Урлаг дор мөргөмү! Нэг кино үзээд ёстой нэг мөргөмөөр болов . Мөргөлийн оронд нэг сэтгэгдэл хуваалцъя, V for Vendetta киноны тухай.
Уг киног үзээгүй уншигчдад зориулан товч тоймловол ирээдүйн Англид нэг багтай нөхөр фашист засгийн газар, эрх мэдэлтэй нөхдөөс өшөө авдаг. Английг фашист дэглэмд орсон байгаагаар төсөөлсөн фантааз кино гэсэн үг. Зураг авалт, дүрслэлийн хувьд киноны туршид маскаа тайлдаггүй гол дүрийн баатрын сэтгэл мэдрэмжийг хөгжим, гэрэл сүүдэр, өнгөөр илэрхийлсэн хагас комик ч юм шиг зураглалтай. Багаа тайлж нүүрээ харуулдаггүй нь хувь хүнээс илүү идей, бэлэг тэмдэг, үзэлсанааг илэрхийлж байгаа учраас гэж тайлж болно. Эхлэхдээ ч, киноны туршид ч үг хэл үзэл санаа ямар хүчирхэг, ямар чухлыг давтан өгүүлнэ.
“Идей үлдэж, хүн мартагддаг. Учир нь хүн алдаж болно, хүн баригдаж, хүн хорлогдож, хүн мартагдаж мэднэ, харин үзэл санаа бол 400 жилийн дараа ч дэлхий ертөнцийг өөрчлөн хувьсгаж чадна.”
“Энэ багийн дор арьс махнаас илүү юм бий, энэ багийн цаана үзэл санаа бий. Үзэл санаа чинь сум нэвтэрдэггүй юм.”
“Харилцан ярилцахын оронд бороохой хэрэглэж болно, гэхдээ үг хэзээ ч хүчээ алдахгүй. Үг утга санааны багаж болно, үнэхээр сонсож чаддаг нэгэнд нь бол үнэний тунхаг ч болно”.
Энэ утгаараа юу ярьж байгаагаас илүү хэн ярьж байгааг, хүний нүүр харах гээд байдаг манайхны хувьд тэр тусмаа сонирхолтой. Дорд ухаан хүн, дунд ухаан үйл явдал, их ухаан үзэл санаа ярьдаг гэдэг дээ.
Тэгээд тэр багийн цаана хэн байгаагаас илүүтэй үйл хэрэг, үзэл санаа талаас нь ойлгохын тулд Жорж Орвеллын алдарт 1984 зохиолын тухай ойлголт хэрэгтэй болж ирнэ. Их гоё урлаг, сайн агуулгын зовлон эндээ байдаг. Олон сайн зохиол, үнэлэмж, ойлголтуудыг давхарлаж барьсан байшин шиг урлаг, утга зохиолын суурь мэдлэгийн шатаар авирч байж ойлгодог .
Жорж Орвеллын 1984-ын хувьд коммунизмын хамгийн энэрэлгүй шүүмж фантаазын нэг гэдгийг бид мэднэ. 1949 онд бичигдсэн уг зохиол авторитар төр, нэг хүнийг тахин шүтэх, хэл ба сэтгэлгээний дарангуйллын гамшгийг залуу хосын хамгийн нандин хувийн харилцааны сүйрлээр дамжуулан хязгаарт тавьж үзүүлсэн сод бүтээл юм.
Дарангуйлагч том ах том дэлгэцээр пропоганда цацдаг, гол дүрүүдийг хувийн үзэл санааных нь төлөө шоронд тамладаг гэх мэтээр V for Vendetta киноны олон үзэгдэл 1984-тэй давхацна. Гэхдээ яг гол утга санаан дээрээ ирээд 1984-өөс зам сална. Чухам тэгж салгахын тулд л өөр шинэ зохиол бичиж болох байтал зориуд тэрхүү алдарт зохиолын ерөнхий тавил, найруулгыг нь аваа юу гэлтэй. Ямар утга агуулга дээр зам салж байгааг харахын тулд эхлээд 1984-өөс нэг яриа эшлье. Гол дүрийн хос Уинстон, Жулиа хоёр засгийн газрын дүрэм зөрчиж нууцаар уулзаж байхдаа хэрвээ баригдвал юу болох тухай ярилцдаг хэсгээс:
Уинстон: Хэргээ хүлээлээ гээд урвалт биш. Юу хэлж, юу хийж байгаагаас илүү юу мэдэрч байгаа чинь чухал. Тэд намайг чамд хайргүй болгож дөнгөвөл тэр чинь л жинхэнэ урвалт.
Жулиа: Тэд тэгж чадахгүй ээ, ганц чадахгүй юм нь тэр. Юу хүссэнээ хэлүүлж болно, гэхдээ тэрэндээ итгүүлж чадахгүй. Тэд дотор чинь орж чадахгүй.
Ийнхүү гаднаа ямар ч эрүү шүүлтээр оруулсан бай сэтгэл доторх итгэл, хайрыг нь авч чадахгүй гэж ярилцаж байсан хос баригдаад зүйл бүрээр тамлагдсаны эцэст бууж өгдөг. Сэтгэл мэдрэмжээрээ, итгэл үнэмшлээрээ ялагдал хүлээнэ. Уинстоны хайртай хүнээ хайрлах сэтгэл том ах, дарангуйлагчаараа бахархах, омогших мэдрэмжээр солигдож баярын нулимс унагаад төгсөнө. “Дайснаа зүгээр ч нэг бут цохидоггүй, харин өөртөө дурлуулж өөрчилдөг” системийн онцлогийг ийнхүү хүний амьдралын хамгийн гол цөмд зураглаж, дурлалыг нийгэмчилж үзүүлсэнд Орвеллын суу билэг оршино. Гэхдээ л нэг гуниг биз? Үнэхээр хүн гэдэг эрүү шүүлттэй тулах л юм бол бүх үнэт зүйлээ, хайр сэтгэлээ, итгэл үнэмшлээ өгөөд нам, нийгэм гэдэг бүхэллэгийн бусдаас ялгарахгүй эрэг шураг болоод дуусдаг гэж үү? Бид тийм амьтад юм уу? Хүний сонголт хийх эрхчөлөө хаана, хэзээ дуусдаг юм бэ? Ер нь анхнаасаа тийм эрхчөлөө байдаг юм уу? Бид эрхчөлөөтэй юу? Хүн гэж ер нь юу юм бэ?
Энэ асуултад V for Vendetta кино Орвеллоос яг эсрэг тэсрэг хариулт өгнө. Киноны эмэгтэй гол дүр Иви 1984 зохиолын Жулиа шиг эрүү шүүлтээр ордог. Багтай эсэргүүний тухай мэдээлэл өгвөл амь хэлтрэх боломж өгдөг ч тэрээр үхлийг сонгоно. Үхлийг сонгох гэх үү, үнэт зүйл, ёс суртахууныг аминаас дээр эрэмбэлэх аймшиггүй, эр зоригтой эрхчөлөөний хязгаарт тэр очиж чаддаг. Мянга мянган жилийн өмнөөс үе үеийн сэтгэгчид, философичид асуусаар ирсэн “хүнд сонголт хийх эрхчөлөө бий юу?” гэсэн асуултад Натали Портманы гайхалтай амьд, хөндүүр жүжиглэлт хамгийн ойлгомжтой, хурц тодорхой хариулт гаргаж өгнө: Хүмүүнд эрх чөлөө бий !
Натали Портманы жүжиглэлтээс гадна хэл бичгийн хувьд үнэхээр өндөр түвшний кино гэдгийг олон яриа, өгүүлэмжээс нь харж болно. Ер нь сайн киноны нэг шинж тэр бөлгөө. Бараг шүлэг шиг, өгүүллэг шиг чанартай өгүүлэмжүүд бүхий, харилцан ярианд нь л хүний амьдрал, дэлхий ертөнцийн тухай философи шингээсэн байдаг. Уг киноны хувьд эсэргүү Ви-гийн монолог, Ивигийн шоронд уншиж буй захиа гэх мэтэд олон сонгодог зохиол, эрхчөлөөний тухай өрнийн философичдын үзэл санаанаас сорчилж шингээжээ. Жишээ нь Ивиг шоронгийн өрөөнд тарчилж байхад нөгөө өрөөний жижигхэн нүхээр хуйлаатай захиа дамжуулна. Ердөө лесби байсныхаа төлөө шоронд нас барсан үл таних бүсгүйгээс үлдсэн уг захиа хүний оюусанаа, эрхчөлөөний тухай хүнд хүнд техникийн хэлээр бичигдэж ирсэн философийг дэлгэцийн урлагт уран зохиолын хэлээр хүүрнэн өгүүлнэ.
“
Бид өөрөө өөртөө үнэнч байх сонголтоо дэндүү хямдхан зарчихдаг, яг үнэндээ тэр сонголт чинь л бидэнд байгаа хамгийн үнэтэй юм
. Тэр сонголт бидний хамгийн сүүлчийн төө газар бий ...гэхдээ тэр ганц төө дотор бид эрхчөлөөтэй.”
Тэр ганц төө дотор бид эрх чөлөөтэй! Ямар төөг хэлээд байна вэ? Ер нь өөрөө өөртөө үнэнч байх сонголт гэж юу билээ? Цагаан сарын гурилаар, авилгын арав таван цаасаар, хаалтын гэрээгээр ирээдүйгээ зарж идээд дэндүү удсан нийгэмд сүүлчийн ганц төө, эрхчөлөөний үнэ цэнэ, үнэт зүйл үзэл бодолтой оюунт хүн байхын утга учрыг санаж үлдсэн хүн байна уу? Мартагдсаныг санаж болно. Нойрноос сэрж болно. Мартсаныг сануулах, унтсаныг сэрээх нь үг хэлний үүрэг. Түүнээс ч өргөн фронтоор сэрэл мэдрэмж түгээж ангижруулж, чөлөөлж өгөх нь V for Vendetta шиг сайн урлагийн чадал юм уу даа. Энэ зуур дээр дурдсан сүүлчийн ганц төөний тухай зарим философичдын үзэл санаа руу далийя.
Сүүлчийн ганц төө
Хувьдаа дураараа хийж байгаа тайлал боловч дээр дурдагдсан сүүлчийн төөг хүний амь гэж ойлгож бараг болно. Хүнд амиа өгөөд ч болов үнэт зүйлээ сонгох чадвар байдаг, энэ л эрдэнэт хүнийг үржих, амьд үлдэхийн араас явдаг адгууснаас ялгадаг. Хүнд шунал байдаг бол хамгийн том, хамгийн үндсэн шунал нь амьд үлдэх. Үүнийхээ эсрэг зогсох чадвар үнэхээр хүнд байдаг бол түүнээс том эрхчөлөө, үүнээс том dignity эрхэм чанар гэж үгүй.
Америкийн улстөр судлаач, философич Франсис Фүкүяма “Түүхийн Төгсгөл ба Сүүлчийн Хүн” хэмээх нэрд гарсан номдоо энэ эрхэм чанарын тухай Хегель, Ницшегийн философиос маш дэлгэрэнгүй өгүүлдэг. Хүйтэн дайн төгсөж, ар араасаа ардчилсан орнууд мэндэлж асан 1990-өөд оны эхэн үеэр бичигдсэн уг номд үнэн хэрэгтээ өнөөгийн либерал гэгдэх тогтолцоо хүнийг чөлөөлөхөөс илүүтэй тав тух, эдийн засгийн ашиг, аюулгүй байдлын төлөө өөрийнхөө бүх төөг зарж дуусах “сүүлчийн хүн”-ийг төрүүлж байгаа тухай гарна. “Сүүлчийн хүн” гэдэг нь товчдоо зурагтын удирдлагаа бариад захиалсан пиззаны захаа зажлаад диван дээрээ хэвтэж буй та мөн.
Ницшегийн Заратустра бол энэ сүүлчийн хүний элэглэл. Сүүлчийн хүнд нэр төр, хүндлэл, их үйл хэргийн төлөө хүнд бэрхийг үүрэх зангараг байхгүй. Тэгээд нэр төрийн төлөө амиа өгөхөөс буцаагүй “анхны хүн” хаачив? Хүн гэмээ нь нэр төрийн биш тав тух, амиа хоохойлох шуналтай эдийн засгийн амьтан ба хүний байгуулсан нийгмийг ч тэдгээр зүйлсээ гартаа хийхийн төлөөх харилцан ашигтай гэрээ гэж үзэх сэтгэлгээ даяарчлагдахын хэрээр анхны хүн устаж алга болжээ. Бидний өнөөгийн амьдрал бол Ивигийн амиа золихоос айгаагүй тэр эрхчөлөөний нөгөө туйл мөн. Амь тордох тав тух, аюулгүй байдлын эрэл эцэс төгсгөлгүй. Дэлхийн нөөц эрчим хүчний хэрэглээг гүйцэхгүй байхад дулаан нойл дээр бөгсөө тавихын төлөө суултуур халаана, энэ их гоё жишээ. Манайд бол суудал нь халдаг дулаан жийпэнд сууна, дулаан жийпэнд суухын тулд үр хүүхдийнхээ маргаашийг зарна, нэр төрөө зарна, зарж болох бүх юмыг эх орноо ирээдүйтэй нь зарна. Утсан чинээ улаан амиа булгаар, жиипээр, алтаар, смарт утсаар чимэглэхийн тулд эрдэнэт хүний өгөгдөл оюун санаа, үнэт зүйл үрж зарж болох бүхнээ зарна. Хүнийг шуналт амьтан гэж үзэх үзэл хандлагын төлбөр нь ийм юм. Бид шуналт амьтны хувиар амьдарч, хамгийн том шунал болох амьдрал, үржил, амиа хадгалах зөнгийн төлөө бүхнээ зарж явна.
Уг нь Монголын түүх өөрийн Иви, анхны хүний түүхээр баян. Цаас тээдэггүй үг цээжилсэн элч нууцыг задруулахгүй тулд амиа тэвчдэг байсан тийм түүхтэй. Манжид цааз авахуулах эрсдэлийг мэдсээр байж босогсод, 1911 оны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн сэхээтнүүд... эх орон, нэр төрийг аминаас дээр эрэмбэлдэг үл айдас, эр зоригийн түүхээр арвин, тиймдээ ч өнөөдрийн амиа тордох их арилжаанд долоо худалдаж идэхээр агуу түүхтэй тийм орон. Тийм баатруудын үр сад өнөөдөр их өөр болжээ. Амьд үлдэх нь хүний заяагдмал эрх гэдэгтэй санал нийлэхийн хувьд амины золио хүсээд байгаа юм биш. Гэхдээ үнэт зүйлийн төлөө амиа золих, амь байтугай бөгсөө дулаан байлгахын тулд үнэт зүйлээ золих энэ хоёр хязгаар, хоёр туйлын дунд асар хол зай, асар өргөн чөлөө бий. Энэ дунд тодорхой хэмжээнд амь тордох шунал, хүслээ золионд өгөөд эх орон, элэг нэгт хүн ард, үр хүүхдийнхээ маргаашийн төлөө өөрөөр амьдрах эрх чөлөө бидэнд бүгдэд нь бий. Энэ эрх чөлөөг уландаа гишгэж, уландаа гишгэх улстөрийн зорилгоор гурил тарааж, тараасанд нь уурлах тэнхээгүй болтлоо ягтаад байгаа нь их гүрний үргэлжлэл болохын хувьд энэ үндэстний хамгийн том гуниг мөн. Анхны монгол хүн ийм байгаагүй.
Эрх чөлөөний нөгөө талд айдас байдаг. Амь хамгаалдаг хамгийн суурь мэдрэмж бол айдас юм.
Амьсгалаар нь, хөрсөөр нь, аюулгүй байдлаар нь монгол хүний амьд явах эрхээс атга чимхээр хулгайлсаар өнөөдүүл нь аймхай болжээ. Энэ их угаар, бохирдол, гэмт хэрэг, хэрэглээний солиорол, хаос дунд монгол хүн өлсөхөөс, даарахаас, бусдаас дутуу харагдахаас айж сүүлчийн хүн хүндээ хамгийн арчаагүй, хямдхан сүрэг болж. Дээр авсан киноны эшлэлээ бүтнээр нь бичье.
