Нийтлэл 04 сарын 20, 2018

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд түүний ар гэрийнхэн, Монголын ардчилсан холбоо болон нийслэлийн дүүргүүдийн ардчилсан намын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурслаа.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байлаа. Энэхүү аймшигт хэрэг гарснаас хойш даруй 19 жил 5 сар 18 хоног улиран оджээ.

Хэрэг илрэхгүй байсаар 18 жилийн дараа С.Зоригийн аллагын хэргийг үйлдэгчдийг илрүүлсэн хэмээн  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг өнөөлөх олон түмэн эргэлзээтэй хүлээж авсан билээ. Тэд хэрэг үйлдсэн гэж ял авсан хүмүүсийн цаана байгаа захиалагчийг нь нэхсээр байгаа бөгөөд улс төрийн захиалгат энэ хэргийн захиалагчийг олох ёстой хэмээн хууль хяналтын байгууллагуудыг шүүмжилдэг. Жирийн иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа.
Өнөөдөр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна. Өчигдөр уг хэрэгтэй холбоотой шинэ мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хийлээ. Уг мэдээлэл

С. Зориг агсны дүү С.Оюун: Өнгөрсөн жилийн 3 шатны шүүхээр орсон энэ асуудалд манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, шүүх хуралдааныг нээлттэй явуулж, энэ хэргийг нээлттэй болгооч гэсэн. Шүүх хуралдаан нээлттэй болоогүй. Гэхдээ хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг тухайн үед Ц.Нямдоржийн санаачлагаар Засгийн газраас гаргасан. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Харин өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Шийдвэр гарснаас хойш энэ асуудал нээлттэй болсон эсэхийг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид холбогдох байгууллагуудаас нь асуугаасай гэж бодож байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг. Ар гэрийнхэн бидний зүгээс эргэлзэх зүйлүүд үүсч болохоор байна. Хавтаст хэргийн материал нээлттэй болж байж л эргэлзэх ёстой юм уу, эсвэл шүүх, цагдаа зөв шийдсэн үү гэдгийг олон түмэн, хуульчид дэнслэх эрхтэй болох юм. Энэ бол маш чухал. Өнгөрсөн жилийн 3 шатны шүүхийн шийдвэрт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас одоо зөв явж байгаа юу гэдэгт их санаа зовж байна. Мэдээж захиалагч нь илрээсэй, жинхэнэ хэрэг хийсэн хүмүүс нь ял битгий завшчихаасай гэж бодож байгаа, мөн хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдчих вий гэж санаа зовж байгаа. Шүүх, цагдаа, хуулийн байгууллага нь зөв яваасай гэж хүсч байна, шаардаж, байна, сэтгэл зовниж байна” гэв.






 

Сэтгэгдэл бичих

arrow icon