Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг өнөөдөр эхлүүлж татварын хуулийн хэлэлцүүлэгт татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно
.
Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална.
Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье.
Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна”гэлээ.
Шинээр боловсруулан хэлэлцүүлж байгаа Татварын Ерөнхий хуулийн төслийн үндсэн зарчим, чиглэлийн талаар товч танилцуулъя.
Засгийн газар жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход анхаарал хандуулж байгаа төдийгүй жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй байна, хэрэгжүүлэхэд хялбар биш байна, тайлан тооцоо гаргах цаг хугацаа, зардал их байна гэх шүүмжлэл их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахад ихээхэн анхаарал хандуулжээ.
Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгох аж.
Мөн өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдөөс их хэмжээгээр ирүүлдэг гомдол болох татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцөлийг бүрдүүлэх явдлыг бид цаашид таслан зогсооно гэлээ.
Бизнес эрхэлж, орлого олж байгаа иргэн, бизнес эрхлэгчид улсдаа хуулийн дагуу ногдсон татвараа төлөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тусгагдсан иргэн бүрийн зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг гаргажээ. Мөн Үндсэн хуульд заасан энэхүү үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд нь бид татвар төлөгчдөдөө туслах, зарим талаар эдийн засаг, бизнесийн орчноос хамаарч хүндрэл үүссэн үед нь уян хатан хандах бодлогыг баримтлах юм.
Түүнчлэн хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл бичих