Криптовалют гэдэг нь криптографаар мэдээлэл нь нууцлагдсан, компьютерийн сүлжээнд оршдог, аливаа нэгэн улсын төв банкны удирдлаган дор ажилладаггүй “чөлөөт” валютыг нэрлэдэг.
Хамгийн олонд танигдсан нь та бидний сүүлийн үед ихээр сонсох болсон биткойн.
Өнгөрсөн 2017 он бол криптовалютын хуьд гайхамшигт өсөлтийн жил байлаа. 2017 оны эхнээс эцэс хүртэл биткойн 1,200%, etherium 6,300%, ripple 33,000% өсч, хүн болгон л криптовалют гэх энэхүү секси зүйл рүү хошуурч, нэг шөнийн дотор тэрбумтангууд олноороо төрсөн жил боллоо.
Төрөл нь ч 1,400 давж, өөр өөрсдийн онцлог шинж чанар бүхий криптовалютууд шинээр төрөн гарсаар… (Хүснэгт 1.)
Тэр ч бүү хэл зарим улсын төв банкнууд дижитал мөнгөн тэмдэгт гаргахаар ажиллаж байна. Жишээлбэл, Швед улс дижитал и-крона гэгдэх албан ёсны дижитал мөнгөн тэмдэгтээ гаргахаар зарласан.
Эдийн засаг нь гүн хямралд орж, өндөр инфляцид дарлуулж буй Вэнэсуэлийн ерөнхийлөгч ч мөн адил дижитал мөнгөн тэмдэгт шинээр гаргахаа олон нийтэд зарлаад байна. Хятад, Орос, Энэтхэг, Африкын төв банкнууд албан ёсны дижитал мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэхээр судалгаагаа эхлүүлсэн. Япон улс гэхэд л 2017 оны 4 сард төлбөр тооцоо хийх тухай хууль шинэчилэгдэн батлагдаж, криптовалютыг албан ёсоор “төлбөр тооцооны хэрэгсэл” гэж үзэн, криптовалютын хөрөнгө биржийг бүртгэлийн системд оруулан, харилцагчийн хөрөнгийг тусад нь удирдахыг үүрэг болгов. АНУ-д биткойны опционы худалдааг эхлүүлж, хувь хүмүүс ихээр тоглодог байсан криптовалютын орон зайд том хөрөнгө оруулалтын сангууд тоглогчоор орж ирэх эхлэл тавигдлаа.
Сүүлийн үед компаниуд хувьцаа болон бонд гарган хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгохоос илүүтэйгээр өөрсдөө крипто зоос гарган, хөрөнгө татах (Initial Coin Offering=ICO) нь түгээмэл боллоо.
ICO нь компани “токен” гэгдэх дижитал эрхийн бичгийг гарган, интэрнэтээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө татах зарчим.
Хөрөнгө оруулагч нар ихэвчлэн биткойн зэрэг криптовалют ашиглан токен худалдаж авч, хөрөнгө оруулалт хийнэ. Токен нь криптовалютын хөрөнгийн бирж дээр олон нийтэд арилжаалагдснаар хөрөнгө оруулагч нар өөр хоорондоо авч, зарах боломжтой болно. Хувьцаа, бонд гаргахад олон жил шаардагдах ч, ICO хийхэд ердөө 3 сар орчим л хугацаа шаарддагаараа бизнес эрхлэгчидэд тун давуу тал болж байгаа юм.
IPO хийснээр олон төрлийн тайлан гаргах хэрэгтэй бол, ICO-д тун цөөхөн тайлан хэрэг болдог. (Хүснэгт 2. Болон хүснэгт 3.)
2017 оны байдлаар ICO-р дэлхийн хэмжээнд нийтдээ 1.6 тэрбум ам.долларын хөрөнгийг амжилттай татсан байна.
(График 1.)
Хэдийгээр криптовалют нь шинэ төлбөр тооцооны хэрэгсэл, хөрөнгө оруулалт, хөрөнгө татах зэргээр дэлхий дахины анхаарлын төвд орсон ч, нууцлал өндрийн улмаас мөнгө угаалт, хүний наймаа, хар тамхи, терроризмын үйл ажиллагаанд ихээр ашиглагдаж буй тул дэлхийн улс орнуудын төр, засгийн байгууллагуудаас зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болж байна. Түүнчлэн криптовалютуудын ханш нь тогтмол биш байнгын огцом хэлбэлзэлтэй тул санхүүгийн секторын аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрхзүйн зохицуулалт дутагдаж, улс орнууд төрөл бүрийн арга хэмжээг эхнээсээ авч эхэллээ.
