Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлууд болон Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын бизнесийн форумын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдийн талаар зарим төлөөлөгчдөөс тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь Улаанбаатар хоттой холбоотой байгаа. Ялангуяа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд нь Улаанбаатарт хэрэгжих юм.
Үүнээс дурдвал айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулсан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах төсөл. Энэ бол их олон жил яригдсан асуудал. Харин санамж бичиг байгуулснаар дараа дараагийн ажлууд эрчимтэй явж, энэ зундаа багтаж эхлүүлэх сонирхолтой байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсний үр дүнд ажил саадгүй явна гэж бодож байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах төслүүд Хөгжлийн банкнаас олгож байсан зээл зогссонтой холбогдуулан удааширсан. Мөн гэр хороолол руу татах дэд бүтцүүдийн санхүүжилт их хүндрэлтэй байсан. Харин БНХАУ-аас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар дэд бүтцийн уг асуудлыг шийдвэрлэх талаар хоёр орны яамд ярилцаж, Монголын талаас санал тавьсан байсан.
Энэхүү тусламжийн эхний ээлжинд 660 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ 2018 онд үзүүлэхээр шийдвэрлэлээ. Үүгээр хотын дэд бүтэц, цэвэр ус, ариутгах татуургын шугам, цахилгааны шугам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэж, тодорхой хэсгээр хил орчмын боомтуудын бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар “толгой” компаниудтай нь уулзаж ярилцлаа. Улаанбаатар хотын гүүрэн гарц, гурван том гүүрийг шинэчлэх зэрэг төслүүдийнхээ талаар ярилцсан. Мөн айлчлалын хүрээнд хог боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Дэлхий нийтээр байгальд хоргүйгээр хогоо бүрэн боловсруулж, устгаж байгаа. Улаанбаатар хотын хувьд бүрэн устгаж чадахгүй, 2020 онд Хогийн цэгийн багтаамж дүүрэхээр байна. Тиймээс 2020 оноос өмнө хог боловсруулах, шатаах үйлдвэрийг зайлшгүй байгуулах шаардлага тулгарч байна
.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд манай яамнаас хоёр том хамтын ажиллагааны гэрээг шинэчлэсэн. Нэгдүгээрт Боловсролын салбарт 2018-2021 он хүртэл 4 жил хамтарч ажиллах гэрээгээ шинэчилсэн бөгөөд энэ хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй сургууль, цэцэрлэгийн ажлыг дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 300 хүүхдийн хүчин чадалтай төвийн нэмэлт санхүүжилт, багш солилцоо, сургалтын асуудал багтаж байна
. Хоёрдугаарт Спортын салбарт цогц байдлаар хамтарч ажиллах, Токиогийн олимп хүртэл биеийн тамир спортын салбарт ажиллаж байгаа хүний нөөц, дасгалжуулагчдаа бэлтгэх, жудо, чөлөөт, боксын чиглэлээр тамирчин солилцож бэлтгэл хийх гэсэн өргөн агуулгатай гэрээ байгууллаа.
"Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра: “Бодь интернэшнл” компани сүүлийн 6 жилийн турш эрчим хүчний салбарын бизнест өрсөлдөхөөр судалгаа явуулж, 2016 онд хөрөнгө оруулалт болон эрчим хүч нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ хүрээнд Төв аймагт орших Бөөрөлжүүтийн талд 300 мегаваттын хүчийн чадал бүхий цахилгаан станц барих юм. Өнөөдөр “Бөөрөлжүүтийн 300 мвт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөл”-ийн Ерөнхий гүйцэтгэгч компани болох “China state construction engineering LLC” групп-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төлөвлөгөөний дагуу энэ оны 8 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж, 2 жил 3 сарын дараа ашиглалтад орно. 2022 оноос эхлэн Монгол Улсын нийт эрчим хүчний 25 орчим хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүч нийлүүлнэ гэж тооцож байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани энэхүү төслийг хэрэгжүүлж байна.
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг: Энэ форум хоёр орны 600 орчим төлөөлөгчийг хамарсан маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Манай бизнес эрхлэгчид Монголд байгаа нөөц бололцоогоо ашиглан БНХАУ-ын компаниудтай хамтарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах, технологийг нэвтрүүлэх тал дээр ялангуяа хууль эрхзүйн талаас хоёр орны Засгийн газрын хэмжээнд Худалдааг хөнгөвчлөх, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг форумаар онцолж ярьж байна. Нөгөө талаас МАА-н түүхий эдээ нэмүү өртөг шингээн БНХАУ-ын зах зээлд гаргахад олон улсын стандарт нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг шинэчлэх лабораторитой байх асуудал чухал. Мөн БНХАУ руу экспортод гарч буй ХАА-н гаралтай бүтээгдэхүүний 40 гаруй хувийн татварыг хөнгөвчлөхийн тулд хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээрүүд хийсний үндсэн дээр хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх юм. Бизнес эрхлэгчид өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлсийг хийж хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Засгийн газар хооронд 1.2 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан бол бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын өртгийн дүнтэй 36 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Цаашдаа энэ харилцаа улам бүр өснө. Ингэхийн тулд хоёр орны Худалдааны танхимын хувьд бизнесийн орчныг улам боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж чадвал ихээхэн боломж гарна. Засгийн газраас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр хувийн хэвшлийн түншлэлийг Дэлхийн банкны зөвлөмжөөр байгуулсан. Энэ бол маш нааштай өөрчлөлтүүд юм. Үүнийг ашиглаж, төр хувийн хэвшил хамтарч ажиллавал маш их боломж байна.
Сэтгэгдэл бичих