Нийтлэл 04 сарын 09, 2018

З.Нарантуяа: Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцааг 100 хувь иргэдэд эзэмшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит  хуралдаанаа хийж, "Эрдэнэс таван толгой" компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн талаар  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаас  чөлөөлөх тухай Ерөнхийлөгч яригдаж байсан юм. Тэгвэл энэ асуудал ажил хэргийн төвшинд нэлээд урагшилж байгаа юм байна. Учир  нь  Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Тус төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр бүлгийн гишүүдэд урьдчилсан байдлаар хийв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв  гэж үзлээ. 

З.Нарантуяа: Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн. Хууль батлагдсанаар  маш олон давуу талууд бий болно. Тухайлбал, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувь  иргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна.

Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байна. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон болсон. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд зэрэг орсон. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon