Нийтлэл 04 сарын 25, 2018

Аутизмийн хүрээний эмгэг

ОНЦЛОГ: Бусадтай харилцах харилцааны чадварын эмгэг
Аутизмтай хүүхэд нь бусадтай харилцах буюу нийтийн харилцааны чадварын бэрхшээлтэй, нэгэн хэвийн давтагдмал зан үйл, үйлдэл хөдөлгөөн хийдэг. Сонирхлын хүрээ нь явцуу байдаг. 
1. Нөхцөл байдалд тааруулж, тохируулан үйлдэл хийх чадваргүй ба тухайн нөхцөлдөө тохирохгүй үйлдэл хийх, хэлж болохгүй зүйлийг юу ч бодолгүй хэлэх гэх мэт. 
2. Харилцаандаа ашигладаг үг хэллэг дутмаг байдгаас харилцан ярилцаж, ойлголцоход хүндрэлтэй. 
3. Сонирхолын хүрээ жижиг, онцгой нэг сэдэв, салбар, эд зүйл рүү хэт улайрах хандлага өндөртэй. 
4. Дороо эргэлдэх, гараа савчих, нэг хэвийн үйлдэл ихтэй. 
5. Дуу авиа, гэрэл, өвдөлт зэрэгт хэт мэдрэмтгий эсвэл эсрэгээрээ хэт мэдрэхгүй байх. Энэ чанар нь сэтгэл хөдлөл дээр ч гэсэн илэрдэг ба сэтгэл хөдлөл өндөртэй эсвэл огт сэтгэл хөдөлдөггүй байх зэрэг юм.

ИЛРЭХ ШИНЖ ЧАНАР

• Олон нийтэд уусч чаддаггүй, үеийн хүүхдүүдтэй харилцахдаа муу. 
• Хүнтэй харилцах сонирхол багатай, өөрийн зүгээс үеийн хүүхдүүддээ хандахгүй, хамт тоглодоггүй. 
• Нийтийг хамарсан, олуулаа тоглох тоглоомд дургүй, ганцаараа тоглох дуртай байх хандлага өндөр.
• Хэл ярианы хөгжил хоцрох, хүний хэлснийг давтах нь олонтаа. 
• Бусдын яриаг сонсдоггүй, ярьмаар үедээ ганцаараа ярих, сонирхсон зүйлээ дахин дахин давтан асуух, харилцан ярилцах чадвар муутай. 
Өдөр тутмын амьдралын бүхий л зүйлд тогтсон хэв жаягийг баримталдаг тул шинэ орчин, нөхцөлд зохицоход нь хугацаа их шаардагддаг. Тогтсон хэв жаяг, төлөвлөсөн зүйл, хийж гүйцэтгэх аргачлал нь өөрчлөгдөхөд, сандарч тавгүйтдэг.

ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

Тухайн хүүхдийн онцлог шинж чанарт нь тохируулан үзүүлэн, зурагт самбар ашиглан сургалтаа явуулах. 
Үг яриагүйгээр ойлголцохдоо тааруу, үгсийн хоорондох зай, төгсгөлийг ялгаж ойлгохдоо муу байдаг учир тэдэнд зааж сургахдаа хураангуй үг хэллэг хэрэглэхгүй, “Юуг, яг яаж хийх” талаар товч бөгөөд тодорхой хэлж ойлгуулах нь чухал. 
Мөн чихээрээ сонсож ойлгохоос илүү нүдээр харж ойлгох мэдрэмж нь хөгжсөн байдаг учир, ярьж тайлбарлахаас илүүтэйгээр зурсан зураг, фото зураг эсвэл бодит зүйлийг нь харуулан ярилцах нь ойлголцоход дөхөм болдог. Аутизмтай хүүхэд дуу чимээ, хурц гэрэлд мэдрэмтгий, хөл хөдөлгөөн ихтэй газар тогтож сууж чаддаггүй тул аль болох чимээгүй, нам тайван орчин бүрдүүлж өгөх нь нь чухал байдаг байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon