Нийтлэл 04 сарын 22, 2018

Ялтай байдлаар иргэний эрхийг бүх насаар нь хязгаарлах, ялгаварлах нь Үндсэн хуульд нийцэхгүй

 

Манай Улс 1992 онд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилго болгон шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь дэлхийн түгээмэл хандлагад нийцсэн түүхэн ололт болсон билээ. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулаагүй орхигдуулснаас Эрүүгийн хууль дахь тухайн зохицуулалттай нягт уялдаатайгаар хэрэгжиж байсан салбарын зарим хуулиудын “ялтай байдалтай хамаарал бүхий” зохицуулалтын үйлчлэл зогсох, тасалдах, хууль хоорондын болон хууль хэрэглээний зөрчилдөөн, Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөө, тэгш эрх, үндсэн зарчмууд ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үндэслэл, маргаантай нөхцөл байдлууд үүссэн нь оновчтой шийдэл шаардсан тулгамдсан асуудал болоод байна.

            “Ялтай байдал”-ын зохицуулалтын суурь гагцхүү Эрүүгийн хууль.  Суурьгүй давхарга байхгүй нэгэн адил ялтай байдлыг тухайн суурь хуулиар зохицуулаагүй л бол суурь бус салбарын хуулиар зохицуулах нь Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, зарчмын ноцтой зөрчилд тооцогдоно.

            Ялтай байдлын тухай ойлголт, тодорхойлолт харилцан адилгүй[1] ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь шүүхээр тогтоогдсон буюу ял шийтгэл оногдуулсны улмаас үүсэх хууль зүйн сөрөг үр дагавар, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чиглэгдсэн бодлого, нөлөөллийн арга хэмжээ гэж  ойлгож болох юм. Ялтай байдал нь :        

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлын сөрөг шинж,

-Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсэхэд харгалзах үндэслэл болохоос гадна

-Төрийн болон хувийн хэвшлийн (төрийн бус) албан тушаалд сонгогдох, томилогдох, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахад харшлах шалгуур, шаардлагад хамаардаг учраас ялтай байдлыг гагцхүү Эрүүгийн хуулиар онцгойлон зохицуулдаг, ингэхдээ гэмт хэргийн ангиллаас хамааруулан ялгамжтай байдлаар тодорхой хугацаа тогтоож, тухайн тодорхой хугацаа өнгөрвөл ялтай байдал арилсанд тооцдог, мөн тодорхой шаардлага хангагдсан бол хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.

Хэрэв Эрүүгийн хуулиар зохицуулаагүй тохиолдолд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг насанд туршид нь ялтай байдалтай гэж үзэх ноцтой сөрөг үр дагаварт хүргэдэг.  

2002 оны Эрүүгийн хуулиар ялтай байдлын асуудлыг зохицуулсан, гэхдээ ялтай байдлыг зарим гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүн болгох буюу Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчмыг ноцтой гажуудуулсан, мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл болгох зэрэг бодлого, зохицуулалтын ноцтой алдаатай байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар зассан нь зөв хэдий ч ялгүй болох буюу ялтай байдал арилах, ялгүйд тооцох асуудлыг зохицуулаагүй нь гэмт хэрэг үйлдсэн хэн боловч насан туршдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу ялтай байдалтайд тооцогдоход хүргэж байгаа юм.

Зарим хууль дахь ялтай байдлын талаарх зохицуулалт, зөрчил, зөрүү, бүхий зарим асуудлуудын тухай 

Ялтай байдлын талаарх бүх хууль тогтоомжийг биш харин ялгаатай байдлаар зохицуулсан зарим хуулийг судлахад :

  1. Урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан этгээд [2] (Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн),
  2. Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх [3] (Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдэд тавих шаардлага ),
  3. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх [4] (Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага)
  4. Ялгүй байх [5] (Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлага)
  5. Ял шийтгүүлж байгаагүй [6] (Шүүгч, шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавих болзол, шаардлага)
  6. Эрүүгийн ял шийтгэлгүй [7] (Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавих шаардлага)
  7. Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй [8] (Прокурорт тавих шаардлага)
  8. Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй [9] (Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавих шаардлага)
  1. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй [10]  (шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн албан тушаалд тавих шаардлага)
  2. Ял шийтгэлгүй [11] (хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захиралд тавих шалгуур),
  3. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй [12] (банк үүсгэн байгуулагч иргэнд тавих шаардлага)
  4. Төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй [13] (банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавих шаардлага) зэргээр тусгагджээ.

Энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийхэд дараах зөрчил, зөрүү бүхий асуудлууд байна.    

I. 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь “ялгүй болох, ялгүйд тооцох” талаарх зохицуулалтыг хассан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийг насанд туршид нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу ял шийтгэлтэйд тооцох үзэл санаа агуулсан гэж үзэх үү, эсхүл 2002 оны Эрүүгийн хууль дахь ялтай байдалтай холбоотой зарим зохицуулалтын хийдэл, зөрчлийг засахдаа хэт туйлширч, бодлого, зохицуулалтын “алдаа, хийдэл” үүсгэв үү ?

2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, танилцуулгаас үзэхэд “ялтай байдал, урьд ял шийтгүүлсэн, давтан зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон авч үзэхгүй, зөвхөн “ял хүндрүүлэх нөхцөл байдал” болгон тусгана [14] гэсэн, өөр бусад байдлаар ойлгогдох үндэслэл тусгагдаагүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийг насанд туршид нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу ял шийтгэлтэйд тооцох үзэл санаа агуулсан гэж үзэх боломжгүй, хэрэв тийнхүү агуулсан гэж үзвэл энэ нь хуулийн зөв шинэчлэл бишээс гадна Үндсэн хуулийн зөрчсөнд тооцогдох үндэслэл бүхий болно. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн”-ийг бий болгох гэж Эрүүгийн хуульд “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулаагүй гэвэл эсрэгээр эдгээр зохицуулалт, бодлого бүхэлдээ мөн Үндсэн хууль, иргэний эрх, үндсэн зарчимд нийцэхгүйд хүрнэ.  

II. 2015 оны Эрүүгийн хуульд “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулаагүй  тул бусад салбар хуулиар зохицуулах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч насанд туршид нь “ялтай, ял шийтгэлтэй”-д тооцохыг Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэний үндсэн эрх, үндсэн зарчмуудын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ялтай байдлыг салбарын зарим хуульд тийнхүү зарим албан тушаалд тавих шалгуур, шаардлага болгон заасан нь ач холбогдлоо алдсан буюу үйлчлэлийн хувьд маргаан үүсгэхээр байна.  

III. Ялтай байдлын талаарх тухайн зарим хуулийн зохицуулалтууд зөрчилтэй, зөрүүтэй буюу нэг мөр зөв ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх боломжгүй цөөнгүй асуудлууд байна. 

IV. Ялгүй байх (ял шийтгүүлж байгаагүй) гэсэн шаардлагыг салбарын хуульд заасан байгаа нь хүчингүйд тооцогдох буюу Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй хэвээр байна. Учир нь :Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь …дараах шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Гэвч Улсын дээд шүүх тухайн “ялгүй байх” гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ гэж тайлбарласан [15],  мөн  Үндсэн хуулийн цэц: тухайн хуульд ялгүй байх гэж заасан нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт [16] гаргасан байтал салбарын зарим хуульд тухайн зөрчлийг давтан заасан буюу Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үл харгалзсан байна.

V. Төрийн аль ч ангиллын албан тушаалд нийтлэг шаардлага тавиагүй нь Үндсэн хуулийн суурь зарчим, иргэн хэн боловч хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Тухайлбал, Төрийн албаны тухай ( найруулга) хуульд гагцхүү төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг заасан, энэ нь бусад тухайлбал улс төрийн албан тушаалд тавигдах шаардлагад хамаарахааргүй байгаа нь шударга бус, тэгш эрхийн агуулгад нийцэхгүй болно.  

Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “төрийн улс төрийн…албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно” гэж заасан нь хэлбэрийн төдий, халхавч шинжтэй буюу холбогдох хуулиар тийнхүү тогтоосон нь үгүй, тодорхой бус байна.   Үг, яриа нь үйлдлээсээ зөрүүтэй, “нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын тулд “утоп үлгэр” зохион эгэл түмний тархийг угаах, басамжлах нь ардчилал, ардчилсан засгийн легитм шинж гэж үзэх ёсгүй.      

  • “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад, ялангуяа гахайнууд бусдаасаа илүү эрхтэй“[17],  
  • Ингэж  бухдаг нь луйварчны арга [18]
  • Хар хороор зүрх нь дүүрсэн амьтад [19] Харсаар байтал гэнэт баяжаад эхэлдэг
  • Хавийн газруудыг худалдаж, харш сүндэрлүүлдэг[20]  
  • Өөдгүй хулгайч шургах зайгүй ч  Үзэсгэлэнт ордонд шуурга нэвтрэхгүй ч
  • Үе үе сэм сэм орж хулгай хийх “нууц нээлхий”-г өөртөө урласан Улаан Үнэгний ёгт үлгэр[21]

зэргийн ёгтлол, элэглэлийн гүн агуулга бүхий үзэл санаа, үзэгдэл төрийн алба, хуульд уг нь байх ёсгүй.  

VI. Төрийн жинхэнэ албан хаагч нарын хувьд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй” нь нийтлэг шаардлага боловч холбогдох хуулиудад “ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх мэтээр тусгай шаардлагыг ялгамжтай заасан нь төрийн жинхэнэ албан хаагч нарын хувьд ялгаварлал болон зохицуулалтын хийдэл, зөрчил бүхий асуудал үүсгэж болохоор байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд: авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй л бол бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шийтгүүлсэн эсэх нь хамааралгүй гэж ойлгогдох үндэслэл бүхий болсон.  Мөн “ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй” гэсэн ялгаатай зохицуулалт нь төрийн албан тушаалд тавигдах шаардлагын хувьд ялгаварлал, маргаан, зөрчилт шинж агуулсан байна.  Жишээ нь: Иргэн Дорж, Анар нар тус тус Эрүүгийн хуульд заасан “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн боловч иргэн Доржийн хувьд үйлдсэн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шүүхийн өмнөх шатанд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин иргэн Анарын хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шүүхийн шатанд дууссан тул шүүх түүнийг тухайн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тухайн тохиолдолд иргэн Доржийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэдий ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй буюу шүүхээс гэм буруутайд тооцоогүй тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүйд хүрнэ.[22]  Харин иргэн Анарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь шүүхээр тогтоогдсон боловч ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  Энд Иргэн Дорж төрийн албан хаагч байж болно, харин иргэн Анарын хувьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн шалгуур бүхий төрийн албан тушаал эрхлэх, харин гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй гэх шалгуур бүхий төрийн албан тушаал эрхлэх боломжгүй байх эсэх нь шударга бус, ялгаварлал, маргаан бүхий байдал үүсгэж буй нь анхаарах асуудал юм.  

VII.  Төрийн бус буюу хувийн хэвшлийн албанд зарим албан тушаал эрхлэхэд “ялтай байдал”-ын шалгуур тавьсан байх боловч ялгаварлал, ойлгомжгүй байдал байна. Тухайлбал, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд “хуулийн этгээдийн” төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захиралд “ял шийтгэлгүй” буюу  Эрүүгийн хуульд заасан аль ч төрлийн гэмт хэргийг хамааруулсан атлаа банк үүсгэн байгуулагч иргэнд зөвхөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй гэж явцууруулж заасан буюу авлига, албан тушаал, эдийн засгийн зэрэг бусад ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хамааралгүй байна. Уг нь банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд зарим ялгаа байгаа боловч эрхлэх “санхүүгийн үйл ажиллагаа” нь нийтлэг буюу ижил тул тийнхүү ялгамж үүсгэснийг зохистой, шударга гэж үзэх боломжгүй юм.

Дэвшүүлж буй саналууд :  

Cанал: Эрүүгийн хуульд “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зөв, оновчтой зохицуулах, энэ хүрээнд гэмт хэргийн ангиллаас нь хамааруулан хугацааг нь бага, гэхдээ ялгамжтай тогтоох, мөн ялтай байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгохыг хатуу хориглох

Үндэслэл: Тухайн асуудлыг Эрүүгийнхээс өөр бусад хуулиар зохицуулах боломжгүй, иргэнийг насанд туршид нь ялтайд тооцох нь Үндсэн хууль буюу иргэний үндсэн эрх, зарчимд нийцэхгүй.

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын  пактад “Хүн бүр тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрхтэй”.[23] Хүнтэй...хүнлэг бусаар харьцах буюу шийтгэхийг хориглосон [24] байдаг тул урьд өмнө хийсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан хүнийг насанд туршид нь ялтайд тооцох, нэг гэмт хэрэгт дахин давтан шийтгэх зэрэг нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг”-ээ ноцтой зөрчсөн буюу эсрэгээр иргэнтэйгээ...ялгавартай, хүнлэг бусаар харьцсан,  насанд туршид нь хязгаарлалт тогтоон “давхар” шийтгэж буй онцгой хязгаарлалт гэж үзэх үндэслэл бүхий болно.

Санал: Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан этгээд” гэсэн “гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн”-ийг тус тус хүчингүйд тооцох

Үндэслэл: Эрүүгийн хуульд “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулаагүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг насанд туршид нь ялтайд тооцох үндэслэл болохгүй, мөн шударга ёсны зарчмын агуулгатай нийцэхгүй.

Санал: Төрийн албаны хуульд ялтай байдлын асуудлыг төрийн бүх албан хаагч нарт хамаатуулан нэг мөр ойлгогдохуйц, ямар нэг ялгаварлал, тэгш эрхийн зөрчил үүсгэхгүйгээр “зөв, оновчтой” томьёолон нэг мөр заах,  энэ хүрээнд төрийн жинхэнэ болон улс төрийн албан тушаалд “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй”, харин төрийн үйлчилгээний албан хаагч нарт “ялтай байдалгүй байх” гэсэн ялгамжтай шалгууртай болгох

Үндэслэл: Төрийн алба бол зарим албан хаагчид нь илүү эрх эдлэх, түмний хөрөнгийг хувийн мэт бүлэглэн цөлмөхийн төлөө улайран тэмцэлддэг, “амьтны ферм дэх гахай” мэт амьтдын цуглуулга, орогнох байр, халхавч, нээлхий биш учраас төрийн аль ч албан тушаалд тавигдах зүй ёсны шаардлагын нэг болох “ялтай байдал”-ын шалгуурыг Үндсэн хуулийн буюу иргэний үндсэн эрх, зарчмуудын  зөрчил, ялгаварлал үүсгэхгүйгээр хуульчлах  нь хамгийн чухал.

Үндсэн хуульд  төрийн жинхэнэ албан хаагч [25] гэж явцууруулсан хэдий ч төрийн бүх  албан хаагч нар Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах” нь тэдний үүрэг, энд нэг нь нөгөөгөөсөө илүү эрх, ямба эдлэх, тэгш бус, шударга бус, ялгавартай байдал үүсгэх ёсгүй.

АНУ-ын Үндсэн хууль[26]-д “Нэгдсэн улсын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон иргэний бүх албан тушаалтныг төрд тэрсэлсэн, хахууль болон бусад хүнд, хөнгөн аливаа гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчил гаргасны төлөө импечментээр албан тушаалаас нь огцруулж болно” гэж заасан нь, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын  пактад “Хүн бүр тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрхтэй”, “хүнтэй...хүнлэг бусаар харьцах буюу шийтгэхийг хориглосон” нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх утга агуулгыг эргэлзээгүй илэрхийлсэн байна.   

Философийн суурь, давхаргын ойлголтоор бол “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй” гэсэн томьёолол нь суурь ойлголт болохоос гадна “ял шийтгүүлж байгаагүй” болон “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй” хоёрын ялгаа, зөрүүтэй байдлыг өмнө жишээгээр тайлбарласан зэргээс үзвэл “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй” нь илүү оновчтой юм.   

Санал: Төрийн бус буюу хувийн хэвшлийн албанд зарим албан тушаал эрхлэхэд зарим салбарын хуульд шалгуур болгох шаардлагатай бол ялгавартай байдал үүсгэхгүйгээр “тодорхой төрлийн хэргийн хүрээг оновчтой, зөв тогтоон улмаар “тухайн нэр төрлийн гэмт хэргүүдэд ялтай байдалгүй байх” нийтлэг шалгуур тавих   

Cанал: “Ялтай байдал”-ын асуудалтай холбоотойгоор тухайн гэмт хэргийн хувьд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” нь гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох бус харин тухайн гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлөх үндэслэлд тооцох нь зөв зохицуулалт болно.  

Үндэслэл : Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүх тогтоох тухай Үндсэн хуулийн заалттай нийцэхээс гадна ялтай байдлыг шалгуур болгосон зарим хуулийг зөв ойлгох, хэрэглэхэд ач холбогдолтой.  

Cанал: Төр хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, ялтай байдлын лавлагаа, мэдээлэл олгох асуудлыг нарийвчлан тодорхойлж, журамлах 

 Үндэслэл : Ялтай байдлын лавлагаа олгохыг шинэчлэн журамлах шаардлага зүй ёсоор үүссэн байх ба ингэхдээ “зайлшгүй бодит байдлаар”, “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн 2 хэлбэрээр олгох боломжтой.  

Гагцхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд, мөн төрийн албан хаагчаар сонгогдох, томилогдох иргэнд, төрийн бус буюу хувийн хэвшлийн зарим албан тушаал эрхлэх, үйл ажиллаа явуулахад шалгуур болгосон бол эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтийн дагуу тус тус зайлшгүй бодит байдлаар буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, ял шийтгэгдсэн бүх мэдээллийг, харин бусад бүх тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар ялгүй болсон, ялгүйд тооцогдсон л бол “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа, тодорхойлолт өгөх нь иргэний эрх, суурь зарчимд харшлахгүй бөгөөд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг”-т шууд хамаарна.    Монголын “ТӨР” өөрөө 2015 оны Эрүүгийн хуулиар ялгүй болох, ялгүйд тооцох асуудлыг нэгэнт зохицуулаагүй үүний улмаас “алдсан иргэнийг насан туршид нь ялтай” гэж тооцох ёсгүй бөгөөд үндэслэлгүй болсон тул 2015 оны 7 сарын 1-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон бүх этгээдийн түүнчлэн 2015 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдийн хувьд ч ялгаагүй Эрүүгийн хуульд “ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулах хүртэл хугацаанд дээр дурдсан “зайлшгүй бодит байдлаар олгох”-д хамаарахгүй л бол “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн лавлагаа, мэдээлэл өгөх үүргийг төр иргэний өмнө өөртөө хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.  

    Ялангуяа алдсан иргэдийн тухайд “өмнөх алдаа”-г сөхөн гадагш хяналтгүй мэдээлж, тэдний дотооддоо ялангуяа гадаад улсад хөдөлмөрлөх журамт үүрэгт нь саад, тээг тавьж буй байдлыг таслан зогсоох “үүрэг”-ээ цаг алдалгүй бодитой, шуурхай хэрэгжүүлэхийг төрөөс шаардаж буй нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна.

            Хуулиуд үйлдвэрлэх нь чухал биш харин хууль өөрөө эрх зүйт, шударга, амьд үйлчлэлтэй байх нь нэн чухал.   

Г.ГАНБААТАР 

2018.03.08

Ашигласан материалууд: 

[1] Ялтай байдал-Судимость-Convicition. Уголовный кодекс РФ http://stykrf.ru/. Black’s law dictionary 6th ed. (West Publishing, 1990).

C.Нарангэрэл, Англи-Монгол-Орос хууль зүйн толь., УБ., 1994. Хууль зүйн Англи-Монгол эх толь., УБ., 2012. Эрх зүйн эх толь бичиг.,УБ., 2011. Г.Совд, Эрүүгийн эрхийн курс., УБ., 1973. Эрүүгийн хуулийн дэлгэрэнгүй тайлбар., УБ., 1989. 2002 оны Эрүүгийн хууль болон ялтай байдлыг шалгуур болгон заасан бусад хуулиуд http://www.legalinfo.mn/  

[2] 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7   

[3]  Сонгуулийн тухай хуулийн 125.4.4, 139.3.4, 154.3.4 дахь заалтууд 

[4]  Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 22 дугаар зүйлийн 22.1.3

[5]  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.5, 26.6.3

[6]  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.3

[7]  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1  

[8]  Прокурорын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 45.1

[9]  Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйл 19.1

[10]  Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйл 19.1

[11]  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 270.3, цагдаагийн албаны тухай хуулийн  /шинэчилсэн найруулга/ 66.2

[12] Монгол Улсын хүний эрхийн үндэсний  комиссын тухай хуулийн 4.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.5.2,

[12]  Банкны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 19.1.5.

[13]  Банкны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 32.1.2  

[14] Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга.

https://www.mojha.gov.mn/news/7a

[15] Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоол

http://www.legalinfo.mn/law/details/583

[16] Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлт

http://www.legalinfo.mn/law/details/1040

[17] Жорж Орвелл. “Амьтны ферм” (улс төрийн элэглэл) зохиолоос үзнэ үү.

[18] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Тариачин, хонь хоёрын үлгэр

[19] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Могой, хурга хоёрын үлгэр

[20] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Үнэг, тарвага хоёрын үлгэр

[21] И.А.Крылов. Ёгт үлгэрүүд : Уран барилгачин Улаан үнэгний үлгэр

[22] Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалт

[23] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын  пактын 25 дугаар зүйлийн 25(с) заалт

[24] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын  пактын 7 дугаар зүйл

[25] Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2

[26] АНУ-ын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 4 дүгээр хэсэг

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • dorj
    • 2018-04-23

    Ялтай атлаа улс төрд алба хааж буй зарим нөхөд бж л бна

    • Davaa
    • 2018-04-23

    SANAA AVAHAAR ZUILS OLON bna

arrow icon