Монгол банк болон Монгол улсын их сургууль хамтран зохион байгуулсан “Эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэгт Монгол банкны эдийн засагч Д.Цэнддоржийн танилцуулсан “Мега төсөл болон түүний Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл" илтгэлийг хүргэж байна.
Мега төсөл гэж юу вэ?
Олон улсын жишигт мега төсөл гэдэг нь нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт нэхдэг, 5-10 жилийн хугацаанд бэлтгэл ажил нь хангагдаж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийг эрс дээшлүүлж чадах төслийг хэлэх юм. Гарах үр дүн үргэлжлэх хугацаа амжилтгүй болсон тохиолдолд гарах сөрөг үр дагавар хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавх зэрэг нь энгийн төслөөс ялгаатай байдаг
.
Мега төсөл нь бараа, үйлчилгээний салбар бүрт тархаж байна
Дэд бүтэц, усан хангамж, эрчим хүч мэдээллийн технологи боловсруулах, үйлдвэрлэл уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ, Засгийн газрын үйл ажиллагааны систем, банк, батлан хамгаалах яам, эрүүл мэнд зэрэг салбар бүрт том хэмжээний бүтээн байгуулалт хийх гүүр болно.
Мега төсөл хэрэгжвэл улс орны нийгэм, эдийн засгийг эрс дээшлүүлдэг
Дэлхий нийтэд мега төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, нэг төсөлд ногдох санхүүжилтийн дүн сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн бөгөөд ойрын 10 жилд ч тасралтгүй өсөх хандлагатай байна
. Мега төслүүдэд зарцуулж буй дэлхийн нийт хөрөнгө оруулалт жилд 6-9 их наяд ам.доллар буюу АНУ-ын БНХАУ-аас авсан нийт өрийн үлдэгдлээс даруй 5-8 дахин их бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ийн 8% юм. Сүүлийн жилүүдэд мега төслийн санхүүжилт нэмэгдэхэд БНХАУ гол нөлөө үзүүлсэн бөгөөд тус санхүүжилтийн гол хэсгийг дэд бүтцийн салбарт зарцуулж байна.
Тухайлбал, БНХАУ-ын 2004-2008 онд дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь 20 дугаар зууны нийт дэлхийн дэд бүтцийн зардалтай тэнцүү байгаа юм.
Мега төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлсөн нийтлэг бус хүчин зүйлс
Мега төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэхэд том гүрнүүдийн санхүүгийн байдал, шинжлэх ухаан технологийн дэвшил, төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ зэрэг олон суурь хүчин зүйлс нөлөөлдөг хэдий ч Flyvbjerg (2012, 2014)-ийн тодорхойлсноор дараах 4 нийтлэг бус шалтгаан мега төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнд:
1.Технологи, инженерчлэлийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан “хамгийн” тодотголтой, өмнө нь огт байгаагүй зүйлсийг бүтээх боломж бий болсоор байгаа нь төслийн зардал нэмэгдэх нэг шалтгаан болж байна .
2.Мега төслийг хэрэгжүүлэх явцад болон амжилттай хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид гэрээлэгч, барилга, засварын ажилчид, зөвлөх, банкны ажилтан, хөрөнгө оруулагч, хуульч гэх мэт маш олон хүн, байгууллагын орлого нэмэгдэх боломжтой байдаг.
3.Цор ганц, өвөрмөц загвартай эсвэл маш том бүтээн байгуулалт барих дизайныг гаргах хүсэл улс орон бүрд оршсоор байдаг.
4.Улс төрчид болон улс төрийн намууд дахин сонгогдохын тулд том төслүүдийг эхлүүлж бүтээн байгуулалт хийх замаар олон нийтэд нэр хүндээ өсгөх хүсэл мөн нөлөөлнө.
Монголын мега төслүүд
Манай улсын хувьд Засгийн Газар мөрийн хөтөлбөр болон яамдаас Үндэсний Хөгжлийн Газар нэгтгэгдсэн мэдээ болон бусад эх үүсвэрүүдээс авч үзэхэд 46 орчим томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон эхлүүлэхээр дурдагдсан байгаагийн 11 нь нэг тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт хийгдэхээр буюу мега төсөл байна.
Тэдгээрийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”- ийн “Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, нүүрс, нефть-хими, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ” гэж заасны дагуу уул уурхай, боловсруулах, зам, эрчим хүч гэсэн салбаруудад хувааж болно.
“Оюу толгой” төсөл
Анх 1957 онд зөвлөлтийн геологич Я.Петрович Оюу Толгойн ордын орчим тандалтын судалгаа хийж зэсийн хүдэржилт байгааг тэмдэглэснээс хойш хэд хэдэн экспедиц хайгуул явуулсны хойно 2003 онд “Айвенхоу Майнз Монголиа” компани Оюу Толгойн ихээхэн нөөцтэй орд болохыг илрүүлж, 2005 онд Хюго Дамметын орд дэлхий дээрх хамгийн өндөр агууламжтай зэсийн порфитын ордны нэг болохыг тогтоосон байдаг.
Үүнээс хойш нийт таван жил хийсэн хэлэлцээрийн дүнд УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосны дагуу 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК (одоогийн Оюу Толгой ХХК), Айвенхоу Майнз Лимитед (одоогийн Туркуаз Хилл Ресурс), Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-тэй хөрөнгө оруулалтын гэрээг хамтран байгуулсан.
Гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар нь Оюу Толгой ХХК-ийн 34%, Туркуаз Хилл Ресурс 66%-ийн хувьцааг тус тус эзэмшихээр тогтсон бөгөөд 7 төрлийн татвар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар-ын хувь хэмжээг хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд тогтворжуулж, уурхай ашигтай ажиллаж эхэлсний дараагаас Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ноогдол ашиг олгохоор тохирсон байдаг. Оюутолгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюутолгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг тээвэрлэх боломж бүрдэнэ.
Тавантолгой “Эрдэнэс-Таван толгой” төсөл
2010 оны 08 дугаар сарын 27-нд хэрэгжих эхлэл тавигдсан. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, усан хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах цогц төсөл юм. Таван толгойн орд нь баруун болон зүүн цанхийн ордуудаас бүрддэг. Цанхийн Зүүн уурхайн ТЭЗҮ-ийг 2011 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Цанхийн Баруун ТЭЗҮ-ийг 2012 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагааг 2013 оны 2 дугаар сараас эхлүүлсэн. Цанхийн Зүүн уурхайгаас 2017 он хүртэл нийт 14.86 сая.тн, Цанхийн Баруун уурхайгаас 10.65 сая.тн нүүрсийг олборлосон байна. Харин ордын нийт илэрсэн нөөц нь 6.008 тэрбум.тн байгаагаас коксжих 2.050 тэрбум.тн, эрчим хүчний 3.757 тэрбум.тн, исэлдсэн 0.201 тэрбум.тн нүүрс байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр төсөл
Зэс баяжуулах үйлдвэр барих тухай асуудал анх Эрдэнэт үйлдвэр баригдах үеэс яригдаж байсан ч одоо болтол биеллээ олоогүй байна.
Зэс баяжуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор Өндөр суманд барихаар ТЭЗҮ-ийг хийсэн байсан ч Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн дэмжсэн. Хуралдаанаар үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг холбогдох яамны сайдад даалгасан. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах ойролцоогоор Оюутолгойн ордоос гарах хэмжээ, хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичих