Нийтлэл 03 сарын 29, 2018

Б.Тэнгис: Энэхүү анимэйшн Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болно

Диснейн стандартаар бүтсэн үндэсний контент "Чингис Хаан" бүрэн хэмжээний Монгол анимэйшний талаар Ерөнхий найруулагч Б.Тэнгистэй цөөн хором ярилцлаа.

“Чингис хаан” анимэйшн бүтэхэд хэдэн жилийн хугацаа зарцуулсан бэ?

"Чингис хаан" анимэйшныг Монгол хүн өөрөө зохиолыг бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааны жинхэнэ түүхээр бүтээлээ. Энэхүү төслийг Ocean Pictures студи 2011 оноос эхлүүлж "Чингис Хаан" бүрэн хэмжээний Монгол анимэйшн нь Монгол уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн болж мэндэллээ.

Энэхүү анимэйшнийг Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн. Монголын нууц товчоог бүхэлд нь кино болгоно гэдэг мэдээж хэцүү. Хэдэн бүлгээр нь хийсэн бэ?

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол нууц товчооны эхний 8 бүлгийн агуулга, бодит түүхээр хийсэн. Кино 1 цаг 30 минут үргэлжилнэ.

Чингис хаан анимэйшний онцлог давуу тал нь юу вэ?

"Монголын Нууц Товчоо"-ноос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийсэн. Уг бүтээл нь дэлхийн анимэйшн, хүүхэлдэйн киноны ноён оргил болсон Дисней компанийн стандартуудыг бүрэн хангаж бүтсэн гэдгээрээ онцлогтой. Монголчууд монгол кино үзэхээр Монголчууд хийсэн юм чинь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг үүднээс үздэг. Харин бидний 8 жилийн хөдөлмөр зарцуулсан энэхүү анимэйшнийг яг л дэлхийн стандарттай харьцуулж үзээсэй гэж хүсэж байна. Мэдээж төдийгүй дэлхийд таниулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

 Уран бүтээлийн баг бүрэлдэхүүний хувьд хэдэн хүн байгаа вэ. Мэдээж хэрэг анимэйшн хийхэд  техник технолгийн, дуу дүрсний багагүй асуудал гарна. Үүнийг яаж шийдсэн бэ?

Манай уран бүтээлийн баг нийтдээ 800 гаруй хүн байгаа. Өөрөөр хэлбэл 800 гаруй хүний хөлс хүч хөдөлмөрөөр,  8 жилийн хугацаанд бүтсэн бүрэн хэмжээний анимэйшн. Бид маш сайн дэлхийн стандартад нийцсэн бүтээл гаргахын тулд үнэхээр их хичээсэн. Маш олон жүжигчид дуучид оролцсон. Гадны анимэйшн хийдэг туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авсан.  Гэрэл, дуу дүрсийг чанарын өндөр төвшин яаж гаргах гээд мэргэжлийн төвшинд зөвлөгөө өгч ажилласан. 

 Энэхүү анимэйшний нийгэм, хүүхэд багачуудад хүргэж буй санаа нь юу вэ?

“Чингис Хаан” анимэйшн нь Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд Монгол улсынхаа нэрийг таниулах сурталчлах томоохон контент болж байна. Орчин үед түүхээ мэдэхгүй нууц товчоо уншаагүй өчнөөн хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдэд бидний өвөг дээдэс ийм баатарлаг хүмүүс байсан гэдгийг таниулж, бид ийм баатарлаг түүхтэй шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон.

Үг хэллэгийн хувь Монголын нууц товчоо нэлээд эртний хэцүү хэллэгтэй шүү дээ. Анимэйшн гэдэг утгаараа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан байх энэ талаар?

Мэдээж өөрчилсөн. Гарч буй үйл явдлууд яг нууц товчоогоор боловч киноны үлгэрийн дүрүүдийн ааш зан, гаргаж буй үйл хөдлөлд тааруулан өөрчилсөн. Он цаг, дараалал үйл явдлуудыг бид уран сайхны аргаар гаргаж байгаа. Мэдээж ямар ч хүн сонсоод шууд ойлгохоор хэлбэрээр хийсэн. Тухайлбал хөгжилтэй, уурласан, гунигтай гээд л өөр өөр сэтгэл хөдлөлийн хэсгийг жүжигчид маань маш сайн тохируулж ажилласан.

Киноны дуу оруулалтын хувьд ямар ямар жүжигчид ажилласан бэ?

Манай киноны жүжигчдийг хариуцаж Б.Батсумьяа ажилласан.  Ер нь тэгээд таарсан дүрдээ таарсан дуу хоолой оруулаад ирэхээр өөр өөрсдийн гэсэн дүр гарч ирнэ. Тэр дүрдээ орохын тулд жүжигчдээс маш их ур чадвар шаардана. Түүнийг манай жүжигчид маш сайн гаргасан.  Чингис хааны баатруудын уухайн түрлэгийг студид бичихэд хэтэрхий сул байсан учир цэргийн анги дээр очиж 400-500 цэргийг уухайлуулж дууг нь оруулсан.  Чингис хааны дүрд орчуулгын киноны дуу оруулагч Д.Зоригт, Бөртэ хатны дүрд Б.Батсумьяа дуу оруулсан. 

Шинэ зохиомол дүр бий юу?

Маажуур хаан гээд шинэ дүр бий. Энэ бол зохиомол дүр. Үүний дуу хоолойг жүжигчин Б.Батсумьяа оруулсан.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Tatar
    • 2018-03-30

    Ууг нь сайхан зүйл болсон байна. Гэхдээ Яагаад Монголчуудыг дүрслэхдээ нүднийхээ доор унжсан үрчлээтэй сурсан юм. Бүлцэн нүдтэй. Хятад хүмүүс л нүднийхээ доор унжсан үрчлээ буюу бүлцэн байдаг.

arrow icon