Нийтлэл 04 сарын 10, 2018

БҮТЭЭЛЧ СӨНӨӨГЧИД: Улаанбаатар хот тун удахгүй ундны усгүй болох нь

Ус бол чандмань эрдэнэ. Тэр тусмаа ундны ус, байгалийн дархан цаазат газар гэдэг хэн бүхний хайрлаж, хамгаалж байх ёстой үнэт эрдэнэ мөн. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлчүүд газар шороогоо зарж үрсээр одоо бүр Зайсан толгой, туул голын сав газартаа барилга байшин барьж байна. Уг нь Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар голын эргээс 50 м хүртэлх зайг онцгой бүс, 100 метр хүртэлх зайг тусгай хамгаалалтын бүс, 200 метр хүртэлх зайг энгийн хамгаалалтын бүсэд хамааруулан үзсэн байдаг. Тиймээс хамгаалалтын бүсэд барилга барих, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэтэл “Зүүнбаян Рефайнери” ХХК байгаль орчны сайдын тушаал гарчихсан байхад туул голын эрэг Их тэнгэрийн амны хойно хууль бусаар барилгын үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Энэхүү компанийн энэ газар барилга барих зөвшөөрлийг 2017 оны 6 сард БОАЖЯ-ын сайдын тушаалаар хүчингүй болгосон аж. Тиймээс бид Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бандийн хамт тухайн компаниас яагаад зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тухай тодруулсан ч тодорхой хариулт хэлэх хүн байхгүй. Тийшээ оч, энэ хүнтэй холбогд гэх мэтээр чулуу хөөлгөсөөр байсан юм.

Д.Банди: “Зүүнбаян Рефайнери”  ХХК хууль зөрчсөн, тэр дундаа усны тухай хуулийг

 

“Зүүнбаян Рефайнери”  ХХК хууль зөрчсөн, тэр дундаа усны тухай хуулийг. Энэ газар нь нийслэлчүүдийн усны ундарга болсон газар. Дээр нь анх энэ газрын гэрчилгээг авахдаа 4 га газар хэмээн авсан ч газрын хэмжээг хууль бусаар нэмэгдүүлсэн. Газар дээр нь ирээд уулзаад тайлбараа өгөөч гэхээр чадахгүй гэдэг, тэгсэн хирнээ байгаа ажилчид нь тодруулга мэдээ өгдөггүй. Уг нь Д.Оюунхорол сайдын тушаал гарчихсан. Бид энэ тушаалаа барьж хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн боловч хэн ч хүлээж авдаггүй, хэн ч тоохгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Үнэхээр ч тэд Монгол улсын төр, Монгол улсын байгаль орчны сайдын тушаал, хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн шаардлага хүртэл тавиад байхад огтхон ч тоосон шинжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль бус гэдгийг нь төр батлаад өгчихсөн байхад Их тэнгэрийн амны өөдөөс харан  үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг юм. Барилга дээр ажиллаж буй ажилчид бид мэдэхгүй. Мэдэх хүнтэй нь ярь хэмээн Хүрэлбаатар гэх хүний дугаар өгч бид холбоо барихад

“Та нар наад туул голын эрэг дагуу баригдсан бүх барилгаа эхлээд нураачих. Тэгвэл бид ч бас үйл ажиллагаагаа зогсооно” гээд утсаа таслав.

 

Энэхүү компанийн удирдлагуудтай уулзахаар бид компанийн оффиссруу нь очсон. Бидний утсаар ярьсан Хүрэлбаатар гэх иргэн барилга баригдаж байгаа талбайн хажууханд байрлах Зайсан Скүэрт манай офисс байрладаг гэсэн боловч тухайн байршилд “Оюуны ундраа” групп байрладаг. Хүрэлбаатар гэх ажилтан мэдэхгүй, танихгүй гэдэг хариултыг өгсөн юм. 

Харамсалтай нь энэ асуудал зөвхөн энэ компаниар хязгаарлагдахгүй. Зөвшөөрөлгүйгээр  ундны усны ундарга болоод дархан цаазат газар барилга байгууламж барьж байгалийн унаган төрхийг алдагдуулж буй ил далд олон компани бий.  Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт, онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307 энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна.

Огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарсан. 2016 оноос хойших хоёр жилийн иргэдээс Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолттой холбоотой 5,846 өргөдөл, гомдол ирсэн байдаг.

Уг нь Байгаль орчны яамнаас усны нөөц бохирдож, хомстохоос сэргийлж, голын бургасыг сүйтгэж, уул нурааж орчны төлөв байдал алдагдуулж буй 28 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасан.  Гэтэл энэ асуудал дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар хөрсний чийгийг барьж байдаг бургасыг устгах ажиллагаа явагдаж барилга байгууламж баригдсаар бид мөд ундны усгүй болох нь. Хотын өнгө үзэмж сайжирч байшин барилга нэмэгдэх нь хэдийгээр сайн боловч нэгийг бүтээх гээд нөгөө сөнөөх нь харамсалтай. Саяхан хэдхэн жилийн өмнө туул голын торгон долгио хаялан мяралзаж, нийслэл хотыг цэвэр агаараар тэтгэх ногоон бургаснууд халиурдаг байсан. Гэтэл одоо байшин барилга барих гэж мод, бут, бургасыг тайрч голыг гольдирлыг өөрчилж усны урсгал ч татарч эхэлжээ. 

Нэг талаараа барилга байгууламжийн ажил, өнгө үзэмж нэмэх бүтээлч ажил боловч нөгөө талаараа байгалийн унаган төрхийг алдагдуулж эко системийг үгүй хийх сөнөөл болж байна шүү дээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon