Монгол хүний амьдрал зовлонгоор дүүрэн болжээ. Амьдралын аар саар жижиг, сажиг асуудлууд Монгол хүнийг зовлонгийн намагт өдөр бүр л улам гүн рүү татсаар. Монгол хүн өнөөдөр өнөө маргаашийн хоногийн хоол, дулаан хоноглох оромж зэрэг жижиг асуудлаас гарч чадахгүй байгаа учир ямар амьдралын зорилго, утга учир байх билээ.
Юун хөгжил, ямар ирээдүй ярих ч билээ. Бидний амьдрал өнөөдөр жижиг зовлонгоор дүүрэн тамын тогоо. Бухимдлаа ойр тойрныхондоо гаргах тусам хүмүүс хоорондын моралын нандин хэлхээ улам алдагдсаар байгаа. Нэг нэгэндээ дайсан, бидний хэлдгээр хонь, чоно мэт болсоор байна.
Монгол орон зовлонгийн тамд унаж, цөхрөлийн тогоонд хөмрөгдсөн нь тодорхой болсон.
Тамаас юу биднийг салгаж чадах вэ? Зовлонгоос юу ангижруулах вэ?
Зөвхөн мэдлэг гаргадаг гэдгийг хүн төрөлхтний түүх батална.
Мэдлэгийг хүн бүтээдэг, хүн тээж явдаг. Төр гэдэг бол бас нэг л төрлийн мэдлэг. Хэрэв ийм мэдлэггүй хүмүүс төрд гарвал төр гэдэг зүйл устаж, оронд нь “Kleptocracy” буюу хулгайч, дээрэмчдийн засаглал бий болдгийг 2600 жилийн өмнө Платон хэлсэн байдаг.
Өнөөдөр Монголд төрийн нэр хаяг зүүсэн эртний балар үеийн, феодалжсан, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжтэй, оюуны хамгийн доод түвшний хэсэг бүлэг хүмүүс л байна. Ийм байхад нийгэм моралын гамшигт орж, монгол хүн хаягдаж, мэдлэг устахгүй гээд ч яах билээ. Улс орныг хөгжүүлэх, монгол хүний сайн сайхныг бүтээх хүсэлгүй хүмүүсээс юугаа хүлээж сууна вэ? Ямар залгамж халаа вэ?
Хөгжил цэцэглэлт, сайн сайхныг зөвхөн мэдлэг л авчирдаг болохоос төрийн хийж чадах зүйл хязгаарлагдмал гэдгийг хүн төрөлхтөн хэдийнээ ойлгочихсон. Үүнийг мэдэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай.
Тэгэхээр мэдлэгийг хөгжүүлэхийн тулд бид худал хуурмагийг ил болгож, үнэн гэж юу болох тухай үндэстний мэтгэлцээн явуулах цаг болсон. Өдийг хүртэл хэрэглэж заншсан мэдлэг, тэдгээрийн нэр томьёо нь үнэн баттай, хаана ч хүчинтэй эсэхийг критик хийх ёстой. Хэрэв мэдэхгүй бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, улам сайжрахыг хүсэхгүй гэж үү?
Мэдлэгтэй нэг, хоёрхон хүн л нийт хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн түүхийг бүтээсэн. Жирийн ард түмэн хаан адил амьдрах боломж нь мэдлэгтэй хүмүүсээ илрүүлж, тэдэнд ажил хийх, боломж нөхцлөөр хангасан нь л хөгжил цэцэглэлтэд хүргэсэн байдгийг бодит жишээнээс харцгаая:
1.Сократ, Плато, Аристотель нар хүн төрөлхтөн мэдлэгтэй болж, академи гэдэг мэдлэгийн тасаршгүй ундарга болсон институтийг бүтээсэн нь өнөөдөр хүртэл хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг авч явна.
2.Тэмүүжин нэртэй Чингис Хаан хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хөгжил цэцэглэлт, энх тайвныг авчирсан дэлхий дахинаа "ПАКС МОНГОЛИКА" гэж алдаршсан орчин үеийн дэлхийн тогтолцооны эхлэлийг тавьсан.
3.Сэргэн мандалтын үед агуу мэдлэгтнүүд хүн төрөлхтнийг өөрийн эзэн болж амьдрах боломж буйг нээж, бурхны боолчлолоос чөлөөлж, хүнлэг хүн төрөлхтний түүхийг нээсэн түүхтэй.
4.Францис Бакон Англи орныг соён гэгээрүүлж, Исаак Ньютон хүн төрөлхтнийг шинжлэх ухаантай болгож, Жеймс Ватт, Адам Смит нар хүн төрөлхтнийг хөдөө аж ахуйн соёл иргэншлээс аж үйлдвэрийн соёл иргэншилд хүргэсэн.
5.Францын Жан Жак Руссо гэх мэт мэдлэгтнүүд хүн төрөлхтнийг ардчилсан төртэй байж болох түүхэн хуудсыг нээсэн.
6.Германы Кант, Хегел, Фербах, Карл Маркс нар хүн төрөлхтний өнөөгийн оюуны хөгжил, цэцэглэлтийн суурийг тавьсан.
7.Жорж Вашингтон, Томас Жеферсон, Бенжамин Франклин гэх цөөхөн хэдэн хүн өнөөдрийн хүчирхэг Америкийн Нэгдсэн Улсын төрийг байгуулсан.
8.Вандербилт, Карнеги, Рокфеллер, Ж.П. Морган гэх 4-хөн нөхөр 20 хүрэхгүй жилийн дотор хүчирхэг эдийн засагтай Америк орныг бүтээсэн.
9.Томас Эдисон гэсэн ганц л эр хүн төрөлхтний өрх болгоныг гэрэл гэгээтэй болгосон шүү дээ.
10.Тогтмол гүйдлийн эрчим хүч, хувьсах хүчний эрчим хүчний аж үйлдвэрийг хүн төрөлхтөнд анх удаа Томас Эдисон, Николас Тесла 2 л бүтээсэн.
11. Хүн болгоныг машин гэх унаатай болгох түүхийг Хенри Форд гэж ганцхан эр бүтээсэн шүү дээ. Европын орнуудын хүн бүрийг машинтай болгосон цорын ганц Порше гэж хүн байдаг.
12. Хэдэн мянган жил Күнзийн догмад баригдсан Япон үндэстнийг орчин үеийн үндэстэн болгож төлөвшүүлэх түүхийг Мэйжи гэдэг нэртэй Япон эр эхлүүлсэн.
13. 5000 жил Күнзийн догмад баригдсан Хятад үндэстнийг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгтэй ард түмэн болгож хөгжүүлсэн Мао Зи Дун гэдэг нэг л нөхөр байдаг.
14. Хүн төрөлхтнийг мэдээллийн технологийн шинэ соёл иргэншилд оруулсан хүн 17-хон настай бацаан Билл Гейтс байсан.
15. Хүн бүрийг компьютертой болгосон түүхэн хуудсыг бас л 17-хон настай бацаан Стив Жобс нээсэн.
16. Орчин үеийн биотехнологийн эрин үеийг 28-хан насан Роберт Свансон гэх бакалаврын цол зэрэгтэй залуу бүтээсэн.
Хэрвээ Монголд эх оронч хүн байвал Монгол хүн бүрийг мэдлэгтэй болгох шинжлэх ухаан, боловсролд төсвийн 30 хувийг зарцуулах улс төр бий болох ёстой.
Мэдлэг л бүх мухардал, хямрал, цөхрөлийн гарц гэдгийг ухаарах цаг иржээ. Ид шид, лам хуварга, төр нэртэй хулгайчид лав биш.
Моралтай Монгол Сан
ГОЛЫГ НЬ ОЛООД БИЧЖЭЭ ! БӨХ БОЛ ТӨР ГЭЖ БУЙ УИХГ - ТЭЙ ТӨР ШҮҮ ДЭЭ !!!