Монсудар хэвлэлийн газраас утга зохиол судлаачид, уншигч сонирхогчдод зориулж утга зохиолын мэдлэг олгох лекцийг цувралаар хүргэхээр зэхэж буй билээ. Жил бүр найман сэдвээр үргэлжлэх энэхүү цуврал лекцийн эхний сэдвээр “Бичвэр хоорондын хамаарал” хэмээх ойлголтыг та бүхэнд танилцуулж гурван жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлана.
Бид уншигч та бүхэндээ зориулж буй энэхүү утга зохиолын цуврал лекц энэ удаад бичвэр хоорондын хамаарлыг монгол хэлнээ орчуулагдан гарсан гурван сор бүтээл болох Ф.М.Достоевскийгийн Маанаг, Эрнест Хемингуэйн Өвгөн тэнгис хоёр, Габриель Гарсиа Маркесийн Зуун жилийн ганцаардал зохиолууд Библи судартай хэрхэн холбогдсоныг жишээ болгон авч үзэв. Уншигч та цаашид “бичвэр хоорондын хамаарал” хэмээх энэхүү ойлголтыг уншиж буй бүтээлээсээ анзаарч, номоос авах мэдрэмждээ шинэ өнгө нэмэх буй за.
Бичвэр (аливаа зохиол, бичгээр илэрхийлэгдсэн зүйл) хоорондын хамаарал (intertextuality) гэж нэг бичвэр нөгөөтэйгөө ямар нэг байдлаар холбогдож буйг хэлнэ.
Уг хэллэг “inter” буюу “хооронд”, “text” буюу “бичвэр” гэсэн латин хэлний хоёр үгнээс үүсжээ. Нэг зохиолд өгүүлж буй зүйл нөгөө зохиолтой шууд эсвэл дам байдлаар холбогдож буй тохиолдолд эдгээр зохиолууд өөр хоорондоо хамаатай буюу эдгээрийн хооронд бичвэр хоорондын хамаарал байна гэж үзнэ. Тун энгийн мэт харагдах энэ чанар дараах хэдэн хэлбэрээр илэрч болно.
Бичвэр хоорондын хамаарал нь юун түрүүнд шууд эсвэл шууд бус эшлэл хэлбэртэй байж болно. Тухайн эш татаж буй зохиолын нэрийг ил тод дурдах байдлаар эшилж буй бол шууд эшлэл, дурдахгүйгээр далдуур эшилж буй бол шууд бус эшлэл гэнэ.
Түүнчлэн нэг зохиолд нөгөө зохиолыг санаатай эсвэл санамсаргүйгээр дуурайсан байж болно. Үүнийг ч мөн бичвэр хоорондын хамаарлын нэг төрөл гэж үзнэ. Бичвэр хоорондын хамаарал нь эшлэх, дуурайхаас гадна элэглэх, далд ёгтлох байдлаар ч илрэх нь бий.
Олон ном, үүнд ялангуяа “агуу” хэмээн өргөмжлөгдсөн сор бүтээлүүд яагаад бусад номыг эшилж, дуурайж, элэглэж эсвэл битүү ёгтолдог вэ?
Энэ асуултад янз бүрээр хариулж болох ч хамгийн түгээмэл хоёр хувилбарыг энд дурдъя. Юун түрүүнд, бичвэрүүдийг өөр хооронд нь холбож хамаатуулснаар тухайн зохиол далд ёгтолсон утга агуулгатай болж утгын хүрээ нь тэлнэ. Хоёрдугаарт, бичвэр хоорондын хамаарал нь уншигчид өөр түвшинд, илүү нарийн тунгаан эргэцүүлэх боломжийг олгож, зохиолын утгыг тайлах боломжийг нэмэгдүүлнэ.
Илүү ойлгомжтой болгох үүднээс та бүхэнд бичвэр хоорондын хамаарлыг гурван жишээгээр тайлбарлъя.
- Ф.М.Достоевский – Маанаг
Достоевскийн агуу таван бүтээлийн нэг Маанаг роман ил, далд байдлаар Библи судартай шууд холбогддог
. Юун түрүүнд далд гэж хэлж болохуйц нэг ёгтлолыг авч үзье. Энэ ёгтлол романы гол дүр Мышкин вантай холбоотой.
“Тэрээр хилийн чанадад, алс холын Швейцар болон Умард Италид өвлийн аянд мордогсдын өмсдөг, гэхдээ арай ч Эйдткуненаас Петербург хүртэлх ийм холын аянд зориулагдаагүй аварга том юүдэнтэй, ханцуйгүй, нэлээд халхгар зузаан цув өмссөн байх аж.” (х.16, Маанаг, Монсудар хэвлэлийн газар)
“Юүдэнтэй цув өмссөн залуу эр мөн л хорин зургаа, долоо орчим насны, дунджаас арай өндөр гэхээр нуруутай, өтгөн цайвар үстэй, ёнхордуу хацартай агаад эрүүнд нь сөрдийх бараг дун цагаан сахал нь шингэн атлаа ширүүн ажээ.” (х.16, мөн хэвлэл)
“Гярхай байрын харцтай том цэнхэр нүд нь тайван дөлгөөн төрхийг илтгэх боловч цаанаа л нэг нухацтай хүнд, зэрвэс харахад унаж татдаг өвчтэй байх гэж бодогдом нэг л хачин төлөв маяг ажиглагдана. Залуугийн царай нимгэн, хуурай хэр нь ерөнхийдөө аятайхан боловч нэг л гундуу агаад даарч бээрснээсээ болоод одоо улам зэвхий дааж, хөхөрсөн харагдана.” (х.16, мөн хэвлэл)
Энэ бүх дүрслэлийг уншиж байхдаа уншигч Есүс Христийн олноо танил болсон дүр зургийг дотроо өөрийн мэдэлгүй төсөөлөн харах нь лавтай.
Гадаад төрхөөс гадна Мышкиний ааш зан ч Есүс Христийнхтэй төстэй аж. Үүнд, сайхан сэтгэлтэй, бусдыг өрөвдөж энэрдэг, бусдад ямагт туслахыг хичээдэг, бусдын алдаа гэмийг уучилдаг гэх мэт. Цаашлаад, Мышкин ба илжиг, Мышкиний хүүхдүүдийг хайрлах хайр, Мышкин Наташа хоёр, Мышкин ба хүчирхийлэл зэрэг сэдвүүдэд ч Маанаг, Библи хоёрын бичвэр хоорондын хамаарал илэрхий анзаарагдана. Хүмүүс Мышкиний тухайд “Бурхан илгээсэн нь лавтай!” (х.69, мөн хэвлэл) хэмээн өгүүлж буй нь ч мөн л Библи судар, Есүс Христийг дам ёгтолсон утга агуулна.
Достоевский романыхаа аль ч хэсэгт Мышкин ван бол Есүс Христ юм гэж ил тод зарлаагүй боловч Библисудрыг уншсан хүн үүнийг өөрөө анзаарах нь лавтай. Энэхүү бичвэр хоорондын хамаарлаас бид Достоевский юуны учир романыхаа гол дүрээр Есүс Христийг битүү ёгтолсон тухайд янз бүрээр таамаглал дэвшүүлж болно.
Тэгвэл тэдгээр таамаглалаас нэлээд үндэслэлтэй байж болох хоёр таамаглалыг нь энд дурдъя: Юун түрүүнд, ерөнхийдөө нийгмийн шүүмжлэлийн шинжтэй нэг таамаглал ёсоор, Есүс Христ өнөөдрийн нийгэмд амьдарч байсан бол түүнд юу тохиолдож болохыг Достоевский романаараа харуулахыг зорьсон байж болно.
Хоёрдугаарт, Достоевскийн өөрийн ёс зүй, христийн шашинд хандах байдалтай шууд холбоотой өөр нэг таамаглалаар, зохиолч Библи судрыг хэрхэн тайлж, Есүс Христийн номлолыг хэрхэн ойлгодгоо уншигчидтай хуваалцахыг хүссэн байж ч болох юм.
- Эрнест Хемингуэй – Өвгөн тэнгис хоёр
Америкийн алдарт зохиолчийн энэхүү сор бүтээлд ч Библи (Шинэ гэрээ) судрыг ёгтолсон агуулга нэлээдгүй бий. Юун түрүүнд Есүсийн анхны дагалдагчид нь загасчид байсныг, түүнчлэн загас өөрөө Библи сударт олонтоо давтагддаг бэлгэдлийн утгатай сэдвүүдийн нэг гэдгийг энд дурдах хэрэгтэй. Эдгээрээс гадна уг туужид Библи судартай холбоотой байж болох хэсгүүд нэлээдгүй байдгийн заримыг авч үзье.
Сантьяго өвгөн аварга том загастай гурван өдөр, гурван шөнө тулалддаг нь Есүс Христ загалмайд тэлүүлэн нас нөгчсөнөөсөө хойш дахин амилах хүртэлх хугацаатай нь таардаг.
Уг туужид Библи судрыг ил тод дурдсан хэсэг ч мөн бий: “Бурханд сүжиггүй боловч энэ загасыг барихын төлөө «Эцэг тэнгэр»–ийг арвантаа, «Эх дагина»–ыг мөн төдөнтөө дуудан залбирч сүсэлье. Хэрэв энэ загасыг баривал сүмд очиж мөргөхөө амлая, андгайлъя гэж хэлээд өвгөн тарни уншиж гарав.” (х.66–67, Өвгөн тэнгис хоёр, Монсудар хэвлэлийн газар)
Номын төгсгөлд Сантьяго өвгөн завины дарвуулаа буулгаад, шурагтаа ороогоод овоон дээрх оромж руугаа өгсөж буй хэсэг нь загалмайгаа үүрээд явж буй Есүс Христийг өөрийн эрхгүй санагдуулна.
Эдгээр далд ёгтлолууд санамсаргүй хэрэг биш гэдэг нь мэдээж. Гэхдээ Хемингуэй яагаад туужаа Библи судартай холбосон хэрэг вэ?
Юун түрүүнд, эдгээр зүйрлэл, далд ёгтлолын ачаар уг тууж ердөө нэг куба загасчин өвгөний тухай зохиол төдий байхаа болино. Хоёрдугаарт, Достоевскийн нэгэн адилаар Хемингуэй ч Есүс Христтэй тун төстэй гол дүр бүхий зохиол бичихийг зорьсон байх магадлал бий. Хамгийн сүүлчийн таамаглалаар бол Хемингуэй энэ туужаараа Есүс Христэд итгэдэггүй өөртэйгөө төстэй уншигчдадаа хандан: “Та Есүс Христэд итгэдэггүй байж болно, гэхдээ магад та энэ загасчин куба өвгөнд итгэх биз. Өвгөн загасчин гай зовлонгийн эсрэг ямар зоригтой тэмцэж байгааг хараач! Түүн шиг бай, хэзээ ч бүү бууж өг, зовлонгоо хүлцээд, цааш үргэлжлүүл!” хэмээн хэлэхийг хүссэн бололтой.
- Габриель Гарсиа Маркес – 100 жилийн ганцаардал
Колумбын нэрт зохиолч Маркесын 100 жилийн ганцаардал роман, дээрх хоёр жишээнээс ялгаатай нь Хуучин гэрээ-г далдуур ёгтолсон өгүүлэмжээр баялаг юм.
Романы бүр эхэнд гарах Макондо тосгоны дүрслэл нь Хуучин гэрээ дэх Диваажингийн цэцэрлэгийг өөрийн эрхгүй санагдуулна. Ер бусын үзэсгэлэнт байгальтай энэ тосгон байгуулагдаад ердөө тавин жил болж буй учир хүн нас барсан тохиолдол огт гараагүй ажээ. Түүнчлэн ихэнх зүйл огтоос нэргүй учир, тосгоны анхны оршин суугчид тэдгээрт нэр бодож олох хэрэгтэй болно. Энэ бүхэн уншигчид гарцаагүй Диваажингийн цэцэрлэгийг санагдуулах нь лавтай.
Уг романы Хуучин гэрээ-тэй холбогддог өөр нэг өгүүлэмж нь эрдэм мэдлэгийн модноос алим тасдаж идсэнийг далдуур ёгтолсон утгатай хэсгүүд юм. Үүнд, Мелькиадес хэмээх цыган тосгонд мэдлэг, технологи авчирсныг Хосе Аркадио Буэнди тэсэлгүй худалдаж авснаар өөрийн гэр бүл, тосгондоо гай зовлон дуудаж, улмаар эцэстээ солиорч, модонд хүлүүлдэг нь Хуучин гэрээ-ний Диваажингийн цэцэрлэгт өрнөсөн үйл явдлыг ёгтолсон гэдгийг аливаа хянуур уншигч анзаарч ойлгох биз ээ.
Мөн романы Хуучин гэрээ-тэй холбогддог хоёр дахь гол сэжим нь их үер юм. Библи сударт бурхан өөрийн бүтээлдээ сэтгэл гонсойж, ертөнцийн нүгэл хилэнцийг угаахаар дөчин өдөр, дөчин шөнө бороо оруулж дэлхий дээр бүтээсэн зүйлсийнхээ ихэнхийг сүйдэлсэн гэж гардаг. Харин 100 жилийн ганцаардал романд дөрвөн жилийн турш орсон бороо Макондо тосгоны гадил жимсний талбайг бүхэлд нь сүйрүүлнэ.
Эдгээр ёгтлолоороо зохиолч, Макондо тосгон ердөө нэг тосгон төдий биш харин бүхий л хүн төрөлхтний түүхийг төлөөлж буйг тодотгосон бололтой.
Сэтгэгдэл бичих