Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтад орсон нь
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016.07.01-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулан тусгай хэрэгцээнд авсан, хувийн компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг агуулгатай Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн тухай 20 гаран хэргийг хянан шийдвэрлээд байгаа ажээ. Эдгээр хэргүүдээс хоёр нь олон нийтийн анхааралд хамгийн их өртөж хэлэлцэгдэж байна.
Хурдан морины уралдааны үеэр жил бүр дунджаар 2 унаач хүүхэд амь насаа алддаг, 300 хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог. Өвөл, хаврын уралдаанд бэлтгэх, оролцох явцад энэ эрсдэл улам ихсээд зогсохгүй унаач хүүхдүүд сургуулиас завсардахад хүрч байна. Иймээс, хүүхдийн эрхийн ТББ-ууд өвөл, хаврын уралдааныг Засгийн газар товлож хүүдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй талаарх нэхэмжлэлийг 2017.02.24-ний өдөр гаргасан байдаг. Засгийн газрын 2017.02.22-ны өдрийн 63-р тогтоолоор Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017.03.12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017.03.05-ны өдөр хурдан морины уралдааныг товлосон нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх (Шийдвэр, №688, 2017.09.21) тогтоож, үүнийг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх (Магадлал, №830, 2017.11.23) болон Улсын дээд шүүх (Тогтоол, №26, 2018.01.15) хянаж хуульд нийцсэн гэж тус тус дүгнэжээ. Улсын дээд шүүхийн 26-р тогтоолд “өвөл, хаврын морины уралдаан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд буюу хүйтний улиралд явагддаг учраас хүүхэд богино хугацаанд осгох, хөлдөх эрсдэлтэй, морь унаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 7-10 настай буюу хэт бага насных, уралдаанд оролцсон хүүхдүүдээс судалгаа авахад ихэнх нь мориноос унаж бэртэж гэмтэж байсан байх бөгөөд цаашлаад хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж, хүүхэд сурлагаар хоцрох, хичээл номонд дургүй болж сургуулиас гарах, завсардах гэх мэт сөрөг үр дагаврыг үүсгэдэг байна… өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулж уралдуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр буюу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг мөн” гэж дүгнэжээ. Унаач хүүхдийн эрхийн тухай энэ хэрэг олон нийтийн анхаарлын төвд орохтой зэрэгцэн ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянах эрх хэмжээгүй гэсэн байр суурийг олон нийтэд удаа дараа илэрхийлсэн юм.
Засгийн газрын 2017.03.29-ний өдрийн 14-р хуралдааны тэмдэглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагаа хууль бус байсан эсэх хэрэг одоо хянан шийдвэрлэгдэж байгаа ажээ. Энэ хэргийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2017.10.09-ний өдөр хянаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ. Уг тогтоолд “Нэхэмжлэгч “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл” Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн” гэж маргасан байхад хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн “Монгол Улсын Засгийн газартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдэхгүй” хэмээн тайлбарласнаас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна” гэжээ.
Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль бүрнээ нийцсэн гэдэг дээр дийлэнх хуульч, судлаач санал нэгддэг. Гэвч, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үүний эсрэг байр суурьтай байгаагаа дээрх шүүх хуралдаан дээр төдийгүй олон нийтэд илэрхийлж байна. Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай учраас энэ тухай хэлэх зайлшгүй шаардлага үүслээ.
2005 оны Цэцийн дүгнэлтийн талаарх нэг дэх тайлбар
2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХХШТХ)-ийн 4.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх Засгийн газар (мөн, Сонгуулийн ерөнхий хороо)-ын захиргааны актыг хянахаар зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн 2/02-р дүгнэлтийг Цэц 2005 онд гаргасан. Цэцийн энэ дүгнэлт хоёр янзаар тайлбарлаж ирсэн.
Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын бүхий л үйл ажиллагааг хянаж болохоор хэт өргөжүүлэн зохицуулсан байсан учраас 2002 оны ЗХХШТХ-ийн 4.1-ийг Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэрлэсэн гэдэг эхний тайлбар байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд багтах болон багтахгүй байх зааг ялгааг нь оновчтой тогтоож хуульчилбал Үндсэн хууль зөрчигдөхгүй юм.
