"Сайн аав" булангийн энэ дугаарт З.Ганболд хэмээх нэгэн хөдөлмөрч аавыг онцлон түүний охин Г.Оюунбаттай аавынх нь сайхан зан чанар, үр хүүхдээ хүмүүжүүлсэн арга барилын тухай ярилцлаа. З.Ганболд гуай такси үйлчилгээний компанид ажилладаг төдийгүйтүүний ажил үүрийн 4 цагаас үдшийн 18 цаг хүртэл үргэлжилдэг гэр бүлээ хайр халамжаар дутаадаггүй. Харахад их том биетэй ширүүн харцтай боловч үр хүүхдийн дэргэд хамгийн нялуун, хамгийн зөөлөн байж чаддаг түүнтэй танилцъя.
Сайн байна уу? Намайг Ганболдын Оюунбат гэдэг одоо 23настай. 2016 онд МУИС-н Хүмүүнлэгийн ухааны салбарын "Утга зохиол судлал, шүүмж"-ийн мэргэжилээр бакалавр зэрэг хамгаалсан. Би аав ээжээсээ 4-лээ бөгөөд айлын том хүүхэд. Хоёр ихэр дүү болон бяцхан охин дүүтэй.
Аавыг тань хэн гэдэг вэ? Бидэнд аавыгаа танилцуулаач?
Миний аавыг Зэвгийн Ганболд гэдэг 1973 оны 2сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн ба уг гарвал нь Говь-Алтайн хүн. Аав маань 10 жилээ Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийг төгсөөд цагдаагийн дундад суран 5 жил гал командад ажилласан. Харин одоо бол такси үйлчилгээний компанид ажилладаг. Аавын маань нэг өдрийн ажил үүрийн 4 цагт эхлээд орой 6 цагт ажлаа дуусаад гэртээ ирдэг.
Бага насаа дурсаач. Аавдаа хэр эрхэлдэг байв?
Аавдаа хэр эрхэлдэг байсан бэ биш хэр эрхэлдэг вэ гэж асуувал илүү тохирох юм байна. Би одоо ч аавдаа дандаа эрхэлдэг аав маань намайг ерөөсөө ч айлын том хүүхэд эсвэл бүр хүний эхнэр болсон гэж бодолгүй хаана ч хэзээ ч эрхлүүлдэг.
Ер нь бол би их эрх танхи хүүхэд л дээ. Манай аав гурван охинтой болохоороо ч тэр үү гэртээ бол их нялуун. Харин гадуур явахыг нь харвал баавгай шиг том биетэй их ширүүн харцтай хүн.
Таны аав хэр хатуу хүн бэ?
Би аавынхаа зан чанарыг устай зүйрлэвэл илүү тохирох байх гэж боддог. Яагаад ус вэ гэвэл ус бол бүгдийг тэтгэгч шидтэй бас төлөв байдлаа их хурдан өөрчлөх чадвартай
. Тийм болохоор аав маань хатуу байх үедээ хатуугаас хатуу байдаг мөртлөө уян зөөлөн байх үедээ эмэгтэй хүнээс ч уян зөөлөн байдаг.
Аав тань аавын үүргээ хэр сайн биелүүлдэг вэ?
Миний аав мэдээж хамгийн сайн аав. Яг л энэ хорвоогийн бүх аавууд шиг. Үүний хамгийн том жишээ нь аав ээж маань бидний төлөө хамтдаа зүтгээд 25 жилийг ардаа үлдээсэн байна. Бас би өөрөө эх хүн болсныхоо дараа л аав ээж байх ямар жаргалтай бас яг тэрийгээ дагасан их хэцүү шантармаар зүйл болохыг зах зухаас нь ойлгож эхэлсэн. Энэ орчлонд буцааж болохгүй ганц алба чинь аав ээж шүү дээ тийм ээ. Мэдээж хүүхдээ эхлээд өлсгөхгүй дааруулахгүй байх дараа нь сэтгэл санаа болон оюун санааг нь цангааж өлсгөхгүй хүүхдээ мэдрэх гэдэг нэг том асуудал гарч ирнэ. Харин би бол аль ч талаар дутуу өсөөгүй тийм болохоор миний аав, ээж хамгийн сайн нь гэж бардам хэлнэ.
Аав таныг хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
Манай аав такси барьснаасаа хойш нийт 6 машин унасан. Харин тэр бүгдийг өөрийн гараар засаж янзалж сурсан.
Би санадаг юм хамгийн анх шар өнгөтэй excel авч унаж байсан. Тэр машинаа хямд авсан болохоор эвдрэл их гардаг тэр бүрт өвлийн хүйтэн зуны халуун аль ч үед гадаа задлан өөрөө ухаж заримдаа зөв хийж заримдаа буруу хийнэ тэгсэн ч шантрахгүй оролдсоор байгаад л янзалдаг байсан. Тийм болохоор одоо дурын эвдрэлтэй машиныг янзална л гэвэл төвөггүй задалж нийлүүлдэг. Эндээс юу гэх гээд байна гэхээр миний аавын хэлдэг ганц юм нь хүн юу ч хийж болно засварчин, инженер, оёдолчин, онгоцны үйлчлэгч бүр хог түүдэг хүн ч байж болно гол нь хийж байгаа зүйлээ хэнээс ч илүү хийж чадна гэсэн итгэл өөртөө төрүүлтлээ хөлс хүчээ, сэтгэл зүрхээ зориулан хийх хэрэгтэй гэж л их захидаг даа.
Аавынхаа хэлсэн сургамжил үгээс бидэнтэй хуваалцаач?
Хүн гэдэг сэтгэлийн амьтан хүнийг аз жаргалтай болтол хайрлана гэдэг хамгийн том урлаг гэж их хэлдэг дээ.
Аавынхаа хамгийн сайхан чанарыг нэрлэнэ үү?
Их сэтгэл хөдлөлтэй хүн л дээ. Тийм болохоороо ч тэр үү би энэ орчлонгийн хамгийн баян хүн гэж ярих их дуртай. Өөрт байгаа бүхнээ бусдад өгөөд өөрөө хоосон үлдсэн ч хумсын толион чинээ хармын сэтгэл хаяхааргүй л хүн. Харин ч эсрэгээрээ өгснийхөө хэрээр баяр жаргалтай болдог. Манай аав хамаатан садан гэр бүлийнхнийхээ гүүр шүү дээ. Аавын мэдэхгүй аавын оролцоогүй асуудал гэж бараг л байдаггүй.
Аав тань таныг хэрхэн дэмжиж тусалдаг вэ?
Хамгийн их дэмждэг хүн. Аавтайгаа гэртээ ирээд ярихад л сэтгэл санаа уужраад их сайхан болдог. Аав дандаа мянган хүн сөрөөд зогссон ч аав нь охиныхоо талд шүү гэдэг.
Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаасаа нэгийг хуваалцаач?
Намайг төрдөг жил манай эмээ өвөө хоёр хотоос шилжин хөдөө суурьшсан. Тэгээд аав бид хоёр намайг сургуульд орохын өмнөх зун хамтдаа хөдөө голын хажууд зусланд гардаг үе л миний санаанд дандаа тод байдаг. Аав тэр зун надад үсэг зааж ном уншихыг сургасан. Манай аав өөрөө ном унших их дуртай. Нэг ном барьвал хажууд нь би уйлж дуулаад ч нэмэргүй ихээр номонд шимтдэг хүн. Тэгээд тэр зун орой болгон "Алтан загасны үлгэр"-ийг нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан одоо бодоход өнгөт зурагт үзэж байгаа юм шигээр л сонсдог байж. Бас хааяа хонинд хамт явахад уул талыг доргитол их сайхан аялгуутай үнэн сайхан үгтэй дууг сэтгэлд минь хоногштол дуулж өгдөг байсан сан. Та бүхэнд сонин байх болов уу гээд тэр дууны нэг бадгийг бичээд яриагаа дуусгая. Өндөр алтайн даваанд нь Өгсөхөөсөө буух нь хэцүү Өөрийн гаргасан мөргүй бол Өдөр ч гэмээн төөрнө
Сэтгэгдэл бичих