Нийтлэл 03 сарын 28, 2018

Галын гарц, гамшгийн эрсдэлийг тооцож барилгын зөвшөөрөл олгох хэрэгтэй

Хэт замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй орон сууц хоорондын зай багатай барилгууд олширох болсон. Энэ нь стандартын шаардлага хангаагүйгээс эхлээд гамшгийн үед иргэдэд ихээхэн аюул дагуулах эрсдэлтэй. Гэтэл үүнийг үл харгалзан оршин суугчдын эрхийг зөрчин галын гарцыг хааж барилга барих зөвшөөрөл олгосон нь маргаан дагуулсаар байна.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44 дүгээр байрны доор зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг нураах үйл ажиллагаа саяхнаас явагдаж эхэлсэн. Гүйцэтгэгч компанийн зүгээс зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нурааж байгаа гэсэн тайлбар өгч байгаа боловч энэ өргөтгөлийн орон "Зан интернэйшнл" компанийн таван давхар барилгын ажил эхлэх гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэхүү барилга нь баригдсанаар 6 айлын наран талын цонхыг хааж, нар салхи орох цор ганц урсгалыг хаах төдийгүй ойр орчим дахь цор ганц галын гарцыг хаах эрсдэлтэй юм байна. Энэ талаар НХТЕТГ-аас  газраас тодрууллаа.  

НХТЕТГ-ын  Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул: Энэ байршил дээр барилга  барих газар олголтын гэрээ анх 2004 онд хийгдсэн юм билээ. Тэгээд 2005 онд зөвшөөрөл олгосон боловч иргэд эсэргүүцсэн учир одоо болтол шүүхийн шатанд маргаантай хэвээр л байгаа юм билээ. Харин иргэний шүүх дээр энэ хэрэг хаагдсан гэх мэдээлэл бидэнд байна. Гэвч бид бол одоо дагаж мөрдөж буй дүрэм журмаараа л ажиллана. Хэдийгээр барилга барих зөвшөөрөл байсан ч 2 жил үйл ажиллагаа явуулаагүй бол газрын зөвшөөрөлтэй эсэх асуудал гарч ирдэг. Одоогоор "Зан интернэйшнл" компаниас манайд мэдэгдэл ирүүлээгүй байна. Үнэхээр шүүх дээр газрын маргаантай бол бид зөвшөөрөл олгохгүй” гэлээ

Энэхүү  барилга нь 1958 онд ашиглалтад орсон гэх. 44-52-р байруудын дунд байх ганц галын гарцыг 2005 оноос эхлэн Зан интернейшнл гэх компани булаацалдан байж шүүхийн шийдвэрээр газрыг нь авсан.  Одоо хийгдэж буй  нураалтын ажлын дараа 44, 45-р байрны дунд галын гарцыг хааж барилга барих гэж байгаад иргэд дургүйцэн удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа.

Оршин суугчид дан ганц барилга бариулахтай тэмцэж байгаа асуудал биш ажээ. Нураалт хийгдэж эхэлснээс хойш 44-р байрны хана байнгын доргилттой, тоос тортог, чимээ шуугиан тасрахгүй оршин суугчдын амар тайван амьдрах эрхийг ноцтой зөрчиж хажууханд нь үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан, аж ахуй нэгжүүдийн  өдөр тутмын ажилд нь ихээхэн саад учруулаад байгаа аж. Барилга хоорондын зайны хувьд цонх цонхоороо харсан бол 2-4 давхар барилгууд хоорондоо 21 метрийн зайд баригдах ёстой байдаг гэтэл 44-45 байрнуудын хооронд баригдах барилга барилгын стандарт нормыг хангахгүй байгаа юм.  

Нийслэл хотод хоорондоо хэт ойрхон баригдсан нэг цохноос нөгөө цонх руу орчихмоор барилгууд олон бий. Дээр нь галын гарц, гамшгийн эрсдэлийг тооцоолоогүй хирнээ хот төлөвлөлтийн газраас барилга барих эрхийг нь өгчихсөн  асуудал ч олон бий. Үүний нэг золиос нь Цэрэндоржийн гудамжны 44,45-р байр болх нь. Юу юугүй дуусах гэж байгаа энэхүү нураалтын ажлын араас “Зан интернейшнл” гэх компани барилгын ажлаа эхлүүлчих юм бол 6 айл нар үзэхгүй болох нь. Хамгийн харамсалтайн 10 гаруй жил тэмцээд хүчин мөхөстөж байгаа оршин суугчид барилгын ажил эхлэхээс өмнө байранд нь нуралт үүсэх магадлалтай байгаад санаа зовнин сууна. Наанадаж барилга хоорондын зай стандартын шаардлага хангахгүй, галын гарцыг хааж барих гэж байхад шүүхийн шийдвэр оршин суугчдын эсрэг гаргасан байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon