Нийтлэл 02 сарын 08, 2018

Аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.


Төрийн аудитын тухай хуульд зааснаар төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаардаг бөгөөд төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ. Төрийн тусгай албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тогтооно гэж заасан боловч төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нэмэгдлийг хууль тогтоомжоор тусгайлан зохицуулсан зохицуулалтгүй  байсан. 
Харин төсвийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох юм. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тогтоолд тусгасан аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon