Нийтлэл 03 сарын 28, 2018

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ

 “Монголын эдийн засгийн чуулган” Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:“Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан. Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллана. Мөн эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.
Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг хэрэгжүүлнэ. Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна. Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ”гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon