Нийслэл хотын иргэд өвлийн улиралд агаарын бохирдол, утаанаас үүдэлтэйгээр их бага хэмжээгээр хордсоор байдаг. Харамсалтай нь дулааны улирал эхэлмэгц энэ бүх асуудлаа мартдаг. Гэхдээ агаарын утаа бол нийслэлчүүдийг хордуулж байгаа цор ганц зүйл биш.
Тодруулбал нийслэл хотын төвд байрлах арьс ширний үйлдвэрүүд болон, цэвэрлэх байгууламжийн үнэр иргэдийн эрүүл мэндэд заналхийлсээр удаж байна. Өнгөрсөн онд эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй хэвээр байгаа юм.
Харгиа цэвэрлэх байгууламжийн хувьд арьс ширний үйлдвэрээс ирсэн бохир усыг урьдчилан цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх үүрэгтэй байгууламж юм. Энэ цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд 12-16 давхар орон сууцны хороолол байдаг. Хорооллын иргэдийн бидэнд өгсөн мэдээллээр хашаандаа химийн бодис асгасан байж болзошгүй гэсэн юм. Үүнд цэвэрлэх байгууламжийн Ерөнхий инженер
“Манай цэвэрлэх байгууламж шингэн химийн бодис ашигладаггүй. Энэ асгарсан байгаа ус бол тогтоол ус. Хүмүүс бодис найруулдаг савыг хараад буруу ойлгоод байх шиг байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гэхдээ хамар цоргих эвгүй үнэхээр хэцүү, ядаж л байрныхаа гадаа гарч хүүхдээ салхилуулж, гадаа суух боломжгүй байдаг гэдгийг оршин суугчид хэлж байлаа. Үнэхээр ч ийм үнэртэй орчинд сургууль, эмнэлэг, хүнсний агуулах болон орон сууцны хороолол байгаа нь эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх утааны дараах асуудал бол арьс шир, цэвэрлэх байгууламжийн үнэр болсныг илтгэж байгаа юм.
Улаанбаатар хот анх байгуулагдаж байсан үеийн төлөвлөлт, зохион байгуулалтаас тэс өөрөөр хөгжиж байгааг хүмүүс ярьдаг. Стандарт шаардлагаараа бол цэвэрлэх байгууламжтай хашаа залган орон сууцны хороолол барих нь буруу гэдгийг ч албаны хүмүүс хэлдэг.
Гэхдээ эдгээр үйлдвэрийн хэсэг нэгэнтээ хотын төв, иргэдийн суурьшлийн бүс болсон учраас үйлдвэрүүдийг болон цэвэрлэх байгууламжийг хотоос гаргах нь зүй ёсны шаардлага юм
. Уг нь төр засгийн шийдвэрээр хоёр ч удаа хотоос гаргах шийдвэр гарсан ч өнөөдөр өвөлдийн утаанд хордож, зундаа цэвэрлэх байгууламжийн муухай үнэр бүгчим агаарт мансуурч, хүн амын нягтралыш дагасан тоосжилт дарагдсаар л байна.
Сэтгэгдэл бичих