Нийтлэл 04 сарын 26, 2018

Р.Батнасан: МИАТ компанийг хувьчлах нь зайлшгүй боловч одоохондоо цаг нь болоогүй

 “МИАТ”-ийг хувьчлах асуудлыг хөндөж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр тус компанийн Ахмадын хорооны дарга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат нисгэгч Р.Батнасан, “BOING 737” агаарын хөлгийн ахмад Б.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

 

Р.Батнасан:  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг хэрэгжиж байгаа. Энэ баримт бичгийг 2020 онд дүгнэсний дараа хэрхэн хувьчлахаа шийдвэрлэх ёстой. “МИАТ” компанийг хувьчлах нь зайлшгүй боловч одоохондоо цаг нь болоогүй. Тэр хүртэл “МИАТ” ашиг орлого болон бусад нөөц бололцоондоо тулгуурлан парк шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй юм. Манай компани одоогоос 2.5 жилийн өмнө 1.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Харин өнгөрсөн онд 59 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 1.9 тэрбум, нийгмийн даатгалд 5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн инженер, техникийн бүрэлдэхүүн 2017 онд гадаадын улс орнуудын 50 онгоц заслаа. Нөгөөтэйгүүр “МИАТ” бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллага. Тухайлбал, залуучууд, гэр бүл, ахмад настан болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Дамнуургатай өвчтөнийг “BOING 737” агаарын хөлгийн 15 суудал, “BOING 737” онгоцонд 10 суудал авч байж тээвэрлэдэг. Ингэхдээ 6 хүний суудлаар тооцож төлбөр авдаг юм. Хувьчилсны дараа энэ мэт давуу талыг хэрхэн хадгалж үлдэх зэргээ нарийн тооцох нь зөв юм” гэв.

 

 


Мөн төрийн зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгааг тус компанийн албан хаагчид хэллээ. Монгол Улсад гадны жуулчин ирэхэд хүлээж авах зочид буудал, жуулчны бааз цөөхөн байгаагаас гадна тэдний зочлох үйлчилгээ төдийлөн хангалтгүй. Зочлох үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулсан тохиолдолд жуулчны тоо нэмэгдэж, агаарын тээвэр болон бусад салбарууд хөгжинө гэдгийг дурьдсан юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon