Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн Батжаргалын Дөлгөөн өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.
Дөлгөөн гэж чухам ямар бүсгүй вэ. Амьдралын харах өнцөг, үзэл бодлоосоо хуваацаач?
Би ер нь их өөдрөг хүн л дээ. Амьдралыг харах өнцөг маань өнгөлөг, гэрэл гэгээтэй. Муу хүнд ч сайн тал бий, архичин хүнээс ч сонсох сургааль бий гэж үздэг. Хүнээс аль болох сайн талыг харж, эерэг сэтгэгдэл авч үлдэхийг хичээдэг. Ямар сайндаа л нэг шалгалтанд 2, 3 удаа унасан ч шантраагүй. Бүр шарандаа тэнцэн тэнцэтлээ ахиж өгсөөр л байсан. Ийм сонин сэтгэл санаагаар унаж, уурлаж, бухимддаггүй аливаа зүйлсийг хүндээр тусгаж авдаггүй эерэг хүн.
Сэтгэлийн хүүрнэл бүлгэмд яагаад нэгдэх болсон бэ. Утга зохиол сонирхож бичиж эхлэх болсон үеэ дурсаач?
Анх 1-р курстээ л найзаасаа Эмүжин зохиолчийн "Улбар хөлт" гэсэн номыг бэлгэнд аваад уран зохиолд дурлаж номын хорхойтон болсон. Шөнөжингөө нойргүй хонож ном уншина. Унтахаараа зүүдэлнэ, хичээлийн завсарлагаанаар номоо нээнэ, хичээл орохоор хаана, цалин буух бүрт нэгээс хоёр ном худалдаж авна. Авсан ном маань таалагдахгүй бол шууд л болино. Хүчлэхгүй. Хүсэл сонирхлоо л дагадаг. Гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарахдаа, зун зуслан дээрээ, автобусанд явахдаа гээд л цагийг зугаатай өнгөрөөж номонд улам л дурлах болсон.
Мөн би оюутан байхдаа айлд хүүхэд асрагч хийдэг байсан. Тэр айл маань их гоё номын сантай.
Гадаад, Монголын сонгодог зохиолууд болон бэстсэллерүүд, түүхийн болон хувь хүний хөгжлийн гээд маш өргөн сонголттой номуудтай. Хүүхдийн өсөлтөнд нойр чухал, их унтуулах хэрэгтэй учир өдрийн 3-4 цаг заавал унтуулдаг байлаа. Зун бол ой модон дунд, бороотойд тагтан дээр, өвөл нэхий өлгийтэй гадаа хүүхдээ унтуулж байхдаа тэр сайхан номын сангаас хүссэн номоо бариад суудаг байлаа. Номоо тэврээд, тайван унтаж байгаа хүүхдийг харах. Энэ бол хамгийн сайхан мөч шүү.
Хүний амьдрал дандаа сайхан байдаггүй. Уйтгар гуниг ганцаардлын талаар таны бодлыг сонсъё?
Ганцаардал гуниг бол амьдралын салшгүй нэг хэсэг. Олны дунд байхдаа ч ганцаардардах тохиол олон
. Үргэлж хүмүүсээр хүрээлүүлж байж хөгжилдөх хэрэггүй, ганцаараа байхдаа ч гэсэн ганцаардалгүйгээр хөгжилдөж өөрийгөө хөгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн олонтой биш ганцаараа байхдаа өөрийгөө олж, өөрийгээ нээж, өөрийнхөө дотоод дуу хоолой, хүсэл мөрөөдлөө илүүтэй сонсдог. Хүний бүтээлч байдал нь ганцаараа байхад их илэрдэг.
Шархалсан зүрх хамгийн сайн шүлэгч болдог шиг гуниг ч бас сайн талтай.
Аз жаргалыг хүмүүс жижигхэн зүйлээс ч мэдэрч болно. Аз жаргал гэдэг тодорхойлолт бол хүн бүрт өөр өөр. Аз жаргал бол амттай хоол идэх, аз жаргал бол хайртай хүнийхээ тэвэрт сэрэх, аз жаргал бол аавын гарын хоол, аз жаргал бол аялал, аз жаргал бол ганцаархнаа машиндаа дуртай дуугаа чангалаад орилох, аз жаргал бол гэртээ ирээд зүгээр л ээж гэж дуудах, аз жаргал бол бяцхан хүүхдийг ход ход инээлгэх томчуудын тэнэг үйлдлүүд гэх мэт.
Урсан өнгөрөх хором мөч бүрт аз жаргалыг мэдрүүлэх ядаж ганц зүйл байдаг.
Харин тэрийг аз жаргал гэж таньж хүлээж авах нь таны л сэтгэлийн сонголт.
Сэтгэгдэл бичих