Нийтлэл 02 сарын 27, 2018

Хүрэлсүхээ, амиараа тангарагласан шударга ёс чинь хаана байна?

Нэг түүхий талх, нэг гашилсан сүү зарагдсан байвал бөөн асуудал болдог.  Түүнтэй адил хүний оюун санаанд мэдээлэл, идей хүргэсэн бол түүндээ ч хариуцлагатай хандаж сэдвээ манаж байх ёстой юм.

Эрдэнэт үйлдвэр 109 сая долларын төлбөр төлөх ялд унасан асуудал учир нь олдохгүй жонхуу болж хувираад байна.  49 хувийг худалдан авах давуу эрхийг нэг групп нууцаар хэрэгжүүлснээс хойш энэ луйврыг тууштай эсэргүүцэж бичиж ирсний хувьд 51 хувийн асуудлаар ч ижилхэн зарчим нэхэхгүй бол ичмээр юм болжээ.

Анхнаасаа Эрдэнэтийн асуудлыг яагаад үхэн хатан мөрдөөд байдгаа их хувьчлалаас хойших реформын түүх, алдаа оноог тоймлосон энэ болон бусад тэмдэглэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Товчдоо 20-р зууны хамгийн том бүтээн байгуулалт, улсын хамгийн том өмч болохын хувьд энэ үйлдвэрийг тойрсон асуудал энэ 30 орчим жил үргэлжилж ирсэн муу муухай, бузар булайн ноён оргил, гол зангилаа юм. Тэр утгаараа хэрхэн шийдэгдэх нь цаашдын Монголд шударга өрсөлдөөнтэй эдийн засаг, хариуцлагатай төр гэж юм байх эсэхийг шийднэ.Санхүүгийн баталгаа эзэмшдэггүй ч жинхэнэ эзэд нь болох иргэд  хариуцлага, шийдэл нэхэх дуу хоолойгоо сулруулж хэрхэвч болохгүй.

Асуудлын шинж чанарын хувьд 49 нь их асуудал, 51 нь төлөөд гарчих бага асуудал гэх юм байхгүй. Аль аль нь дараах нийтлэг шинж бүхий төрийн өмчийн луйвар юм. Нэгт, эдийн засгийн хувьд: Төрд өөрийн өмч гэж юм байхгүй ба олон нийтийн өмчийг оновчтой захиран зарцуулах үүрэгтэй. 49 хувийг худалдан авах давуу эрх хэмээх санхүүгийн хөрөнгө болон 51 хувийг оновчтой, үр ашигтай захиран зарцуулах үүргээ аль алийг нь төр хөсөрдүүлсэн. Хоёрт, засаглал, улстөрийн хувьд энэ эрхээ хөсөрдүүлсэн хүмүүс хариуцлага хүлээгээгүй. Гуравт, аль аль нь бизнес, төр дамнасан бүлэглэлийн шинж чанартай. Дөрөвт, аль аль нь компанийн санхүүгийн ил тод бус, хаалттай байдлаас урган гарч буй. Аль алиныг нь нэгд шударга өрсөлдөөний зарчмаар шийдэж, хоёрт улстөр, хуулийн хариуцлага хүлээлгэж байж гурав дахь асуудал буюу төр бизнес холилдсон ээдрээ нэг тийшээ болж харилцан ангид орших эхлэл тавигдаж магадгүй юм. Түүнчлэн төр буцааж аваад юм уу эрсдэлийн сангаас төлөөд шийдэл болохгүй. Дөрөв дэх буюу нээлттэй, ил тод засаглал нэвтрүүлж байж цаашид давтагдахгүй байх баталгаа, шударга ёсны тухай ярих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл төр язгуур үүргээ гүйцэтгэхгүй төдийгүй явцуу эрх ашигт үйлчилж бүр хорлонтож байгаа шинжээрээ энэ хоёр нэг л асуудал юм. Харилцан  чи 49, би 51 гэж маргаад байгаа нь хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирахын үлгэр.

Эрдэнэтийн зэрэгцээ бас нэг хариуцлага хүлээх ёстой сэдэв байна. МАН Засгийн газраа солиход У.Хүрэлсүх ба түүний кабинетэд их горь тавьж ТР-тай хүртэл жишиж үзсэн нь энд цагаан дээр хараар үлдэж. Шүүхэд нөлөөтэй ерөнхийлөгчийн засаглал Х.Баттулгын гарт очвол 49 хувийн асуудал шүүх дээр замхрах талдаа орно гэж бичиж байсан, тэр ёсоор ч болсон. Х.Баттулга эртнээсээ ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн эртний танил ба асуудлыг хутгаж хаясан АН-аас дэвшсэн. Шүүхэд нөлөөлсөн байдаггүй юм аа гэхэд энэ асуудлаар нэг ч идэвхитэй улстөр хийгээгүй цэрэг цуух ярьсан шиг явна. Харин У.Хүрэлсүх олны өмчийг олон нийтэд гэсэн консепт дэвшүүлж, шударга ёсыг тогтоох амлалт өгч гарч ирсэн нь нэн саяхны түүх ээ. Түүний тамгаа аваад 2017 оны 10 сарын 4-нд УИХ-д хэлсэн үгнээс хэдийг эшлэе.

 Би авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний амьдралын философи.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

... гэх мэтчлэн агуу сайхан үг хэлэхэд нь сэтгэл ихэд хөдөлсөн бөлгөө. Түүнчлэн Ц.Нямдорж Хууль зүйн сайдад томилох УИХ чуулган дээр “надад нас үлдсэнгүй, би тэмцэнэ” гэхэд бараг л нулимс гарч өнөөгийн улстөрд аавын дүр гэхчлэн эмоорч жиргэснээ хүлээн зөвшөөрч байна.

Тэгээд юу болов?  Давуу эрхээ шилжүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүйгээр 49 хувийг шууд төрд авах тогтоол гаргаж, иргэдэд эзэмшүүлнэ гэж мэдэгдсэн. Хувьцаа ч биш юу ч биш болж гацаад байгаа 1072-оос ялгарах шийдэл нь тодорхойгүй ч хувьцаат компани болгоно гэж амалсан нь нэг бодлын дэвшил байв. Харин 51 хувийн асуудал дэгдмэгц асуудалд огтхон ч зарчмын байр суурьгүй хандаж байгаа нь илт болж ирэв. Зарчим бол зарчим. Төрийн өмч ба түүнийг буруу гараар оруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох зарчим барьж байгаа бол хоёуланд нь тооцох учиртай.

Гэтэл иргэдийг ямар хүлцэнгүй мулгуу сүрэг гэж үзэж байгааг хэдэн эх сурвалжийн тайлбараас харж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвөөс төлөхгүй” гэж жиргэв. Харин ЗГХЭГ дарга Г.Занданшатар хэрвээ эрсдлийн сангаас төлөх юм бол Эрдэнэтийн ашигт нөлөөгүй гэх ухааны юм ярьжээ. Төвлөрсөн төсөв рүү татаад төлөх үү, Төрийн банк, Эрдэнэт үйлдвэрийн  сан гэх мэт бусад төрийн өмчийн эх үүсвэрээс төлөх үү, хүний идсэнийг өөрийнхөө хармаанаас төлж байгаагаа ямар ч эдийн засгийн онолгүй иргэн ч ойлгоно. Ц.Нямдорж бол бүр таг мэдэн будилж, Я.Содбаатар гишүүн хуурамч гарын үсэг байсан гэхчлэн нүүр дүүрэн ярилцлага өгч нүүрээ дүүрэн түлэв. Тэрэн шиг ичмээр худал байхгүйг, ер нь уг хэргийн ард ямар процесс явсан тухайд Үндэсний Шуудан сонингийн С.Ононтуулын энэ нийтлэлийг санал болгож байна. Энд бол амиараа дэнчин тавиад байсан Ерөнхий сайдаасаа хариуцлага асуумаар байна.

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

Одоо ингэж ам өгч засгийн тэргүүнд заларсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удирдаж байгаа улсынхаа төсвийн гол эх үүсвэрийг барьцаанд тавьсан энэ асуудлаар хэнд, хэрхэн хариуцлага тооцож, ямар эх үүсвэрээр төлөх талаар өөрийн биеэр мэдэгдэл хийх шаардлага тавимаар байна.  51 хувийн өр төдийгүй 49 хувийн давуу эрх шилжүүлэх Засгийн газрын хуралдааны ард авилга байсан эсэх, байсан бол амалсан ёсоор хэрхэн авилгачдад хариуцлага тооцохоо ч иргэдэд ил тод мэдээлмээр байна.

Хувь бол санхүүгийн ойлголт. Хөрөнгийг 49, 51-ээр хувааж болно. Шударга ёсыг бол хуваах боломжгүй. 49 хувийн шударга ёс гэж үгүй. 51 хувийн шударга ёс гэж бас хаана ч үгүй. Шударга ёс нэг л бий. Түүнийг сахиулна гэж хүлээлгэсэн итгэл бас нэг л бий. Тэр итгэлийг алдсанаас амиа алдсан нь дээр гэж ам алдсан бус уу, Ерөнхий сайдаа? Амиараа тангарагласан тэр шударга ёс чинь тэгээд хаана байна вэ? 

arrow icon