Бараг л хүн болгоны хүслийн орон Америкт саяхан аж төрж байлаа. Би мэргэжлээрээ ажиллаж, эхнэр сурч төгсөөд хүүхэдтэй болж, амьдарлын ээлжит мөчлөгөө эхлэх үед би эр хүний хувьд гэж ирээд л нэг муйхар шийдвэр гаргасан юм.
“Би умгар гээд гэрээ голдог эр биш ээ, харина”
гээд гүрдийгээд суучихсан.
Энгийн ард нь улс төржөөд, улс төр нь утаа , угаадасдаа баригдсан газар луу буцлаа гээд эхнэр ер ойлгоогүй. Уурласан, уйлсан. Аргагүй шүү дээ, эм амьтан үр зулзагаа аль болох ээлтэй орчинд өсгөх байгалийн совинтой хойно.
“Монгол цустай, америк удам үлдээхгүй ээ. Муу ч гэсэн Монгол хүн үлдээх үүрэгтэй чи бид хоёр “ гэж муйхарласаар Монголдоо ирсэн.
Би утаанаас, улс төрөөс, ядуу амьдарлаас, бага цалингаас айгаагүй. Би Монгол удмаа үүрэндээ үдээх гэж ирсэн нүүдэлчин. Нэгэнт ирсэн болохоор эхнэр ч олон үг хэлдэггүй, бид бусдын адил хоёр идэхгүй хоосон хонохгүй болгоод л явж байна. Харин одоо харамсах нь ээ нэг л юмыг би тооцоолсонгүй, тооцоолсонгүй ч гэж дээ мэдсэнгүй.
Хүмүүн төрөлхтөн арьс өнгө, иргэншлээс илүүтэйгээр сэтгэхүйгээрээ ялгагддаг.
Сэтгэлгээ, аливаад хандах хандлага, учир зүйг харах өнцөг, хувь хүний төлөвшил бүгд өөр. Энэ өвөрмөц шинжийг хэл агуулдаг, учир нь хэдэн мянган жилээр өвөг дээдэс нь хөгжүүлж, баяжуулж, хэрэглэсээр өөрсдөө явахдаа үр удамдаа үлдээдэг ганц өв нь.
Хүмүүний дэвшлийн гол түлхүүр хэл, хүний зулзага хэл сурахдаа цагаан цаас, байгаа орчноо шууд буулгана, буулгахдаа аль амраар шуудаар буулгана. Цэцэрлэг, сургууль, найз нөхөд нь англиар ярьж байвал гэрт ээж аав мянга хүчлээд Монголоор ярихгүй, хүсэхгүй, хүүхэд аль хэл өөрт нь дөхөм , амар байна тэрийг л сонгоно, үүгээрээ дамжаад тийм л сэтгэхүйтэй , тэр хэлтэн, тэр улсын иргэн болж хүмүүжнэ.
Хэл бол хэрэглээ, хэрэглээндээ хязгаарлагдаж хэл үүснэ, хөгжинө, баяжина.
Монголчууд нүүдэлчин ард болохоор мал аж ахуй, нүүдлийн аж байдалтай холбогдолтой үг, хэллэгээр дэлхийд толгой цохино гэхэд хилсдэхгүй үнэн.
Үүнийгээ дагаад Монголчуудын сэтгэхгүй суурьшмал түмнийхээс өөр, өвөрмөц. “Саравчлан харах, даллан дуудах” гэх мэтийг хэд хэдэн хэл дээр буулгах гээд чадахгүй, бөөн инээдэм болж байснаа санаж байна. Энэ хоёрхон хэллэгээс уудам нутаг минь ханхлах шиг.
Хэрэглээ байгаа газар хэл хөгждөг. Жишээ нь : Монгол хэл мэддэг хүн бөхийн тайлбар Монголоос өөр хэлээр тоож үзэхгүй , сонсохгүй гэдэгтэй Монгол хэл гадарладаг ямар ч гадаад зүрхэлж маргахгүй. Бусад спортын тайлбарыг бол эсэргээрээ гадаад хэл гадарладаг Монгол хүн Монголоор хэзээ ч үзэмгүй. “- Мөргөлтийг толгойгоороо гүйцэтгэв\Мөргөв\, Блү лайн давуулаад\Хөх шугам давуулаад\, Клүүшээ алдчихлаа\Цохиураа унагачихлаа\, Удартай буулаа \Жинтэй буулаа\, Энэ байдал нь тамирчинд ядралтыг өгөх боломжтой\Энэ байрлалд удвал ядрах эрсдэлтэй\ , Тамирчид ядралтыг авсан байна.\Тамирчид ядарчээ\ Бага Финийш, Том Финийш болох гэж байна \Их, бага шөвөг эхлэх гэж байна.\” .
Хэл өөрөө амьд болохоор, зарим үг хэллэг түүх болж, өөр зарим нь шинээр үргэлжлэн төрж, хэрэглэгдэж байдаг зүй тогтолтой.
Жишээ нь: Залуучуудад сонин сонсогдох байх. Өглөөний мэнд, өдрийн мэнд гэх мэндчилгээнүүд 1987, 88 оноос л дөнгөж нийтийн хэрэглээ болж эхэлсэн гэвэл? Тэр үед надтай :”-Өдрийн мэнд” гэж мэндлэхэд инээдтэй ч юм шиг, хэлбэрдээд байгаа ч юм шиг сонин санагддаг байлаа, одоо бол дасч дээ, нүүдэлчид олуулаа бөөгнөрөөд ийм мэндчилгээ авахаас ч өөр яах вэ дээ, зөв шүү дээ. Тэглээ гээд , хөгжиж байгаа нь энэ гээд өөрийн онцлог, унаган төрх, өнгө зүс, амт чанараа алдаж болохгүй , бусад ард түмэн ийм байдалд орохгүйн тулд хатуу хууль, үгүй юм гэхэд төрийн хараа хяналт, бүр чаддаггүй юм гэхэд үндсэрхэг үзэлтнүүдийнх нь шахалтаар эх хэлээ хамгаалж байна. Гэтэл манайд? Миний мэдээгүй, тооцоолоогүй зүйл гэвэл орчин цагийн Монгол хэл өөрчлөгдчихөж, миний мэдэрч байгаагаар зөв чигт лав биш.
Дөнгөж дунд сургуулийн Монгол хэлний боловсролтой мулгуу мань мэт ингэж бодож байхад манай хэл шинжлэл, судлалын доктор профессорууд маань юу бодож, хэрхэн тэмцэж байгаа юм бол? Цээж гэхийг лав Чээж гэж бичүүлдэг болгосон юм гэнэ лээ, өөр ?
10 жилийн Монгол хэлний багш маань: “ Заахын тийн ялгалыг \-г,-ийг,-ыг\ зөв хэрэглэхгүй бол та нарын зохион бичлэг утга найруулгатай болохгүй. Хууль цааз, төрийн хэллэгт хэрэглэх нь бий, харин утга зохиол , өдөр тутмын хэрэглээ нэг өөр” гэж зааж байсан бол одоогийн багш нар хаана боломжтой байна шууд залгаад бай , залгаад бай гэдэг болсон байна. Жишээсээд байх юмгүй бид бүгдийн өдөр тутам сонсдог, уншиж хардаг: “Мэдээг хүргэе, Асуултыг тавья ” өдөр болгон иймэрхүү чамирхсан буруу юм сонссоор одоо бүр “Ажлын хувцсыг зарна” гэх мэтээр өдөр тутмын хэрэглээ болж. Угтаа бол аль болох зайлсхийх ёстой эд. Тэгж байж Монгол хэл яруу сонсогдоно. Энэ нь бидний Эх хэлний онцлог. Энгийн ард түмэн нь улс төржиж, төрийн, хууль цаазын хэллэг өдөр тутмын ахуйдаа хэрэглэдэг болжээ. Маньд бол муухай, буруу , хэлээ доромжилж байгаатай адил.
Улс төр гэснээс улс төрчид маань бүхэл бүтэн тусгай хэл гэхэд хаашаа юм нэг тийм эрэмдэг, зэмдэг хэлний яргалал, чамирхал үүсгэж үүнийг нь даган баясагчид нь улам түгээн дэлгэрүүлдэг болсон байна. Наад захын ганцхан жишээ: “Төсөвт суугдсан нь бидэнд ингэж ойлгогдсон.” Хэн төсөвт оруулсан тодорхойгүй, бид ойлгоогүй зүгээр өөрөө ойлгогдчихсон. Эзэнгүй төрийн түшээ л ингэж ярих байх. Саяхан эмнэлэгт асууж байна: "Ах аа, таны цус авагдсан уу?” “Би цусаа өгөөгүй, хүн надаас цус аваагүй тэхлээр одоо юу гэх юм бол доо? гэсэн, намайг цусаа биш мэдрэлээ шалгуулбал таарна гэх аятай ширэв татаж байна лээ.
Монгол хэл баялаг болохоор үйл үгнээс нэр үүсгэх боломжтой, гэхдээ бүх үйл үгнээс дураараа нэр үг үүсгэж болохгүй , хэрэв тэгвэл буруу гэхээс илүүтэй бүр Монгол биш болно. Орчин үед бол хэн дуртай нь ямар ч үйлийг нэр болгодог болж. Жишээ нь: "Өлсгөлөн гэж үг байхад л Өлсөлт гээд байгаа сурвалжлагч нэртэй нөхөртэй юу ярих вэ дээ?- ... хүний биед өлсөлт үүсэх боловч... гэх юм, өл даах эсвэл зүгээр өлсөх гэх ёстой.
“Тууралт өгнө, Улайлт өгнө” гэж аль соц нийгэмд байсан хэллэг, анагаах ухаан Орос ах нараас сурсан анхны боловсон эмч нарын маань махчилж орчуулсан ойлголт. Гэтэл одоо энэ “Өгнө, Авна” бүр хил хязгаараа даваад өдөр тутмын, тэр бүү хэл төрийн хэрэглээ болтлоо даварсан байна. Жишээ нь: “-Төсөв ачааллыг авсан.\энийг нь дуурайгаад –Зам ачааллыг авсан\ ” Цагаан сараар хивсээ угаах шингэн сонгож байгаа хоёр авгай ингэж ярьж байх юм:”-Энүүгээр угаавал хивс ёстай аймаар хирээ өгдиймаа”. Жинхэнэдээ бол махчилсан, Монгол хэлтэй харш, өөр сэтгэхгүйн харь эд. Монгол хэлний бусад хэлнээс ялгагдах онцлог, үүнийгээ дагаад Монгол хүний бусдаас өөр сэтгэхүй ,бодь чанар гэвэл амьд, амьгүй, үйлдэхүүн, үйлдэлч гэх мэт ойлголт орчин цагийн Монгол хэлэнд Англи, Орос, Хятад өөр ямар хэлтэй юм аль тааралдсантай нь холилдоод бүр утгаа алдсан байна, ямар сайндаа л олон нийтийн зурагтаар, радиогоор “ Мэдээлэл өгөгдсөн, Шалгарагдсан шагналууд...” гэж бичиж,ярьж байхав дээ.
Заримдаа инээд хүрдэг юм, хэн нэгэн гадаад хүн орчин цагийн Монгол хэл сонирхоод сурвал үй олон тодотгол үг “ Маш, үнэхээр,өчүүхэн,агуу,ялигүй.. гэх мэт” чээжлэх ямар ч шаардлагагүй мааш амархан болжээ гэж. Ганц үг мэддэг байхад л хангалттай: АЙМААР.
Харийн хэд гурван үг хэллэгээр тогтохгүй бүхэл өгүүлбэрээр нь, цаад уг бүтэцтэй нь тэр чигт нь Монголчилж чадалгүйгээр, өчүүхэн ч тунгаалгүйгээр мулгуугийн гайгаар буруу орчуулан хэрэглэж, үүнийг нь дуртай болгон бас л мунхгийн үлгэрээр даган хөөрцөглөж, өдөр шөнөгүй нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тархи угааснаар бидний хойч ирээдүйн бахархал, Монгол улсын дархлаа байх ёстой Эх хэл маань өөрийн онцлог, давтагдашгүй мөн чанар, аялгуу сайхан байдлаа аль хэдийнээ алдчихжээ. Хамгийн харамсалтай нь эдгээр гажуудал завхралыг хэлд орж байгаа мянга мянган бяцхан үрс маань цагаан цаасан дээрээ тодоос тод бичсээр байна....
Муу гэр минь даанч Умгар байна даа, хэн нэгэн уургынхаа үзүүрээр сулхан ёрвоход л нураад унахаар. Гэрээ засъя гэхээр найр наадам нь дуусахгүй бололтой, манай ойр орчимд алтан гургалдай, хөхөө шувуу лав байхгүй, бүгд ичсэн нүүрэндээ дайжаад алга болсон.
Г.Отхон
Аймаар гэдэг супер үгийг ёстой л аймаар их хэрэглэдэг болж дээ.
Аймаар гэдэг супер үгийг ч ёстой л аймаар их хэрэглэдэг болж дээ.
Янаглан хорлогчдын нэг байна. Яахав их л эх оронч юм биздээ. Гэхдээ үнэхээр сэтгэлгээний цар, ирээдүйн хандлага олон чухал зүйлийг огт ойлгоогүй нэгэн аж. Одоо мэргэжлийн эх оронч үндсэрхэх үзэлтэн болох эсвэл нам бараадаж хоол иднээ хөө. Өөр гарцгүй. Маш гүнзгий сэтгэх гэсэн боловч даанч өнгөц байна.
Үнэн шүү... Сайхан Монгол хэл минь устах вий . Англи, орос , солонгос үгс оруулж яриад түүнийгээ их соёлтой, боловсролтой мэт боддог хүмүүс үүнийг уншаасай