Би нийслэл хүү. Бүр жинхэнэ утгаараа. Манай аав ээж, өвөө эмээ, бүр тэдний эцэг эх бүгд хүрээнийх. Баабар абугай нэгэнтээ "Монголд хотын хүн гэж байхгүй" гэж хэлсэн байдаг тул хотын гэдэг үгнээс зайлсхийлээ. Гэхдээ нийслэл хүү гэж хэлж бол болох байх.
Яагаад гэвэл Алтан тэвшийн хөндий сүүлийн 300 гаруй жил эрх чөлөөт ч бай, вассаль ч бай Монгол улсын, ерөөс Монгол угсаатны нийслэл байсаар ирсэн. Ардчилалтай хөл нийлүүлсэн анхны жилүүдэд аймгийн төвүүд, томоохон суурингуудын хотын статусыг хуулийн дагуу үгүй хийсэн тул Монгол улсын албан ёсны цорын ганц хот Улаанбаатар болсон. Тийм ч учраас нэгд нийслэл, хоёрт хот тул Улаанбаатарыг зорих "ардын хөл" татрах байтугай улам нэмэгдээд байна.
Нэмэгдэх ч яахав, онцын асуудал биш. Тэгээд ч хэдүүлхнээ байж хөгжил бараадаж ирсэн цөөхөн Монголчуудаа ад үзэх нь яав ч зөв зүйл биш. Харин угаасаа, удмаараа нийслэл хүү миний хувьд ирсэн болгон нь хотын төв рүү, нэг дор зүтгээд байгаа нь таалагдахгүй байна. Ялангуяа шинээр нэг ч төрөх эмнэлэг бариагүй мөртлөө үй түмэн түрээсийн барилга, том том их дэлгүүрүүд, ланжгар занзгар үйлчилгээний төвүүд үүд хаалгаа нээгээд байгаа нь бүр таалагдахгүй байна.
Уг нь би эдийн засагч, зах зээл судлаач хүн. Бизнес, хувийн хэвшил гэдгийг бүх талаараа дэмждэг, хэр чадлаараа л энэ салбарт зүтгэж, тэр зүтгэлээрээ эх орондоо бага ч атугай хэрэгтэй зүйл хийж бүтээж байгаа хүн. Гэлээ гэхдээ хүн амын өсөлттэй хамаатай нийгмийн ажил нэгээхэн ч хийгдэхгүй байгааг харахаар нүд хорсоод, хэл загатнаад байх юм
.
Өч төчнөөн хувийн эмнэлэг, түг түмэн хувийн сургуулиуд, олон мянган орон сууц баригдаж байнаа, гоё байна. Улаанбаатар жинхэнэ утгаараа, үнэн "лайтай" хөгжиж байна. Гэлээ гэхдээ энэ чинь хүн амын 65%-ийг бүрдүүлж байгаа энгийн иргэдэд зориулагдаагүй. Хөгжил дэвшил бараадаж, суурин иргэншлийг зорьж ирсэн иргэд үүнийг чинь худалдаж авч дийлэхгүй. Харин хүн амын 25%-ийг бүрдүүлж байгаа ядуус тэр хотын төвийн гоё сайхныг чинь мэдрэхгүй, мэдрэхгүй учраас хүндлэхгүй, хүндлэх байтугай атаархан хорсож бухимдана, хорсож байгаа учраас нулимна, баана шээнэ, эвдэлнэ сүйтгэнэ.
Би тэдний зөв гэж хэлэхгүй, өөгшүүлэхгүй. Гэхдээ "мэргэн ухаантнууд" шиг "хөдөөгийнхнийг хотжуулъя, бүдүүлгүүдийг хүмүүжүүлье" гэж худлаа цэцэрхэхгүй.
Бас иргэддээ хандсан "нийгмийн халамж"-аар үйлчилье гэж хадуурахгүй, худал үнэн баахан "проблем" тоочихгүй. Харин төвлөрлийг сааруулъя, хүнгүйдэж байгаа уудам тэнүүн нутгаа "эзэн"-тэй болгоё гэж уриална.
Угаас миний баримталдаг нэг зарчим бол "Шүүмжилж болно. Гэхдээ бүтээлч санаачлагагүй, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлохгүй бол шүүмжлэхээс татгалз". Тийм учраас зүгээр ч нэг уриалахгүй, харин арга зам, шийдлийг нь эрэлхийлнэ. Тэгэхээр миний санаачлага бол "дэс дараалалтай бодлогын хэрэгжилт".
Энэ удаа дэс дараалалтай авч хэрэгжүүлбэл зохих олон асуудал, олон бодлогуудаас "Шинэ нийслэл"-ийн асуудлыг хөндөхөөр шийдлээ.
Улс гүрний нийслэл, "Capital city" гэдэг нь тухайн улс дахь хамгийн том хотын тухай биш, хамгийн гоё хотын тухай бүр ч биш, харин тухайн улсын засаг захиргааны төв хаана байрлаж байгааг л илэрхийлдэг ойлголт.
Энэ тухай маш сайхан нэг жишээ байдаг.
Австрали тив-улс нэгэнтээ аль хотыг нийслэлээ болгох вэ гэдэг асуудал хэлэлцсэн байна. Тэр байтугай, миний сонссоноор бол бүр өрсөлдөөн, уралдаан зарлажээ. Нэр дэвшигчид нь бүх дэлхий сайн мэдэх Мелбурн, Сидней хотууд байв. Эдгээр хотууд нь орчин үеийн, өндөр хөгжсөн, гоёмсог барилгуудтай, том том пүүс компаниудтай, дэлхий нийтийн анхаарлыг татсан, эдийн засаг стратегийн том боломж бүхий хотууд байлаа. Гэвч эцсийн шийд гарахад Австрали улсын нийслэлээр аж үйлдвэр өндөр хөгжсөн Мелбурн биш, худалдаа үйлчилгээ дээд түвшинд байдаг Сидней ч биш, харин тэдгээр аваргуудын дунд даруухнаар, нам гүмхэн оршдог Канберра гэдэг жижигхэн хот тодорчээ.
Шалтгаан нь юунд байв? Магадгүй, эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон пүүс компаниудын шууд нөлөө, санхүүгийн түрэмгийллээс төрийн бодлогыг ангид байлгахын тулд, бас үндэсний аюулгүй байдлын тулд, түүнчлэн тэнцвэрийг хадгалахын тулд ийм сонголтыг хийсэн байх л даа. Ер нь ч улс орнуудыг хараад байхад нийслэлүүд нь ихэвчлэн хувийн хэвшил давамгайлсан, мөнгө санхүүгийн хүч түрэмгийлсэн, эдийн засгийн төвлөрөл болсон газруудаас аль болох зайлсхийсэн маягтай байдаг.
Тэгэхээр улсын нийслэл гэдэг бол ердөө л засаг захиргааны төв байх нь. Монголын хувьд Үндсэн хуулийн цэц нь, УИХ нь, Засгийн газар нь, бүх яамд нь, бүх агентлагууд нь, Монгол банк нь, Дээд шүүх нь, тэгээд хэрэв, өөрсдөө дуртай бол улс төрийн намууд нь, жагсаал цуглаан хийгчид нь дагаад нүүхэд л тэдний буусан газрыг Монгол улсын нийслэл гэж нэрлэхэд болно. Бууриа сахиад үлдэж байгаа Улаанбаатарт бол яахав дээ, хотын захиргааны байгууллагууд нь, пүүс компаниуд нь, хувиараа бизнес эрхлэгчид нь үлддэгээрээ үлдэнэ. Улаанбаатар угаасаа л эдийн засгийн төв хэвээрээ л байх болно.
Улаанбаатарын проблем бол дийлдэхгүй их ээ. Утаатай л гэнэ, түгжрэлтэй л гэнэ, архиддаг л гэнэ, гэмт хэрэгтнүүдийн үүр л гэнэ, ер ярьж барагдахгүй. Шалтгаан нь тодорхой; жижигхэн Монголдоо ахадсан дэндүү олон хүнтэй, аймаар шамбааралдсан, төрийн бодлого, халамж Улаанбаатараас гадуур явдаг
(УИХ-ын гишүүдийн дөнгөж гуравны нэг нь эндээс сонгогдсон), яг үүний эсрэгээр бүх асуудал зөвхөн Улаанбаатарыг л тойроод яригддаг. Утаа улсын асуудал биш, Улаанбаатарын л асуудал. Автобусны билетний үнэ, ард нийтэд хамаагүй ээ, Улаанбаатарын л асуудал. Автозамын түгжрэл автомашин болгонд тулгардаггүй, Улаанбаатарт л тохиолддог.
Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг би "шинэ нийслэл" гэж харж байна. Гэхдээ ерөнхийлөгч шиг юу ч үгүй Хархорин уруу шууд нүүе гэж худлаа "хошгоруулах"-гүй. Харин юм юмны захтай Дархан уруу нүүцгээе гэж хэлмээр байна.
Учир нь тэнд ундны усны эх үүсвэр болсон Хараа гол бий. Яагаад гэвэл тэнд "хөгжлийн түлхүүр" болсон эрчим хүч бий. Шалтгаан нь гэвэл тэнд "жаргалын тулгуур" болсон зам харилцаа бий. Бас дахиад нэг юм нь тэнд хот гэж нэрлэж болох бүх юмны "зах зух" бий.
Хамгийн гол нь тэнд гэхээсээ, цаг хугацаанд бүх шалтгаан нь бий. Одоо хийх ажил нь ердөө л хот төлөвлөлтийн зураг, төсөл, төлөвлөгөөг нь гаргагтун. Дараа нь шийдвэрээ гаргагтун. Тэгээд л болоо.
Мөнгө нь хаана байна гэж үү?
Тэр амархоон. Хэдхэн хүнд л зориулагдаж байгаа "Оюутны хотхон"-ы төслийнхөө 500 сая доллараа л хандивлачих. Өөрөөр хэлбэл уг төслийг босгох арга замыг л өөрчлөөд ашиглачихад болно. УИХ, Засгийн газар нь нүүхдээ саарал ордонгоо Улаанбаатар хотын захиргаанд зарчих. Харин хотын захиргаа нь тэр мөнгөө хуучин байшингаа зараад, илүү талбай (хурлын танхим)-гаа түрээслүүлэх гэх мэтээр олчихож болно.
Төр нь, төрд ажилладаг хэд нь л нүүсэн болохоос энд бусад нь бий. Тэртэй тэргүй дэлхийн анхааралд өртөхийн дээдээр өртөөд байгаа миний Монголын "хуучин нийслэл"-д олон улсын хурал, семинар өч төчнөөн болж, гадны зочид төлөөлөгчид зөндөө л ирнэ.
За тэгээд төрийн өмчийн хэдэн байшинг авахад бэлэн, түрээслэхээр отож байгаа өч төчнөөн л бизнесмэнүүд, хөрөнгөтнүүд байна. Мөнгөнд санаа зоволтгүй, орхиод нүүгтүн.
Шинэ нийслэлд юу хэрэгтэй вэ гэж үү? Хамгийн эхлээд газар зохион байгуулалт. Дараагийн ээлжинд цэвэр усан сан, бохирын байгууламж, инженерийн шугам сүлжээ хэрэгтэй. Бас цахилгаан станцын өргөтгөл шаардлагатай. Дараа нь эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудыг барих хэрэгтэй. Орон тооны хувьд жаахан асуудал үүсч магадгүй юм даа. Зам харилцаа бол явцын бүтээн байгуулалт учраас заавал эхэлж барих шаардлагагүй. Тиймээс төр захиргааны нэг ордон, яам тамгын газар, агентлагуудын хэдэн байшин энэ тэрийг бол барьчихад л нүүдэл хийхэд бэлэн болно.
Аа нээрээ олон улсын нисэх онгоцны буудал гэж нэг юм барих хэрэгтэй юм байна. За тэр ч яахав дараагийн ээлжинд шийдсэн ч болно. Улаанбаатарт буугаад тэртэй тэргүй албан бус HIGHWAY болоод байгаа замаар нисчихнэ биз. Нэмүү өртөг шингээд улам л сайн.
Орон сууцны хувьд газар нь л байвал барилгын компаниуд очоод гялалзуулаад өгнө. Өөрсдөө барьчихаад бас өөрсдөө л зарчихна. Ямар ч асуудалгүй. Авах хүмүүс нь ч мөнгөөр ч дутахгүй. Улаанбаатарт байгаагаа зараад, барьцаалаад, түрээслээд олно биз.
Энэ бүх урьдчилсан бэлтгэлд ердөө 4-6 жил л зарцуулна. Ингээд "20... оны нэгэн билэгт сайн өдөр УИХ нь тэргүүлээд, Засгийн газар нь удаалаад, Яамд нь дагалдаад Монгол улсын нийслэл Дархан хот уруу нүүж очиход Монгол улсын Ерөнхийлөгч хадаг сүү барин тосч" гэнээ...
Улаанбаатар нийслэл байхаа больсноор хүн ам нь 800-аад мянга болж буурна. Харин шинэ нийслэлд дээд тал нь 500 орчим мянган хүн амьдарна. Энэ нүүдэл бол төвлөрлийг сааруулах эхлэл төдий санал. "Татах хүч"-ийг нь сааруулахын тулд тэр том "соронз"-ыг нь хоёр хуваагаад хаячихъя. Тэгэхээр арай удааширна.
Дараачийн алхам бол нэгэнт хүч нь саарч, удааширсан төвлөрлийг бүр сарниах, буцааж задлах, өөрөөр хэлбэл эзэнгүйдсэн тал нутгаа хүнжүүлэх арай удаан, бас их зардал шаардсан нүсэр ажлууд байх болно. Энэ тухай дараа хэлэлцэнэ.
Өө нээрээ нөгөө оюутнууд, "оюутны хотхон" яах вэ гэж үү. Бүү санаа зов. Тэд байдгаараа байж л байг. Тэднийг тусад нь гаргах ч хэрэггүй. Тун удахгүй бүх юм аандаа өөрчлөгдөнө. Угаасаа ийм олон оюутан байхгүй болно. Нярваараа нягтлан бодох бүртгэлийн хичээл заалгадаг дээд сургууль алга болно. Хэдхэн жилийн дараа энэ олон чанаргүй дээд сургуулиуд өөрсдөө хаалгаа барина. Эзэд нь өөр бизнес эрхэлнэ.
Учир нь хэн ч тоохгүй эдийн засагч, хуульч байхаар сайн жолооч, токарьчин, хүнд механизмын оператор, барилгын засал чимэглэлч, оёдолчин, тогооч байх нь амьдралд хэрэгтэй гэдгийг, илүү цалинтай гэдгийг, бас дээд сургууль төгссөн болгон сэхээтэн болдоггүйг, бас дээд сургууль төгссөн үү үгүй юу гэдгээр нь бус хувийн соёлоор нь хүнийг хэмждэгийг, бас хүн бүрийн хэрэглээ, мэдээлэл ижилсэж, дэлхий хавтгайрч байгааг, эцсийн бүлэгт хүн бол хүн л юм гэдгийг, тэгээд бас дээд сургуульд сурахын тулд урт удаан хугацааны их тэвчээр, тодорхой хэмжээний оюуны потенциаль, хамгийн гол нь дур сонирхол, хүсэл тэмүүлэл шаардагддагийг хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ойлгох болно.Яагаад гэвэл цаана чинь их бүтээн байгуулалт, нарийндаа бол их үсрэлт, түүнийг дагаад их эрсдэл, амьдралын шал өөр хэмнэл, тэс өөр ирээдүй, товчхондоо "Үндэсний их шалгалт" айсуй.
Сэтгэгдэл бичих