Нийслэлчүүд төдийгүй хотын төвөөр явж байсан гадны хүмүүс ч андахгүй мэдэх Төв шуудангийн урд ном зардаг Н.Баасандорж гуайг мэдэхгүй хүн ховор биз. Тэр жилийн дөрвөн улирлын алинд ч үндэсний хувцастай хуучны сонин содон ном зарж суудаг. Амьдрал сайхан булангийн энэ дугаар Н.Баасандорж гуай анх ном зарж эхэлсэн дурсамжаа хуваалцсан юм.
Би хэдий бага сургуулийн л боловсролтой боловч өөрийгөө хэнээс ч дутахгүй утга зохиолын боловсролтой гэж боддог. Ах нь ном зарж эхлэхээсээ өмнө автобусны жолооч хийж байсан юм. 1989 оны 11 сараас номоо зарж эхэлсэн. Би чинь залуу байхдаа ажлын хажуугаар хийж болох бүгдийг л хийдэг байлаа. Анх ном зарж эхлэхийн өмнө талх зөвшөөрөлгүй зарж баригдаад заруулж байсан худалдагчаа ч торгуульд унагаад асуудал их тарьсан. Тэгээд торгууль шийтгэлд унасан хүн шарандаа хуулийн ном уншиж судалж эхлээд номонд маш их дуртай болсон. Автобусны жолооч хийж байх үедээ ч орос ном худалдаж аваад түүн дээрээ багахан мөнгө нэмээд оросуудад зардаг байсан юм.Энэ бүхэн л ном зарах эхлэл минь байсан. Тухайн үед ном зарах нь ашигтай надад ч үр өгөөжтэй юм байна гэж бодсон. Номоо зарангаа өөрөө уншаад л арай мөнгө нь хүрэхгүй байгаа хүүхдүүд ярьж өгч дараа ирж авахыг санал болгоод л. Хүүхдүүд ч миний ярьж өгсөн номын амтанд ороод дараа нь заавал гүйгээд л ирдэг. Одоо надад номоо зарах өөр нэг шинэ санаа төрсөн. Ажил хэрэг болгох талаас нь хөөцөлдөж л байна. Надаас гадна бусад хүмүүсийн тусламж дэмжлэг хэрэгтэй байна.
Надад байгаа номууд дандаа хуучны анхны хэвлэлийн үг үсэг утгын найруулгын хувьд их сайн номууд байгаа. Тэр номуудаа фэйсбүүкт байршуулаад цахим номын сантай болох санаатай л байна.
Одоо чинь хүмүүс цаасан хэвлэл гэхээс илүү цахим юм л сонирхох болж. Уг нь энэ их л буруу байх л даа. Гэхдээ яая гэхэв. Нийгэм цаг үе нь ийм болж байгаа хойно. Илүү амар илүү хялбарыг л хүснэ шүү дээ.
Сэтгэгдэл бичих