Энэхүү бичвэрт Шведийн зохиолч Астрид Линдгрений “Урт оймст Пиппи” зохиол хэрхэн амжилтад хүрч, улбар үст бяцхан охин хүүхдүүдэд юу ойлгуулсан тухай өгүүлнэ.
Чи намайг хэн болохыг мэдмээр байна уу, би бол Пиппи, урт оймст Пиппилотта байна.” хэмээн далайн дээрэмчдийн цайны газрын ширээн дээр ташаагаа тулж зогсоод инээд алдан чангаар ярих есөн настай, улбар үст өөртөө итгэлтэй, хийж буй зүйлдээ эргэлздэггүй, хөөр баяраар дүүрэн эцэг эхгүй ч морь, сармагчинтайгаа хамт өөрийн байшиндаа амьдрах охин. Тэр сургуульд явдаггүй, орон дээрээ буруу харж унтана, жигнэмэг хийх гурилаа шалан дээрээ зуурна, арагшаа ухарч явна, хэдэн цагт унтахаа өөрөө л шийднэ.
“Урт оймст Пиппи” төрсөн түүх
1940 оны эхээр Линдгренд энэхүү зохиолоо бичих санаа төржээ. Зохиолчийн долоон настай охин Карин өвдөж ээжээсээ “Урт оймст Пиппи” охины тухай түүх яриад өгөөч хэмээн гуйснаар энэхүү номыг бичих эхлэл тавигдаж, ээж охин хоёрын сонирхолтой харилцан яриа охины өвчнийг эдгээгээд зогсохгүй, хүүхдийн уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ийм ер бусын нэртэй охины түүх ер бусын гайхамшигтай л байх ёстой гэж Линдгрен бодож бичсэн тухайгаа хожим өгүүлсэн байдаг. Астрид залуудаа орон нутгийн сонинд нийтлэл бичдэг байсан ч “Урт оймст Пиппи”-гээ хэвлүүлье гэсэн бодолгүй байж. Гэхдээ аз болж түүний зохиол 1945 онд анх Шведэд хэвлэгдэн гарч, номоо дагаад жүжиг, кино гэх мэт олон бүтээл төрлөө. Өнөөдөр энэ зохиол дэлхий дахинд уншигдаж 70 гаруй орны хэлээр орчуулагдаж 60 сая гаруй хувь борлогджээ. 2002 онд түүний зохиол дэлхийн утга зохиолын 100 шилдэг бүтээлийн тоонд багтсан.
Гэсэн хэдий ч энэ зоримог охины дүр, зан чанар ямагт хүмүүсийн талархлыг хүлээж байсангүй. Линдргений гайхалтай төсөөлөл тухайн цаг үеийн нийгмийн хэм хэмжээ, ёс зүйд нийцээгүй юм. Ганцаараа амьдардаг, дүрэм журмыг үргэлж зөрчдөг, хүссэнээ хийж, цагдаа нарыг ч загнадаг охин. Линдгрен "Хүүхдийг эрх чөлөөтэй өсгөх" гэсэн санааг хүмүүст ойлгуулахыг хичээсэн боловч 1945 онд хэвлэгдэн гарсан даруйд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүс хүүхдүүдэд нь Пиппигийн эрх дураараа зан, дэггүй байдал тэр чигтээ нөлөөлж магадгүй хэмээн айж байлаа. Гэвч зохиолч хүүхдийг эрх чөлөөтэй өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн санааг нийгэмд хэлэхийг хүссэн
.
Германд 8-11 насны 429 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар Пиппи тэдний хувьд хамгийн хайртай дүр нь бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдэд зориулсан хэд хэдэн шилдэг телевизийн бүтээл дундаас Пиппиг л онцолжээ
. Тэд өөрсдийн зурсан зургаар Пиппид яагаад хайртай, түүний юунд нь дуртай гэдгээ харуулж байв. Уг судалгаанаас харахад хүүхдүүд түүний ер бусын зан чанар болоод сэтгэл татам түүхүүдэд хамгийн дуртай гэнэ.
Пиппигийн хийж байгаа үйлдлүүдийг хүүхдүүд шуудхан дуурайгаад хийж чадахгүй ч тэдгээр нь хожмын амьдралд нь маш хэрэгтэй, өөрөө жигнэмэг хийх, гэрээ цэвэрлэх, аялалд гарах гэх мэт. Хүүхдүүд түүний гайхалтай чадваруудыг тоочин ярихдаа Пиппиг тоо тоолж, нэмж, хасаж чаддаггүй гэдгийг огт хайхардаггүй. Томчуудад аюултай санагдах олон зүйлс хүүхдийн нүдээр бол унших тоо бодохоос ч хавьгүй сонирхол татам байдаг аж..
Хүүхдүүдийн нүдээр Пиппи бол боломжгүй бүхнийг боломжтой болгосон гайхалтай зохиол. Ямар нэг дүрэм журам, физикийн хууль хүүхдэд чухал биш, тэд Пиппитэй хамт чөлөөтэй, бүтээлчээр сэтгэж чаддаг.
Сэтгэгдэл бичих