Нийтлэл 03 сарын 21, 2018

Ө.Энхтүвшин: Наадам хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглоё

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Үүний хүрээнд шадар сайд Ө.Энхтүвшин Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг ороллцуулан уулзалт зохион байгууллаа. 

 

 

Шадар сайд Ө.Энхтүвшин: “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна.

Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна”  Түүнчлэн морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэх шаардлагатай" гэв. 

 

 Мөн  “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хойчдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчлан үзэхийг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon