Нийтлэл 04 сарын 02, 2018

Тэдний араншин хийгээд элгэн хамтлаг ажиллах зарчим

Нэлээд хэдэн христийн сүмд очиж үзсэний хувьд бүтэн сайны магтууны үйл ажиллагаа ямархуу дэс дарааллаар явагддаг хийгээд шашны зан үйлийн талаар ажигласан зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Дутуу, дулимаг бичсэн бол уучлаарай. Шашин шүтлэгээс хол хүн болохоор зарим зүйлийг нь сайн ойлгоогүй байж болно шүү.

Ням гараг бүрт христийн шашинтнууд сүмдээ ирнэ. Үйл ажиллагааны хөтөлбөрийг театрын үзвэрийн хөтөлбөр шиг хэвлэж бэлдсэн байна.

Сүмд явдаг элгэн хамтлаг-community хүмүүс нь жилийн өмнөөс аль өдрийг хэн нь хариуцах уу гээд хуваарь гаргачихдаг бөгөөд үе удмаараа нэг сүмд л явцгаадаг аж. Ядахдаа жилдээ Зул сарын болон Улаан өндөгний баяраар бүгд гэр бүлээрээ сүмд очно. 

Хамгийн эхлээд дуулж дадсан мэндчилгээний магтуу дуулна. Сүм бүрд өөр өөр байх шиг байгаа юм. Үүний дараа сүмийн ламтан нь библээс эшлэн уншина.Тухайн өдрийн сэдвээр эшлэл заавал олдоно, урьдчилан бэлтгэсэн байна. Миний очсон Брисбаны сүмийн ламтан гэхэд Буддын сургаалиас эшлэн хүнлэг сэтгэл, итгэл бишрэлийн талаар ярьсан нь надад их сонин байлаа. Үүний дараа нэг магтуу дуулна. Дандаа дуулсаар байгаад тогтмол явдаг хүмүүс нь цээжилчихсэн байдаг. Мөн сүмд дуулсаар байгаад сайн дуучин болсон хүмүүс ч олон.                                     

Дахин нэг эшлэл уншсаны дараа магтуу дуулна. Үүний дараа талх, вино хуваах ёслол болно. Бэлгэдлийн Ийсус Христ нас эцэслэхээсээ өмнө шавь нартайгаа талх, вино хувааж уусан бөгөөд үүнд үндэслэн Бурхны хайрыг түгээж байгаа гэж үзнэ. Тусдаа хэлдэг үгтэй, дараалалтай. Манайхны бэр гуйх, үрс гаргах гэх мэт шиг л шүлэглэн уншиж, ёс гүйцэтгэн талх, виногоо бүгд хувааж иднэ. Дахиад нэг магтууг гар гараасаа барилцан дуулна. Бие биендээ амар амгалангийн тангараг тавьснаар албан ёсны хэсэг дуусна. Үүний дараа хандивын хайрцаг тойрч хүмүүс мөнгөө хандивлана.

Хөтөлбөр шүлэглэсэн эшлэл унших, магтуу дуулахад хэн нь гоцлох, бүгд хоороор хэлэх зэргийг нарийн зааж өгсөн байна. Үүний дараа элгэн хамтлагийн хүмүүсээс өвчтэй байгаа, амьдрал нь асуудалтай байгаа гэх мэт хүмүүсийнхээ тухай мэдээлэл өгнө. Мөн хүмүүс нэг нэгээрээ өөрсдийнхөө асуудал, ямар тусламж хэрэгтэй байгаагаа нээлттэй хэлнэ. Тусламж авсан бол хэрхэн зарцуулснаа хэлээд талархал илэрхийлнэ.

Хөтөлбөр дээр нь өмнөх долоо хоногт хэр хэмжээний хандив цугласан, оны эхнээс хэд цугласан гэх мэт санхүүгийн мэдээллийг нээлттэй, ил тод тавина. Мөн сүмээс хэрэгжүүлж буй төслийн тухай танилцуулга, гишүүдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, дэмжлэг хэрэгтэй байгаа бол хэнтэй холбогдох гэх мэт зохион байгуулалт, захиргааны мэдээллийг тавьсан байна.

Хамгийн сүүлд бүгд магтуу дуулсны дараа үйл ажиллагаа албан ёсоор дуусч цай ууж хоорондоо мэдээлэл солилцоно. Хүмүүс нь ээлжээр гоё боов, боорцог хийж ирээд хувааж идэх юм. Шашны зан үйл гэхээсээ илүүтэйгээр айл саахалтынхан нийлж, бие биедээ дэмжлэг үзүүлэх, туслах, мэдээлэл солилцох арга хэмжээ гэж хэлж болохоор.

Зохион байгуулалтын хувьд цэвэр шашны үйл ажиллагаагаа явуулдаг ламтан, менежер, үйл ажиллагааны координатор гурав байх бөгөөд бусад нь бүгд сайн дурын ажилтнуудын нөөц, боломжид тулгуурлаад явчих юм. Гол нь зохион байгуулалтын асуудал бөгөөд үе удам дамжин хийж ирсэн болохоор болдог юм байна. Сүмд явдаг хүмүүсийн нас өндөрсөж байгаа нь дэлхий даяар асуудал болж байгаа бөгөөд америкууд ямар сайндаа л магтуу дуугаа рэп стилиэр дуулдаг болох вэ дээ…

Gathering after

 

2015 01 07

Сэтгэгдэл бичих

    • Судалгаа
    • 2018-04-03

    Дэлхий даяар христийн шашин шүтдэг хүмүүс улам багасч байгаа. Исламын шашин улам хүчээ авчаад байна.ядуу хөгжөөгүй улсад л христ жоохон үлдсэн байх

arrow icon