УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоол, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товлосон.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын төвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна. Энэ талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Улс орны аюулгүй байдал эдийн засагтай салшгүй холбоотой
Бид эдийн засгийн хувьд тусгаар тогтнож байж аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх чөлөө гэж ярьж бусдаар хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Миний хувьд Киргизэд элчин сайдын яам нээхэд асуудал байхгүй. Киргизийг бид дэмжээд явах нь зөв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Киргиз улс манайхтай түүхийн асар их холбоотой улс
Гишүүд УИХ-д гаргасан энэ саналыг дэмжээсэй гэж хүсэж байна. Нэг бодлын энэ нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй мөнгө төгрөгийн асуудал боловч адилхан түүхтэй, адил эсгийг туургатан хүмүүс бие биедээ дэм болох нь зөв. Киргиз улсад элчин сайдын яам нээхэд санхүүгийн бэрхшээл гарахгүй.
Хүнийг солихгүй, одоо байгаа консулын газрын статусыг нь дээшлүүлээд элчин сайдын яам болгоё л гээд байгаа юм. Манайд ч энэ нь маш их ашигтай.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Киргизээс өөр ач холбогдолтой улсад элчин сайдын яам байгуулъя
Монгол улс аль болох гадаад харилцаагаа сайжруулж элчин сайдын яам нээж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь зөв л дөө. Гэвч 2016 онд Засгийн газраас Бразил, Индонез зэрэг улсуудад байсан ерөнхий консулын газрыг хаах санал гаргаж байсан. Харин одоо Киргиз улсад элчин сайдын яам байгуулах гэж байгаа нь гадаад харилцааг тэлэх биш харин ч хумих гэж байгаа юм шиг санагдаж байна.
Харин бидний гуравдагч хөрш болох Япон, Солонгос, АНУ-руу гадаад харилцаагаа улам илүү сайжруулах нь зөв санагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Далайд гарцгүй орнууд бие биедээ тусламж үзүүлэх нь сайн талтай
Бид хүсэж буй зах зээл рүүгээ шилжихийн тулд Евро Азийн эдийн засгийн комисстой тохиролцох хэрэгтэй. Сая 2017 онд Монгол Оросын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Монголыг тусгайлан авч үзье гэж тохирсон. Манай нэг хэдхэн бараа бүтээгдэхүүн бий. Малын гаралтай арьс, шир, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур. Үүнийг бүрэн бүтээгдэхүүн болгоё гэвэл Евро Ази болон Шанхайн хамтын нийгэмлэг хоёртой хамтарч ажиллах шаардлагатай. Энэ хоёртой хамтарч ажиллая гэвэл зайлшгүй гишүүн оронтой нь хамтрах хэрэгтэй. Энэ хоёртой Киргиз улс хамтарч ажилладаг. Ийм учраас бид Киргиз улсыг дэмжиж тэнд Элчин сайдын яам нээхэд алдах зүйл байхгүй. Бид чинь адилхан далайд гарцгүй улсууд.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Киргиз улсад элчин сайдын яам нээлээ гээд бидэнд ямар ашиг байгаа вэ?
Киргизийн консулын газрыг хааж, элчин сайдын яам нээнэ гэлээ. Энэ нь бидэнд ямар ашигтай вэ. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж ийм шийдвэр гаргасан бэ. Тэнд элчин сайдын яам нээхэд нэмэлт өртөг гарахгүй гэж байна. Яагаад гарахгүй гэж. Статус нь томорч байна. Ядаж л цалин нь нэмэгдэхгүй юм уу. Үүний оронд арай хөгжил сайтай боломжтой орон элчин сайдын яам нээвэл зүгээр.
Сэтгэгдэл бичих