Нийтлэл 04 сарын 06, 2018

Бишкек хотод Монгол улсын элчин сайдын яамыг нээхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн түвшинд шинээр ЭСЯ нээх нь төсөвт эдийн засгийн ачаалал үүсгэнэ, консулын газраар нь байлгах нь оновчтой гэх гишүүд байсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр ЭСЯ болгож өргөтгөснөөр орон тоо нэмэхгүй, төсөв санхүүгийн хувьд нэмэлт асуудал үүсэхгүй харин статус дээшлүүлэх бөгөөд гадаад харилцааны тал дээр тус улсад ЭСЯ-аа байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг тодотгов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувийн саналаар асуудал дэмжигдсэнээр Бишкек хотод Монгол улсын элчин сайдын яамыг нээхээр боллоо. 

Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай.Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог юм. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой хэмээн үзэж уг төслийг боловсруулжээ.


 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon