Нийтлэл 03 сарын 09, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Би амьдралыг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн Костягийн Ану өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.

 

 Таны амьдралыг харах өнцөг, үзэл бодол?

Би амьдралыг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг. Өөдрөг үзэл бодолтой. Царцуу хөрснөөс өвсний үзүүр итгэл найдвар мэт соёолоход, цэл залуухан бороо солонго татуулсаар орж дуусахад, гэрлээ асаах мэт модод шарлаад орчлон ертөнц нүдээ нээхэд, халуун алган дээр хүйтэн цас цаг хугацаа мэт будран хайлахад энэ амьдралд улам улам дурлахгүй байхын аргагүй байдаг. Зөвхөн намайг сонгосон энэ амьдралдаа, зөвхөн өөрөө бүтээх энэ амьдралдаа гүн их санаа алдалт шигээ хайртай.
Урлаг, утга зохиолд яагаад дурлаж, бичвэр нийтлэл бичих болсон бэ?
Анхнаасаа л өөрийгөө бичнэ гэдгийг мэддэг байсан. Хүн бүрт өөрт төрсөн сэрэл мэдрэмж, бодол санаашралаа гадагшлуулах өөр өөрийн арга зам байдаг мэт санагддаг. Эс бол бид аль хэдийнээ багтраад үхчих байсан биз. Наад зах нь өвдөхдөө “өвдлөө”, баярлахдаа “баярлалаа” гэж хэлдэг шиг. Харин цаад захад нь хүмүүс тэр бүхнээ гадагш гаргахын тулд, өөрийгөө чөлөөлөхийн тулд зарим нь тамхи татна, зарим нь зураг зурна, зарим нь зүгээр л урдахаа үг дуугүй хийнэ. Харин миний хувьд тэр бүхнээ бичиж гадагшлуулах нь давамгайлдаг. Бас хүн бүрт даль жигүүр байдаг. Миний хувьд тэр даль жигүүр нь бичих, нийтлэх болж байдаг.
 Хүний амьдрал тохиолдох аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал гэж таныхаар яг юу вэ?
Аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал энэ бүгд бол жинхэнэ амьдрал. Миний ахин дахин дурладаг энэ амьдралыг бүрэлдүүлэгч хүчин зүйлсийн нэг. Орчлон ертөнц өөрөө юм бүхний тэнцэл тэнцэтгэл, зохицол эвцэл дунд оршдог учраас аз жаргалгүйгээр эсвэл уйтгар гуниггүйгээр энэ амьдрал утгагүй. Харин ганцаардлыг арай илүү, арай тусдаа авч үзэх ёстой мэт санагддаг. Тэр бол гайхалтай зүйл. Хүн гагцхүү ганцаардаж байхдаа л аз жаргал, зовлон гунигийн ялгааг илүү сайн мэдэрч чаддаг юм шиг санагддаг. Ганцаардал бол өөрийнхөө үнэн мөн чанарыг олж харах толь, миний жинхэнэ тусгал.


Сэтгэгдэл бичих

    • М.Эба
    • 2018-03-13

    Зүгээр л нэг үгэнд хэлбэл ''МЭДРЭМЖ' бүх хүн мэдрэмж авахын төлөө амьдарч байгаа байх. Тэгэхдээ энэ миний л бодол

arrow icon