Нийтлэл 04 сарын 17, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Уран зохиолд би бүх насаараа өртэй

Бид “Амьдрал сайхан” буландаа “Сэтгэлийн хүүрнэл" бүлгэмийн гишүүдийг урьж оролцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багш, орчуулагч, зурагчин, дизайнер, инженер гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлж тэдний амьдралыг харах өнцөг, үзэл бодол хийгээд яагаад утга зохиолд шимтэх болсон түүхийг нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн М.Наранзултай ярилцлаа.

Таны амьдралыг харах үзэл бодол?

Би олон зүйлсээс амьдралын мөн чанарыг танихыг хичээдэг. Ном судар , дуу хөгжим , хүмүүс , кино урлаг , философи , яруу найраг зэргээс энэ ертөнцийн утга учрыг олж нээсээр яваа. Тэдгээр олж авсан мэдлэг , мэдээлэл , бодол болгоноо тархиндаа боловсруулж гаргаж бичихэд цаашид өшөө олон зүйл уншиж судлах хэрэгтэй болсон. Учир нь амьдрал бол яг тийм гээд тодорхойлох аргагүй олон талтай учраас хүн бүр л үүнийг өөрөө өөрийнхөөрөө харж , өөрийн  тойрогтоо амьдарсаар нэг жарныг элээдэг байх.  Урьд нь миний амьдрал миний үйлдсэн сонголт , оноо алдааны нийлбэр цогцоос бүрдэж цаашдын зам мөр нь ч үүнээс шалтгаалдаг байх гэж боддог байлаа. Гэвч одоо зөвхөн эдгээрээс гадна хувь заяандаа итгэж , юу ч тохиолдлын биш учраас хэн нэгэн миний өнөөдөр болон маргааш эсвэл өнгөрсөн бүхэнд сайн сайхан зүйлс бэлдэж өгчээ гэж бодох болсон. Амьдралыг аль өнцгөөс харна яг тэгж л харагдах учраас, сайн сайхан зүйлсэд түлхүү ач холбогдол өгч өөрийн амьдралыг бүтээж яваа жирийн нэгэн эмэгтэй.

Хүмүүс нэг л амьдрах учраас хүссэнээ хий гэж хэлдэг. Харин миний хувьд нэг амьдрахдаа хүссэнээ хийж амьдрах биш , утга учиртай амьдрах нь гол юм шиг санагддаг.

Утга зохиолд дурлаж, шүлэг яруу найраг бичиж эхэлсэн дурсамжаасаа хуваалцаач?

Хамгийн анх ямар ном уншсанаа сайн санадаг. 4 настай байхад эгч маань 18 настай байлаа. Хун галууны үлгэр бол ухаан ороод сонссон хамгийн эхний ном. Тэрнээс өмнө гүйцэд ухаан ороогүй байхад хэчнээнийг ч сонссон юм бүү мэд. Тэгэхэд л анх Орос Монгол үлгэр буюу номын амтанд орж билээ. Бас   хөршийн охиноос номыг нь гуйж их уншина. Тэр охин ном уншдаггүй учраас номтой их ширүүн харьцана. Ураад зураад хаячихсан байсныг нь наагаад эвлүүлээд эргүүлээд өгдөг байлаа. Яагаад ч юм би номд их хүндэтгэлтэй ханддаг. Тэр үед болон одоо ч тэр. Айлын нойлын өрөөний шалан дээр хэвтэж байх , хуудсыг нь ураад гал асаах , газар хөглөрөх , зурж сараачих , булангийн нугалаж шүлсдэх нь битгий хэл хурууний  хир болгочих вий гэж ном уншихын өмнө гараа угаадаг байлаа. Аавынхаа малгай бүс шиг л дээш нь залдаг байж. Одоо ч ном миний амьдралд хамгийн чухал байр суурийг эзлэж байгаа. Учир нь би энгийн зүйлсээс зайлсхийх болсон л доо. Ном намайг зүгээр ч нэг энгийн хүн болгож хүмүүжүүлээгүй. Илүү их зүйлийг мэдэрч , илүү сэтгэж , илүү мэдэрч , илүү уншиж мөн бичихийг л хичээх болсон.  
Намайг бий болгосон зүйл бол Хун галууны үлгэрээс эхлээд одоо уншиж байгаа Ф.М.Достоевский нар бүгд. Миний ертөнц , үзэл бодол , дотор хүн , мөн чанар , үнэ цэнийг минь бий болгосон. Энгийн хүмүүсээс илүү ертөнцийг өөрөөр харж , тэднээс илүү нарийн зүйлсийг ч танин мэдэх мэдрэхүйг надад өгсөн.   
Уран зохиолд би бүх насаараа өртэй. Энэхүү салбарт өөрийн гэсэн өнгө аяс , дүр төрх , байр сууриа нэмэхийн тулд надад онолын мэдлэг бас нэлээн олон ном унших хэрэгтэй.  Учир нь Ном ертөнцийг харах бас хүн бүхний доторх ертөнцийг нээх цонх. 

Утга зохиол хүнийг их гоё торгон мэдрэмжтэй болгодог шүү дээ. Таны хувьд амьдралд тохиох аз жаргал, уйтгар гунигийг юу гэж боддог вэ?

Аз жаргал болон уйтгар гунигийг зоосны хоёр тал шиг л үздэг. Учир нь надад мэдрэгдэх эерэг сөрөг мэдрэмжүүд намайг ямартай ч амьд гэдгийг мэдрүүлдэг. Ямар нэгэн бүтээл хүүрнэлээ бичихэд ч  өмнө нь уншсан мэдсэн тархин дахь мэдлэгээрээ нийтлэл бичихэд тэр бол энгийн л нийтлэл. Харин сэтгэл хөдлөлийг дотроо хөглөж , улам гүнзгийрүүлэн , түүнийгээ сийрүүлж үзэг цаас нийлүүлэхэд тэр ч бас хүний сэтгэл зүрхэнд хүрэхүйц сайн бүтээл болох нь олонтаа. Учир нь хүнд зүгээр л сайхан санагдах зүйлсийг бичиж түгээхэд амар. Харин  гуниглах , баярлах, тунгаах , хайрлах зэрэг уншигчийнхаа бүхий л мэдрэхүйгээр тоглож чадах нь миний зохиолчийн замналын өмнөө тавьсан гол зорилго юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon