Нийтлэл 04 сарын 30, 2018

Жон Белл: Санхүүгийн байгууллагуудын өмнө тулгарч буй бэрхшээл бол Кибер гэмт хэрэг

Хаан банкны санаачилгаар Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумыг зохион байгуулсан юм. Тус форумаар цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

2017 онд фэйсбүүкээр дамжуулан залилан хийх гэмт хэрэг нэмэгджээ

 Цагдаагийн байгууллагынхны  гаргасан мэдээллээр  2017 оны  байдлаар интернэт банк буюу цахим банкны үйлчилгээ болон фэйсбүүкээр дамжуулан залилан хийх гэмт хэргийн тоо нэмэгджээ. Энэ нь  зөвхөн Монголд ч биш  дэлхий нийтийг чилээсэн асуудал болоод байгаа бөгөөд интернэт банк болон цахим төлбөрийн системд халдлага гаргахгүйн төлөө улс орнууд  дор бүрнээ тодорхой ажлуудыг өрнүүлж, хамгаалалтын шинэ технологиудыг дэлхий нийт нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч кибер халдлага үйлдэгсэд аргаа нарийсган  хурдаа нэмж буй учир хамгаалалтын системийг бэхжүүлэх, улмаар банк болон хэрэглэгчид мэдээллээ нууцлах нь зүйтэй гэдгийг “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумын төлөөлөгчид онцолж байсан юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн эрсдэл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун сэдэв юм. Финтек  гэдэг бол санхүү техник технологийн хослол. Өнөөдрийн форумаар техник технологийн дэвшлийг банкууд нэвтрүүлж буй ч эрсдлээ давхар авч явахын тулд юу хийх вэ гэдэгт төвлөрлөө.  Харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцлахын тулд нууцлал хамгаалалтын систем сайн байх ёстой. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл хэрэглэгч мэдээлэлд хайнга хандсанаар ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт анхаарах шаардлага гарч ирсэн. Тиймээс  Монгол банк 2018 оныг санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарлаж, нэгдүгээр сараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян” өрнүүлсэн. Аяны хугацаанд олон үр дүнтэй ажлууд өрнүүлж буй нэг нь эл форум юм” гэлээ.

Хаан банкны Гүйцэтгэх захирал Жон Белл:“ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумыг санаачлан зохион байгуулж байна. Өнөөдөр цахим банкны аюулгүй байдал зөвхөн манай банкны асуудал биш нийт банк санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийн өмнө тулгарч буй бэрхшээл. Энэ утгаараа цахим банк болон төлбөрийн картын нууцлал руу нэвтрэх асуудлыг хязгаарлахад талууд хэрхэн нэгдэж ажиллах вэ гэдэгт гаргалгаа олохын тулд анхдугаар форумыг зохион байгууллаа. Нэг сая гаруй хүн  ХААН Банкны төлбөрийн  картыг эзэмшиж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хийх зүйл их байна” хэмээн онцолсон юм.
Хас банкны Аюулгүй байдлын Удирдлагын газрын захирал М.Энхболд: Хас банкны хувьд  харилцагчдаа хамгаалах асуудалд  нэлээн анхаарч ажилладаг. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг  хангахын тулд 7 зарчим 99 заалт бүхий хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн.  Энэ хүрээнд 24 цагаар дуудлагын төвүүд ажиллуулж байна. Мөн дотоод ажилтнууддаа цахим халдлага болон хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн нууцлах тухай тогтмол  мэдээлэл өгч ажилладаг. Өнөөдөр манай улсын хувьд цахим халдлагын тухай  хууль эрх зүйн орчин тийм ч таатай биш байна. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг гаргасан ч интернэт банктай холбоотой зүйл заалт байхгүй. Европын холбоо кибер халдлагаас урьдчилан сэргийлэх тухай хоёр жилийн өмнө шинэ хууль гаргасан бөгөөд хэрэгжилтийг хангахын тулд маш сайн ажиллаж байна. Энэ мэт гадны туршлагаас бид судлан  цахим орчин дахь гэмт халдлагаас сэргийлэх эрх зүйн орчныг бий болгох  нь чухал. 

Энгийн цифр цахим халдлагад өртөх тохироог бүрүүлдэг

 Хаан банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Панкаж Кумар: Цахим дайралтад банк болон хэрэглэгч бэлэн байх ёстой. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бээлийг  зөвхөн банк бус хэрэглэгч, төр засгийн бодлого, хууль эрх зүйн орчин гээд бүх талын оролцоогоор хангах юм. Харилцагчдын данс болон хувийн мэдээллийг нууцлах хамгаалалтад ХААН Банк гол анхаарлаа хандуулж ажилладаг. Гэвч харилцагчдын түвшинд анхаарах зүйлс их бий. Халдлагад өртөх хамгийн эмзэг хэсэгт хэрэглэгчид багтдаг. Гуравдагч этгээдэд цахим дансны дугаараа өгөх, гэр бүлийн гишүүддээ картаа дамжуулах гээд эрсдэлтэй алхамуудыг хийдэг. Энэ нь эргээд хөрөнгө мөнгөөрөө хохирох гол үндэс нь болж байна. Мөн цахим банк болон картын нууц дугаарыг маш энгийн цифрээр өгч байгаа нь халдлагад өртөх тохироог бүрдүүлдэг.

Үндэсний Дата төвийн захирал Б.Батжаргал: Цахим орчны хамгаалалт Монголд хангалтгүй байна. Мэдээллийн аюулгүй байдал буюу  кибер халдлагаас иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт төвлөрч байгаа нь сайн хэрэг. Монгол Улс Мэдээллийн Аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай төвд байршсан вэбсайтуудад хийсэн анализаар өнгөрөгч онд 190-200 сая хүсэлт ирснээс 3.5-4 сая орчим нь халдлагын оролдлого байсан. Тэгэхээр хамгаалалтын сайн технологи байхаас гадна сайн мэргэжилтэн халдлагаас хамгаалахад чухал үүрэгтэй. Энэ утгаараа мэргэжилтнийг чадваржуулах тухайд  байгууллагууд ажиллах ёстой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon