Саяхан нийтлэгдсэн Баабар нийтлэлчийн “Геополитик тоглоом” нийтлэлийг уншлаа. Хэд хэдэн доголдолтой дүгнэлт хийж байх юм. Ирээдүйд Орос “Монголыг Манжууртай хамт Хятадад найр тавин өгч эдийн засгийн хүнд байдлаасаа гарна”, “Монголыг вакуумжуулан “үнэ хүргэж” зарах гэж байна”, Оросын Засгийн газар Эрдэнэт үйлдвэр дэх хувьцаагаа зарсан явдлыг эш татан “Оросууд Монгол дахь стратегийн ноёрхлоосоо алхам алхмаар татгалзаж байна” гэх мэтээр дүгнэжээ.
Эрдэнэтээс эхлэе. Үнэндээ Эрдэнэт үйлдвэр дэх хувьцаагаа зарсан нь Оросуудын хувьд рациональ үйлдэл байсан юм.
Энд олигтой ашиггүй, авилгад идэгдсэн үйлдвэрийн “үхмэл” хувьцаанаас ноогдол горьдож суухаар үнэ хүргэж (400 сая ам.доллар) зараад өөр ашигтай газар эргэлдүүлж байсан нь дээр юм. Тэгээд ч бид Эрдэнэтийн тухай ярихдаа Оросууд гарсанд халаглахаас илүүтэй ХХБ-ны “хулгайг” л голдуу ярьж байгаагаас харвал олон нийтийн дунд Оросын нэр хүнд төдийлөн унаагүйг илтгэнэ. Мөн өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Эрдэнэтийн асуудал хоёр оны харилцааны асуудал биш, Оросын талд асуудалгүй гэдгээ баталгаажуулж авсан юм. Хэдийгээр Эрдэнэт дэх хувьцаагаа зарсан ч Оросуудын хувьд Монголд эргэн ирэх платформ нь байсаар байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монголчууд бусад аль ч орноос илүүтэй Оросыг эдийн засгийн хамгийн гол түнш байх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжинэ гэсэн нь олон нийтийн дунд “уламжлалт” хандлага хэвээр үргэлжилж буйг харуулж буй юм.
Саяхан хүртэл Роснефтийг залж авчирахаа шахсан даа. Бас Монголын армийн ихэнх зэвсэг, техник ОХУ-аас ирдгийг мартаж болохгүй.
Хятадуудын хойшоо чиглэсэн нүүдлээс болж Монголыг оролцуулаад Алс Дорнод Хятадын нэг хэсэг болно гэх таамгийг Параг Ханна 2009 онд ярьж шуугиулж байв. Гэхдээ өнгөрсөн жил Монголд ирэхдээ энийгээ ярьсангүй, Хятадын тэлэлтийг арай өөр өнгө аястайгаар ярив. Өөр гэдэг нь эдийн засаг, санхүүгийн тухай яриа юм. БНХАУ Шри Ланкын хамгийн том боомт Хамбантота боомтыг 99 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болов. Хариуд нь Шри Ланкаас БНХАУ-д төлөх 1.1 тэрбум ам.долларын өрийг цайруулсан байна. Мөн 2016 онд өрөндөө баригдсан Грекээс Пираус боомтыг авсан бол одоогоор Кени дэх Момбаса боомтыг ашиглахаар хөөцөлдөж байна. Зарим судлаач БНХАУ-ын эдгээр үйлдлүүдийг “зээлдэгч орны империализм” гэж нэрлэж байна. Ямартай ч энэ боомтууд нь “Нэг бүс Нэг зам” санаачлагын хүрээнд ашиглагдах нь илт.
Монгол улсын хувьд Шри Ланк, Грек, Кени шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ БНХАУ Монголоос боомт биш уул уурхайн орд л нэхэх болов уу. Хэрвээ Монгол улс зээлийн төлбөрөө гүйцэтгэж чадахгүй бол БНХАУ гэрээгээр тохиролцсон зээлдэгчийн хувьд зээлийн төлбөртэйгээ дүйцэхүйц үнэ бүхий зүйл шаардах нь зүй ёсны шаардлага юм. Мөн
Монголын уул уурхай дахь БНХАУ-ын нөлөө нэмэгдсээр байгаа тул Монголын Засгийн газар харилцаагаа аль болох тэнцвэржүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна.
Баабар гуайн бичсэн Монголыг вакуумжуулаад “зарах” тухай яриа бол ирээдүйд биелэж болох олон боломжит хувилбаруудыг ердөө нэг нь л бөгөөд одоо Монголын вакуумжуулах үйл явц явж байгаа гэдэг нь эргэлзээтэй юм.
ЗХУ задарснаас хойш Монгол дахь БНХАУ-ын эдийн засаг, улс төрийн нөлөө нэмэгдсэн ч дагаад үлдсэн вакуумд АНУ, Япон, Өмнөд Солонгос, Европын Холбооны улсууд Монголд идэвхитэй ажиллаж эхэлсэн юм. Ялангуяа Японы Монгол дахь нөлөө сүүлийн жилүүдэд батжиж байна. Байсхийгээд л манай төрийн дээд албан тушаалтнууд Японд айлчилж мөнгө гуйхаас авхуулаад үйлдвэр барих, инженер сургах гээд тоймгүй л олон юм гуйх ба нөгөөдүүл нь ч гомдоохгүй. Жаахан дэгсдүүлдэг хүнд бол Токио “шинэ Москва” болсон гэмээр.
Нөгөө талаас яагаад Японыг онцлоод байна вэ гэвэл 1990 оноос хойш Монголын хамгийн том хандивлагч орнуудын нэг байж Халх голын дайнаас үлдсэн “империалист самурай” гэх муу нэрээ арилгаж чаджээ. Японы хувьд Монголд мэдэгдэхүйц хэмжээнд “зөөлөн хүчний капитал” хуримтлуулж чадсан ба тэдний хөрөнгө оруулалтаар барьсан Хөшигийн хөндийн нисэх буудал, Нарны гүүр, АШУҮИС-ийн эмнэлэг зэргийг дурдах нь илүүц биз. Мөн Японоос гадна Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг улсууд сүүлийн жилүүдэд харилцаагаа мэдэгдэхүйц сайжруулаад байгаа билээ. Товчоор бол Монголыг вакуумжуулах гэхээсээ хоёр хөрш ба гуравдагч хөрш орнууд бие биенээсээ хол хоцорчихгүй уралдаж явна.
Дээрх бүгдээс илүү нөлөөтэй, Монголоос үндсэндээ үл хамаарах олон улсын үйл явц явагдаж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ Энэтхэгтэй хилийн маргаан, Японтой арлын маргаан, Вьетнамтай хил ба арлын маргаан гэх мэтээр хөршүүдтэйгээ нэгэн зэрэг муудалцсанаас болж ямар нэг хэмжээгээр анти-Хятад гэж хэлж болохуйц эвсэл үүсгэчихжээ.
Тодруулбал Вьетнам 2009 онд ОХУ-аас зургаан ширхэг 636 Варшавянка шумбагч онгоц авахаар тохиролцсон ба өнгөрсөн жилийн нэгдүгээр сард сүүлийн онгоцыг хүлээлгэж өгчээ. Харин шумбагч онгоцнуудыг үйлдвэрлэж байх хугацаанд Энэтхэг Вьетнамын усан цэргүүдийг өөрийн Вишакхапатнам дахь бааздаа бэлтгэжээ. Мөн энэ үед Япон Вьетнамд илгээх тусламжийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эргүүлийн зургаан усан онгоц худалдахаар болов. Энэ бүх үйл явц Хятадын номер нэг өрсөлдөгч АНУ-ын оролцоогүй явагдаж буй юм.
Хятадын зөвхөн өмнөд талд бус хойд талд буюу Алс Дорнодод олон талт хамтын ажиллагаа явагдаж байгааг бид харж болно. Хэрвээ санаж байгаа бол өнгөрсөн жилийн есдүгээр сард Владивостокт болсон “Дорнын эдийн засгийн форум”-д Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байсан. Харин БНХАУ-ыг төлөөлж Шадар сайд Ван Ян оролцож байв. Энэ форумд Ши Жиньпин, Ли Көцян нар оролцдоггүй нь дээрх хурлын платформоос шалтгаалдаг гэдэг боловч Орос Алс Дорнод дахь Хятадын оролцоог тэнцвэржүүлэхээр БНСУ, Японыг урьдагтай мөн холбоотой юм.
Эцэст нь Орос доройтож буй явдал нь Монголыг “хаях” таамаглалын үндэс болдог. Гэхдээ энэ бол гарцаагүй болчихсон дүгнэлт биш юм. 20-р зууны эхэн үеийн Оросын эзэнт гүрэн доройтож геополитикийн нөлөө нь хумигдаж байв. 1905 онд Японд ялагдаж Дорно зүгээс ухарсан бол 1917 оны Октябрын хувьсгалын дараа Өрнө зүгт Оросыг оролцуулаад 10 улс болж задарсан байв. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайнаар Финландаас бусад 9 улсыг Зөвлөлтүүд өөртөө эргүүлж нэгтгэсэн юм. Нөгөө талд Дорно зүгт Халх голын дайн, Чөлөөлөх дайнаар эргэн ирж Горбачевын үе хүртэл Зүүн Азид ноёлох байр суурийн төлөө тэмцэлдэж байв.
Харин ирээдүйд Орос ямар нөхцөл байдал үүсгэж болох талаар Америкийн стратеги судлаач Эдвард Люттвак “Rise of China vs. The Logic of Strategy”(Хятадын сэргэлт ба Стратегийн логик) номондоо:
“…хэрвээ Орос Хятадтай нэг тал болвол Монгол сайндаа л багахан автономи эрхтэй хүлээн зөвшөөрөгдсөн буффер улс болно, муугаар бодоход тоглоомын Засгийн газартай улс болж жижгэрнэ. Нөгөө талаас, ОХУ авторитари шилжилтээсээ татгалзаж, урт хугацаандаа Зүүн Сибир, богино хугацаандаа Төв Ази дахь нөлөөгөө алдахгүйн тулд Хятадын эсрэг эвсэлд нэгдвэл Монгол ахиад Зөвлөлт-Хятадын мөргөлдөөний үеийнх шигээ онцгой ач холбогдолтой, маш сайн бэхлэгдсэн хамгаалалтын зурвас болж хувирна. Гэхдээ энэ удаад Монгол зөвхөн Орос биш АНУ, Япон болон бусад эвслийн орнуудын дэмжлэгийг авч чадах юм.”
Орос Сталины үед чангалагдаад, Хрущевын үед илүү чөлөөтэй болж, Брежнев, Горбачев, Ельцин, Путин гээд хоёр туйлд савладаг зүй тогтолтой гэж үзвэл Путины дараагийн удирдагч шинэ бодлого гаргаж эргэлт хийнэ гэж үзэх болох юм. Гэхдээ яг юу болохыг хэн мэдэх билээ. Дараагийн удирдагч нь Орос орныг сүйрүүлж эсвэл хүчирхэгжүүлж ч магад. Путин анх гарч ирэхдээ улс төрд “хэн ч биш” байсан, дараа нь хэн болох нь тодорсон. Баабар гуайн эшэлсэн Жоорж Фридманыхаар бол Япон 2050 онд Азиасаа халиад АНУ-тай дайтаж эхлэх аж. Лав л 1991 онд бичсэн Coming war with Japan номондоо Япон ирэх 20 жил АНУ-тай дайтна гэж байсан нь биелээгүй. Энэ удаа юу болохыг хэн мэдлээ?
Энэ ч бас маш их доголдол агуулсан шүүмж болжээ. Монголоос барууны хөрөнгө оруулалтыг зайлуулах талаар Оросууд маш их зүтгэж байгааг юу гэх вэ? Ханрисорсыг Оросын шахалтаар 2011 онд хөөж гаргасан. Энэ тухай дэлгэрэнгүй материал Баабарын Гадаадын хөрөнгө оруулалт- Урааны тухай хэсэгт байна билээ. Францын Ариавагийн эсрэг тоглолтыг оросууд хийж байгаа. Таван толгойн олон тэлт хэлэлцээрийг зогсоосон нь оросууд. Оюутолгойг барууныхан авсныг оросууд мэдээгүй бай Путин Улаанбаатарт ирэхдээ элчин сайд Дерсапоюыг (Иймэрхүү нэртэй гэхдээ арай Дерпаска биш) Оюутолгойн талаар мэдээгүй танилцуулаагүй учир ихэд буруутган хөөсөн. Оюутолгойг Оростой хуваасангүй гэж гомдол гаргасан иухай олон баримт буйн нэг нь лав хояр орны аюулгүй байдлын хурал дээр яригдсан тухай Баабарын нэг нийтлэлд нэр устайгаа тодорхой бий. Эрдэнэт бол Оросын хувьд стратегийн асуудал нь олз алдагдлаасаа чухал юм. үүийг Монголд худалдсанаар асар том хагарал буй болох нь эхнээсээ тодорхой байсан. Одоо монголчууд Эрдэнэтээс үүссэн хагарлаар амьсгалж буй ба энэ нь удаан үргэлжлэнэ.
Вакуумжуулаад зарна гэдэг чинь яг болоод байна. Дүү монголын нөхцлөө бас сайн судал. 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг татсанаар хэрэгжүүлж ирсэнийг 2012 оноос хойш тууштай нурааж тэр хөрөнгө оруулагчдыг хөөж тууж тэдний орыг Оросууд биш харин Хятадууд авч байгаагаар тайлбарлаж болж бна. Үндсэндээ гуравдагч хөршийн бодлогыг монголчуудаар өөрсдөөр нь нураалгаж орон зайг нь хятадууд л авсан нь Оросууд зарж бгаатай бараг агаар нэг.
манайхан л Эрдэнэтийн асуудлыг хогийн тантан болгосон тул Орос энэ балиар асуудалтай нь холбоотой байхыг хүсээгүй тул өөрийн эзмших хувиа зараа биз. түүнийг нь манайхан бид оросын хувьцаа авч гайхамшиг бүтээлээ гээд байгаа юм л даа. одоо оросын оролцоогүй эрдэнэт ээ яах бол
Энэ нөхөр Баабарын бичсэн нийтлэлийг ерөөсөө ч ойлгоогүй байна. Оросууд Монголоос 3 дагч хөрш буюу барууныхныг шахан гаргаж вакумжуулах ажиллагааг өөрсдөөр нь өдөөн хатгаж хийлгэж байгааг сэрэмжлүүлсэн нийтлэл л дээ. Тэгтэл хаа хамаагүй юм донгосоод. Ийм нусан буу судлаач байгаад байхдаа яахав.