Нийтлэл 03 сарын 06, 2018

Homo sovieticus нөхөд ба өнөөгийн хувирал

 Нийгмийн сэтгэлгээ бол нийгмийн хөгжлийн багана, хөгжлийн чиг хандлагыг бүрэлдүүлэгч бөгөөд улс төрийн тогтолцоо, нийгмийн байгуулал нь эргээд нийгмийн сэтгэлгээнд нөлөөлөгч чухал хүчин зүйл билээ. Homo sovieticus гэх нэршил зөвлөлтийн үеийн хүмүүсийн оюун санаа, соёл, ёс суртахуун, антропологийн онцлогийг илтгэдэг. Ухуулга ятгалга, үзэл суртлын угаалга, итгэл үнэмшил ёс заншлын хорио цензур зэргээс шалтгаалж хүмүүсийн оюун санаа, ёс суртахуун сүүдэртэн өөрчлөгддөг ажээ.

Homo sovieticus-ийн нийтлэг төрх: Тогтсон хэвшмэл байдалдаа дассан, шинэ зүйлийг ажил дээрээ ч амьдрал дээрээ ч хүлээж авч суулгахдаа тааруу, шинэ зүйлд хардаж сэрдэмтгий, өөрчлөлтөд дургүй идэвхигүй. Олныг дагаж дундыг барина. Хувийн хариуцлага муу, өөрийн бурууг хүлээх дургүй, бусдад бурууг тохож цэвэр үлдэхийг эрмэлздэг. Даргын өмнө бөхөлзөж долигононо, даргаас байнгын айдастай, хэлсэн үг бүрийг нь нүүрэндээ инээд тодруулан “сайшаан” давтана, даргыг харах төдийд л айдаг тул нүдэн дээр нь шударгаар шүүмжлэх битгий хэл үзэл бодлоо хэлэх зүрх хүрэхгүй. Харин нүднээс далд бол баастай бурхныхаа талаар хэл амаа уралдуулна. Жигдлэх бодлогоос үүдэлтэйгээр амьдрал ахуй нийтээрээ нэгэн жигд. Ажил бүтээл, аливаа амжилтаар гялайж гялтайсан нэгэндээ атаархал өвөрлөнө, өрөөл бусдын өөрөөс нь илүү гарсан чадварыг гэхээсээ алдаа сүүдрийг томруулна. Хүний сайшаалтай сайн талыг дотроо хүлээн зөвшөөрөх нэн хүнд, тэмээнээс ямаа нь илүү том болж харагдана. Хэн нэгэнд нөгөөхийн өө сэвийг тодруулан ховлож муулж “чухал” мэдээлэл дамжуулснаараа “очков” авна. Үнэндээ өөрийн нь талаарх мэдээллийг мөн цаадахдаа ч дамжуулах үүргээ алдахгүй, давхар давхар очков авчихна. Дашрамд, долигонолыг магтаалтай андууравзай. Араа бодож тал зассан долигонол, дөвийлгөсөн магтаал, чадвар байдлын үнэлгээ урамшуулал ялгаатайг санах ажаамуу.

Даргад долигонохын зорилго нь даргадаа дорвитой болж харагдсанаар энгэрээ цоолуулах, хавтас гуншин цуглуулах, цалингийн нэмэгдэл хэдэн цаас, үсрээд үсрээд гадаад томилолт, байр. Homo sovieticus хүмүүс шагнал гуншинд туйлын дуртай, төр засгийн үнэлгээ хэмээн хагартлаа баярлах нь бий. Шагналын донг хөхиүлэн дэмжигч, уламжлан үлдээгчид Homo sovieticus нөхөд байх бөлгөө. Шагналын донтонгууд махийтлаа ажилласныхаа хөлсөнд гялгар төмөр, хавтас хуудасхан хүртэх ба үүндээ ч сэтгэл нэн өег. Шагналын донгийн илрэл бол өдгөө ташраараа “шилдэгийн шилдэг”, “оны шилдэг”, “тэргүүний сайчуул” болцгоодог ч амьдрал ахуй нь тэргүүний сайн болж сайжирсан нь өдрийн од шиг байх вий. 

 

Homo sovieticus хүмүүс шударга өрсөлдөөн, чадвар чансаагаа үнэнчээр эрэмбэлүүлэх, шигшүүлэх дургүй.

Найгүй муу байлаа ч бусдын доор орохгүй гээд яаж ийгээд дөнгүүр харагдахыг эрмэлзэнэ. Шинэ өөрчлөлт, цаг үе, шаардлага, нөхцөл байдлын давуу талтай төдий л эвлэрэхгүй, хуучны цагаа санагалзан харьцуулах дуртай.

Homo sovieticus хүмүүс нийгэмд өөрийгөө ихэд зөв, чухал хүнд тооцно. Үнэндээ дүр эсгэнэ. Өөрийн үнэлэмж багатай, зориг зүрх муутай, бусдаас хамаарсан, аялдан дагагч байх нь элбэг. Хийхийг үүрэгдсэнээ хийсэн л бол болоо, хэрэгцээтэй чанартай ажил хийсэн хийгээгүй падлийгүй, “халтуурдах” гэдгийг сайн мэднэ. Хаа газраас тавгүй хадаас, тайрдас мод ч болтугай шомбодчих санаатай, үнэгүй зүйлд нугасгүй.

Дээдэст бөхийж доодост гэдийнэ гэж жигтэйхэн. Ямар нэг тушаалд очвол доод хүмүүстээ маш хатуу шаардлага байнга тавьдаг, туйлын зарчимч, хэт шударга, хатуу ширүүн хүн болно. Айлгаж сүрдүүлэх нь жигтэйхэн. “Хэвэнд цутгуулаагүй” нэгнийг боож зуух нь тоймгүй.

Өөрт ашиг харагдаж, ашиг гарчмаар шиг бол ямар ч “изм”-ийг дагахад бэлэн. Манайд олон намын тогтолцоо бий болонгуут ”юмыг яаж мэдэх вэ” хэмээн хэд хэдэн намын батлах өвөртлөгчид цөөнгүй гарсан. Зарим гэр бүлийн гишүүд аль ч намд нүүртэй байхаар намуудад хуваагдан элссэн нь цөөнгүй. Өөрийн болон хамтын үзэл бодол баттай нэгдэж тогтоогүй, холбиромтгойн шинж, долигонуур зангийн нэгэн илрэл бөлгөө. Шашин шүтлэг ёс заншил гээд хяргадаг байсан, намын үүрийн дарга асан нэгэн цаг үедээ зохицоод зурхайч лам болчихсон тууж ч явах шиг.

Нийгмийн сэтгэлгээнд нэгэнт бүрэлдэж тогтсон онцлог, хэв маяг, гажуудлууд их бага ч атугай дараа үедээ уламжлагдан үлдэх ба зөв байдлаар засагдвал 2-3 үеийн дараа сарниж алга болдог гэдэг.

Нийгэм шилжихтэй зэрэгцээд Homo sovieticus хүмүүсийн шинж чанар хувиралд орж homo post-sovieticus хүмүүс бүрэлдэв.

Уламжлалыг боосон хүлээс тавигдаж уламжлалт ёс заншил сэргэж эхэлсэнтэй зэрэгцээд зохист хэмжээнээс хальж гажуудал, хэтийдсэн буруу хэвшил ихэссэн билээ. Уламжлал нэрээр зохиомол уламжлал, хэвшил шинээр гарч зарим бизнесийг тэтгэх нь ч бий. Зохиомол уламжлал мухар сүсэг 2 сайтар бэхлэгдэж, холбиромтгой нөхөд харанхуй сохроор үнэмшин дагана.

Ажиллаж хөдөлмөрлөхгүй амархаан шиг мөнгө олох хүсэлтэй ба халамжлуулах бодлогын улмаас ажил хийсэн хийгээгүй ангайчихвал л аманд хоол орчихдогоос чамгүй залхуу.

Амьдрал тааруу байгаад нь өөрөөс нь бусад бүгд буруутай – гэрийнхэн, дарга нар, засаг төрийнхөн, цаашлаад хужаа нар, гадаад улс орнууд.

Хүний жудаг, ёс суртахууны төлөвшил уланд гишгэгдэв. Долигонуур, холбиромтгой зан, хардалт сэрдэлт үзэн ядалт, талцаж хуваагддаг байдал, хар амиа хоохойлох, хуурах халтуурдах, хоосон аархал баярхал, бардамнал омгорхол, дундаршгүй дуу хуур цэнгүүн наадам улам л төгс төгөлдөрт тэмүүлсээр. Тэнгэр заяат онцгой заяат аугаа үндэстэнг устгах “дайсны” арга мэхийг олж нээсэн даруй нийтээрээ хөөрөн шуурч хөөн хэлэлцэж эргүүтнэ, эргүү мал бэлчээрт гарч чадахгүй тэрхэн хэсэгтээ эргэлдэж эргүүтээд байхтай агаар нэгэн. “Дайсныг” улам үзэн ядахын хирээр шинэ шинэ аргууд шилээ даран гарч ирнэ, шинэ аргад нийтээрээ үнэмшин шуурахын хирээр улам эргүүтнэ. Судалгаа тооцоогүй шийдвэр, хариуцлагын тооцоогүй үйлдлийг шударга бус бохир тогтолцоогоор өөгшүүлж буйг

нүдээрээ харавч сохор мэт, чихэнд нь ориловч дүлий мэт, бор хоногийн хоол, аар саар асуудал хооронд эргэлдсээр, асуудлаас асуудал руу зөөвөрлөгдөн хийсэх төдийгөөр амьдралын бараан өдөр хоногийг барна.

 “... Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. … Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, … хөндий талд хоосоор хоцроход тулжээ …” хэмээн өгүүлэх Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллийн хэсгийг эргэн нэг саная уу. Өдгөө цагт муу яваа болбоос муу заяанд төрснийх бус нүдэн сохор чихэн дүлий тархи балайнх болой.

 

Холбоотой нийтлэл:

Менталитет, нийтлэг шинж бүрэлдэхэд хөдөлмөр, уур амьсгал нөлөөлөх нь 

ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-03-11

    Bas neg super-hero woman

arrow icon