(Хүснэгт 4.) Тиймээс ч, 2018 он гараад криптовалютууд шил дарааллан огцом уналтыг үзүүлээд байна. Солонгос улс гэхэд л криптовалютын хөрөнгө биржийн үйл ажиллагааг хориглох, Бразил улс хөрөнгө оруулалтын сангуудыг криптовалютад хөрөнгө оруулахыг хориглож эхэллээ.
АНУ интернэтээр хийгдэж буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох цахим мэргэжилтэнгүүдийг 2017 оны 9 сараас эхлэн ажиллуулж, криптовалютын орчинг анхааралтай ажиглаж эхэллээ. Хятад болон Солонгос улс ICO хийн хөрөнгө татахыг ч хориглоод авлаа. Энэ оны 3 сард болох Их-20 уулзалтаар ICO-той холбоотой нэгдсэн журам гаргахаар улс орны сангийн яам, төв банкнууд ажиллаж байна.
Ердөө долоохон хоногийн өмнө, Coincheck хэмээх криптовалютын хөрөнгө бирж 58 тэрбум иентэй тэнцэхүйц хэмжээний NEM (New Economy Movement) криптовалютыг алдсанаа зарласан.
Японы Санхүүгийн Үйлчилгээний агентлаг (Монголынхоор бол Санхүүгийн Зохицуулах Хороо), Цагдаагийн газраас уг хэрэгтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Энэхүү хэрэг нь криптовалютын салбарынхан хэрхэн харилцагчийн хөрөнгийг удирдаж буйг тод харуулсан хэрэг боллоо. Үнийн зөрүүнээс ашиг олохыг чухалчилж, харилцагч нарынхаа эрх ашгийг хамгаалахыг хоёрдугаарт тавьсан энэ жишээ бидэнд маш том сургамж болж байна. Тус хөрөнгийн бирж нь харилцагчийн хөрөнгийг тус тусад нь удирдан, интэрнэт сүлжээнд биш, аюулгүй орчинд хадгалах ёстой (Gold wallet) гэсэн энгийн хакерын эсрэг авах арга хэмжээг аваагүй нь харилцагчийн хөрөнгийг алдсан хамгийн том шалтгаан. Санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг уламжлалт хөрөнгийн бирж, FX арилжаа хийдэг компаниуд харилцагчийн хөрөнгийг тусгаарлан удирдан, өөр дансанд байршуулдаг. Ингэснээр тухайн хөрөнгийн бирж дампуурахад харилцагчийн хөрөнгө өөр дансанд байгаа тул хөрөнгө нь хамгаалдагдах юм. Харилцагчийн хөрөнгийг буцаан төлөх чадваргүй байсан ч, тодорхой хэмжээ хүртэлх хөрөнгийг хамтын даатгалаас гаргах систем бүрдсэн байдаг. Харамсалтай нь энэхүү наад захын харилцагчийн хөрөнгийг хамгаалах тогтолцоо криптовалютын ертөнцөд хараахан жигдэрч амжаагүй байна.
Уншигч та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан сүүлийн үед олны анхаарлын төвд буй криптовалютын орчинд болж буй чухал үйл явдлуудыг нэгтгэлээ.
Аливаа зүйлийн үнэ ямагт өсөөд байна гэж байхгүй, хаа нэг цэгт хүрээд унаж л таарна. Үнэ нь өсдөг юм гээд хошуураад байлгүй тухайн хөрөнгө оруулж буй зүйлийнхээ эрсдлийг сайтар тооцоолох хэрэгтэйг үүнд дахин сануулъя.
Аливаа хөрөнгө оруулалтыг өөрийн хариуцлагын үндсэн дээрээс хийх гэдэг хөрөнгө оруулалтын чухал ойлголт байдаг тул уншигч та бүхэн хэрвээ криптовалютын ертөнцөд ямар нэгэн байдлаар хөл тавих гэж буй бол тухайн орон нутгийн хууль, эрхзүйн зохицуулалт, хөрөнгийн биржийн мэдээллийн аюулгүй байдал, харилцагчийн хөрөнгийг хэрхэн хамгаалах талаар сайтар судалж үзсэний үндсэн дээрээс орохыг хүсч байна. Байгалийн шалгарлаар хувьсан өөрчилөгддөг шиг криптовалют зөв хууль, эрхзүйн орчны дор зохицуулагдаж чадвал криптовалютын хэрэглээ улам л ихэсч, бидний өдөр тутмын амьдралын нэгэн салшгүй хэсэг болох биз.
О.Баярсайхан
2018.02.04
Ашигласан материал: Nikkei, World Business Capital
Unaad bur hetsuuded bhad hudalaa reklamdaal hehe. Sain sudalj baij avaarai daraa n iim tiim gd orilood tur zasagaasaa nehevdee