УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцлээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өчигдөр өргөн мэдүүлж, үдээс хойш нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг авч хэлэлцсэн. Уг төсөлд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, мөн гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүх тогтоовол гишүүнээс эгүүлэн татах тухай зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн төслийн талаар зарим гишүүдийн сэтгэгдлийг хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Болд: 2000-2004 оны парламентын үед Д.Гандалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад баривчилсан тохиолдол гарч байсан. Ямар нөхцлөөр энэ баривчилгааг хийв. Гэтэл 2004-2008 оны парламентад МАН-ын хэд хэдэн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байсан. Ер нь яагаад АН-ын гишүүдэд хууль хатуу, МАН-ынханд өөрөөр үйлчлээд байна вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр энэ асуудлаа Л.Болд гишүүн хөндөж, нэлээн ярьсан. Ер нь эл асуудлыг тойрсон мэдээллийг гишүүдэд тарааж өгнө. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой тул энэхүү хуулийн төслийг би боловсруулсан. Энэ хүрээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “МАН-ын болон АН-ын харьяаны шүүгч прокурор гэсэн асуудал ярьдгаа болих хэрэгтэй
. Энэ асуудлыг шийдэх эрх нь УИХ-д өөрт нь бий. Хууль хяналтын байгууллагынхны нэр хүндийг УИХ-ын гишүүд өөрсдөө унагадаг байж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр энэ асуудлыг хамтатгаж ярилцъя.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Д.Гантулга гишүүн түдгэлзэх өргөдлөө гаргасан гэсэн. Гэтэл УИХ энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь чадамжгүй байгааг харуулж байна. Гишүүд ийм тохиолдолд өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг ёс зүйтэй байх хэрэгтэй
. УИХ дэргэдээ мөрдөн шалгах хороо байгуулах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хуулийн төслийг дэмжиж байна. Сонгуулиар 40 гаруй шинэ гишүүн сонгогдсон. Тэдгээр шинэ гишүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд сургах хэрэгтэй".
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: “Хууль хяналтын байгууллагынхан үнэхээр хэрээс хэтэрсэн байна. Би салбарын сайдаар буцаад очиход таньдаг хүмүүсээ танихааргүй болсон
. Бүлэглэлд үйлчилдэг болчихсон байна. Хүссэн үедээ хэн нэгний барьж хорьдог, цагдаж мөрддөг, гэр бүлээр нь дарамталдаг болжээ. Ийм байж болохгүй".
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эргүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл бичих