Нийтлэл 03 сарын 20, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Заримдаа уншсан зүйл минь намайг дотроос минь алж хэмлэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн Амарсайханы Насантогтох өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм. 

Таны амьдралыг харах өнцөг, үзэл бодол?

Хүн бүрийн дотор олон хүн нуугдаж байдаг байх. Миний дотор ч гэсэн хэд хэдэн хүн бий заримыг нь би тэжээж, хөгжүүлж ирсэн харин заримыг нь би зориуд алж орхисон байх. Тиймээс миний хариулт, миний доторх хүнээс хэн нь одоо намайг эзэмдэж буйгаас хамаарна. Одоо хэлэх хариулт минь миний доторх орших хүмүүсийн зөвхөн нэгийнх нь үзэл бодол байх  Амьдрал бол төөрөгдөл. Хүний тархи яг л өөрт нь ирж буй бүх долгионыг хүлээн авагч мэт ажилладаг бөгөөд энэхүү хүлээн авагчийн хүлээн авсан мэдээлэл, ойлголт бидний үзэл бодлыг бий болгох ба бидний тархин доторх төөрөгдлийг үүсгэдэг. Харамсалтай нь бид үүнийгээ өөрсдөө үнэн хэмээн ойлгох бөгөөд түүнийхээ төлөө нэгнийгээ хорооход ч бэлэн байдаг. Энд би аз жаргалтай байх талаар дурдаагүй шүү. 

  Урлаг, утга зохиолд яагаад дурлаж, бичвэр нийтлэл бичих болсон бэ?

Яагаад унших мөн бичих дуртай болсон бэ гэсэн асуултад унших нь намайг унших дуртай болгосон. Харин бичих нь намайг бичих дуртай болгосон гэж хэлнэ. Яагаад гэвэл би уншиж эхэлтлээ би унших дуртай байгаагүй. Мөн бичиж эхэлтлээ бичих дуртай байгаагүй. Унших нь надад өөрийнхөө төөрөгдсөн бодлыг өөрөө шүүн тунгаахад минь туслахаас гадна бусдыг ойлгох, хүндэтгэх үзэл бодлыг төлөвшүүлдэг учраас уншдаг.  Заримдаа уншсан зүйл минь намайг дотроос маань хэмлэж алж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ийм мэдрэмжийг мэдрэх нь хэцүү ч гэсэн заримдаа надад энэ нь таалагддаг. Харин бичих нь намайг тайвшруулдаг. Түүнээс гадна миний бичиж буй зүйл хэрэгтэй хүнд нь хэрэгтэй цагт нь зөв санааг өгөх болов уу хэмээн итгэдэг. Хэзээ, хэнд ямар мэдрэмж, мэдээлэл утга санааг өгөхийг нь би өөрөө мэддэггүй бөгөөд мэдэхийг ч хүсдэггүй.

Хүний амьдрал тохиолдох аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал гэж таныхаар яг юу вэ?

Эдгээрийг би хүн өөрийн хүлээн авсан туршлага, мэдлэг, мэдээллээсээ шалтгаалан өөрийнхөө одоогийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ л гэж хардаг. Өөрөөр хэлбэл, аз жаргал бол өөрт тохиолдсон зүйлээ сайн сайхан зүйл хэмээн итгэх итгэлээс, харин уйтгар гуниг бол муу муухай зүйл тохиолдож байна хэмээн ойлгосноос үүссэн хоосон зүйл. Ганцаардал ч гэсэн энэ мэт төсөөллийн л нэг болов уу. Гэхдээ эдгээр мэдрэмжүүд нь хүн гэдэг амьтныг амьд байгааг нь мэдрүүлдэг цөөхөн хэдэн мэдрэмжүүд юм. Яагаад гэвэл эдгээр мэдрэмжүүдийг бид барагтай л бол удирдаж чаддаггүй. Хэдий гуниглах, баярлах, эсвэл ганцаардах шаардлагагүй гэдгийг мэдэж буй ч гэсэн сул дорой хүн учраас эдгээр мэдрэмжээс зугтаах зам байдаггүй. Гунигтай мэдрэмжийн дараа би хүний зовлонг илүү гүн ойлгож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Харин баяр жаргалтай мэдрэмжийг мэдэрснээр хэр баргийн юманд сэтгэл нь хөдлөөд байх нь багасдаг юм шиг санагддаг. 

 

Сэтгэгдэл бичих

    • WAVY
    • 2018-03-20

    Энэ хэдэн хуульч нар яагаад дангаа нэг фото зургийн студид очиж зургаа авахуулдаг юм бэ?

arrow icon