“Харилцан ярилцахын оронд бороохой хэрэглэж болно, гэхдээ үг хэзээ ч хүчээ алдахгүй. Үг утга санааны багаж болно, үнэхээр сонсож чаддаг нэгэнд нь бол үнэний тунхаг ч болно. Тэгээд яг үнэн гэвэл энэ улс сүйрлийн ирмэг дээр байна, худлаа гэж үү? Харгислал, шударга бус, үл хүлцэл, дарамт. Уг нь эсэргүүцэх, бодох, ярих эрх чөлөө байсан газар цензур, дагаж мөрдөх тулгалт, захиргаадалт бий болж. Яагаад ийм болов? Хэн буруутай вэ? Нэг нь нөгөөгөөсөө илүү буруутай нь мэдээж хэрэг, гэхдээ дахиад нэг үнэнийг хэлэхэд хэрвээ буруутан хайж байгаа бол толинд харах хэрэгтэй. Яагаад харсныг чинь мэдэж байна, айдастай байсныг чинь ойлгож байна. Хэн айхгүй гэж? Дайн, өвчин, аймшиг. Үй олон асуудлаар учир шалтгаан, эрүүл ухааныг чинь дээрэмдсэн. ”
Ард иргэдийн дунд айдас хаяж, амиа хамгаалах зөнгөө дагаад сүүлчийн ганц эрхчөлөөний төөгөө ч тавьж туумагц нь хүссэнээрээ засагладаг танил техник. V for Vendetta дээр бол аливааг хязгаарт нь үзүүлж буй чөлөөт урлаг учраас засгийн газар биохимийн туршилт гэх мэт аймшигтай туршилтууд иргэд дээрээ хийж айдас үүсгэж байгаагаар гарна. Бидний бодит амьдралд үүний их бага хувилбарууд туршигдаж, бид мөнөөх их гүрэн, эзэн Чингисээс өвлөсөн бардамнал, анхны монгол хүний жудаг, үнэт зүйлээ айдаст мэрүүлсээр өнөөг хүрэв. Гэхдээ л чи эрхчөлөөт хүн. Чамд өөрөө өөртөө үнэнч үлдэх сонголт хэзээд бий. Хамгийн сүүлчийн төө дээр чинь чамайг шалгадаг хэцүү сонголт. Гэхдээ л чамд байгаа хамгийн үнэтэй юм. С.Зориг агсан монгол хүний саруул ухаанд итгэл дайсан нь энэ ганц төөнд тавьсан мөрий гэлтэй. Үүнийгээ бөөндөж нэг, жижиглэж нэг зарж төлбөрт нь бүгд нэг хэв маягтай амьдарч яваа хүн сүрэг болсон хэрнээ бид Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийг шоолохтойгоо болжээ. Буу тулгуулсан эрхчөлөөгүйдэл, хэнд ч буу тулгуулаагүй эрхчөлөөтэй байж түүнийгээ зарах хоёрын сүүлийнх нь хавьгүй том гутамшиг бус уу?
“Үг утга санаа илэрхийлэх багаж болно, үнэхээр сонсож чаддаг нэгэнд нь бол үнэний тунхаг ч болно. Тэгээд яг үнэн гэвэл энэ улс сүйрлийн ирмэг дээр байна, худлаа гэж үү?”
Үүний буруутан нь тэгээд хэн бэ? Толинд хар. Их урлаг толь болно. V for Vendetta киног үз, харилцан яриаг нь сайн сонс. Амь нэхэх байтугай хөгжсөн улсын залуусын хэмжээнд ч хатуу ширүүнийг тулгадаггүй уян соёл, асар их боломж, энх тайвны оронд оюунт хүний хувьд сүүлчийн ганц төөгөө ч бусдад зарж яваа нь хэн болохыг чамд ойлгуулж өгнө. Телевизүүд текстийнх нь чанарыг муутгалгүй шиг орчуулаад өргөнөөр цац. Харин үзчихээд угийн нурах шахаж байгаа ордноо дэлбэлж баллав даа.