бэхжүүлж, нөгөө талаар зорилтот нийгмийн халамж шаардсан хүмүүстэй халамжаа өгөх хэрэгтэй. Эдийн засаг тэлээгүй, ажилгүйдэл өндөр хэвээр байна. Бид эдийн засгийн өсөлтийг иргэд рүү чиглүүлэх тал руу анхаарч ажлын байр бий болгох, хадгалах зэрэг алхамуудыг хийх ёстой. Энэ утгаараа албан татварт орсон өөрчлөлтийг өөрчлөх гээд УИХ Засгийн газар нэг бодлогоор асуудалд хандаж байгааг зөв гэж харж байна. Мөн нэгэнт хүний тухай ярьж байгаа болохоор нэг зүйлийг хэлье. Гадаа идэр есийн хүйтэнд хүүхдүүдийг жагсаалд оруулж байгаа асуудлыг зогсоогооч энэ хууль зөрчиж байгаа бол бид энд анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд  Хууль Зүйн Дотоод Хэргийн сайд Нямдорж энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байх аа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ардчилсан намын нөхдүүдийн яриаг сонслоо. Валютын сангаас зээл авах буруу, бага хүүтэй зээл авах буруу гээд байх юм. Энэ чинь өөх өгсөн хүнд өглөө босоод заргалдаж байгаа хэрэг л болж байна.

Монгол улсын гадаад өр 2012 онд 3,7 их наяд байсан 2016 онд 4 жилийн дотор 22,3 их наядаар нэмэгдсэн энэ их өрийг хэн тавьсан юм.

Эдийн засаг хэний засаглалын үед ийм болсон юм гэдгийг бодох хэрэгтэй энэ ардчилсан намын нөхдүүд. Монгол улсын гадаад өр 18 хувийн хүүтэй валютын зээл авсан. Үүнийг 0.2 хувиар урт хугацааны эхний 5-40 жилдээ үндсэн зээлээс чөлөөлөгдөх ийм зээлийг яагаад эсэргүүцээд байгаа юм. Бас болоогүй архи тамхины татвар буулга, архи тамхийг чинь ард түмэн хэрэглэдэг юм гэнэ үү. Тэгээд Монгол улс чинь татваргүй юун дээр тогтох юм. Угаасаа архи тамхи, алтны татварыг нэмэх хэрэгтэй. Ер нь ардчилалын буянаар хагартлаа баяжсан энэ нөхдүүд жагсаал хийнэ гэж юу байдаг юм. Өнөөдөр Монгол улсын ард иргэдийг хөр цасны хүйтэнд босгож тэмцэж жагсаал цуглаанд уруу татаж өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ашиглаж байна. Жагсаал дууссаны дараа энэ нөхдүүд хаус руугаа явна, ордныхоо өрөө рүү явна. Ард түмэн байсан байрандаа л үлдэнэ. Өнөөдөр Монгол улсын төр засаг тогтвортой байж ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй чухал цаг үед ард иргэдийг өнгөт хувьсгал руу турхирч нийгмийг эмх замбараагүй байдал руу турхирч болохгүй.

 

 

Сэтгэгдэл бичих

    • СОНГОГЧ
    • 2018-02-01

    ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ МАН - ЫН ЛУЙВАРЧИД ДАВХАР ДЭЭЛ НӨМГӨН ӨМСӨӨД Л , ХАР МАШИН ШАТААГААД Л... ХОНХНЫ ДУУ ТАВЬЧИХСАН ГУДАМЖААР ОРИЛООД ЯВСАНАА МАРТЧИХСАН ... ЗАГАСНЫ ОЙТОЙ ЛУЙВАРЧИД ШҮҮ !!! ЭРДЭНЭТИЙН 51%- Г БАРЬЦААЛСАН ЛУЙВАРЧИД ХААНА ЯВНАА ХАЯНХИРВАА ХУЛГАЙЧАА !!!!

arrow icon