Иймд, 2015 оны Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ) болон 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШТХ) нь нийтийн эрх зүйн хүрээн дэх Засгийн газрын үйл ажиллагааг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа, Үндсэн хуулийн маргаан, захиргааны үйл ажиллагаа гэж гурав ангилж, захиргааны хэргийн шүүхэд зөвхөн захиргааны үйл ажиллагааг харьяалуулсан учраас 2002 оны ЗХХШТХ-д байсан шиг Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоогүй. Тийм ч учраас, ЗЕХ-ийн 5.1.1-д захиргааны байгууллагад “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллага”-ыг хамруулж, энэ төв байгууллагад Засгийн газраас гадна яам, түүний харьяа агентлаг зэргийг багтаасан учраас Засгийн газар захиргааны байгууллагын хувьдаа гаргасан захиргааны үйл ажиллагаанд захиргааны хэргийн шүүхээс шүүхийн хяналт тавих эрх зүйн үндэс бүрдсэн.
2002 оны ЗХХШТХ-д улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх талаар тодорхой зааж өгөөгүй байсан учраас захиргааны хэргийн шүүх ийм ажиллагааг хянасан тохиолдол гарч шүүмжлэгдэж, улмаар энэ асуудлаар иргэд Цэцэд мэдээлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Жишээлбэл, Засгийн газрын 2005 оны 1-р сарын 28-ны өдрийн ээлжит бус хаалттай хуралдаанаар “Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх тухай” шийдвэрийг гаргажээ. Гэвч, уг тогтоолд дурдагдсан Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар гэсэн хоёр сайд энэ шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, шүүх тухайн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж байжээ. Хэрэв Засгийн газар хоёр сайдыг огцруулсан шиг шийдвэр өнөөдөр гаргавал 2016 оны ЗХШХШТХ-ийн дагуу улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах учраас захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй.
2016 оны ЗХШХШТХ-ийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн шинэ заалт орсон бөгөөд 2002 оны ЗХХШТХ-д нийтийн эрх зүйн маргаануудыг ингэж ялгасан эсэх нь тодорхой бус байв. Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийг, иргэний хэргийн шүүх эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэдэг. Цэц Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийддэг. Эдгээрээс бусад нийтийн эрх зүйн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд ийм маргаанд Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудал багтдаг. 2002 оны ЗХХШТХ-ийн 4-р зүйлд захиргааны хэргийн шүүхийн харьяаллыг тодорхой байгууллага, албан тушаалтныг нэрлэн зааж харьяалуулсан байсан бол 2016 оны ЗХШХШТХ-иар жагсаалтын зарчмаас татгалзаж маргааны шинж чанараар харьяалуулдаг болсон билээ. Ийнхүү жагсаалтын зарчмыг ерөнхий заалтын зарчмаар халсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрнээ нийцсэн төдийгүй эрх зүйт төрийн хөгжилд томоохон түлхэц болсон. Тиймээс, захиргааны хэргийн шүүх Цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг харьяалан хянан шийдвэрлэнэ.
Цэцийн 2005 оны 2/02 дугаартай дүгнэлт нь 2002 оны ЗХХШТХ-ийн 4.1.1-тэй холбогдуулан гарсан. Энэ дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байгаа. Гэвч, энэхүү хууль бүхэлдээ хүчингүй болж оронд нь 2016 оны шинэ ЗХШХШТХ батлагдсан. Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хянахтай холбоотой 2016 оны зохицуулалт нь 2002 оны зохицуулалтад байсан шиг Үндсэн хуулийн зөрчлийг агуулаагүй харин ч Үндсэн хуулийн суурь зарчимд илүү нийцсэн юм. Иймд, хүчин төгөлдөр үйлчилж буй ЗЕХ болон ЗХШХШТХ-ийн дагуу Засгийн газрын захиргааны үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэж байгаа шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй.
2005 оны Цэцийн дүгнэлтийн талаарх хоёр дахь тайлбар
Цэцийн 2005 оны 2/02-р дүгнэлт Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэсэн агуулгаар гарсан гэсэн хоёр дахь тайлбарыг Дэд сайд Б.Энхбаяр зэрэг зарим хуульч хийдэг. Цэц дүгнэлтийнхээ Үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 38-р зүйлийн 1, 45-р зүйлийн 2-ыг дурдаад дараах үндэслэлийг бичсэн: “Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна.” Эдгээр өгүүлбэр нь Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад ерөөсөө багтахгүй гэсэн агуулгаар бичигдсэн бол Үндсэн хуулийг ташаа тайлбарласны үр дагавар.
Засгийн газрыг хуульд захируулахгүйгээр Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим бүрэн хэрэгжих боломжгүй юм.
Үндсэн хуулийн 38.1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж бичсэн нь Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн засаг дарга, яам, агентлаг зэрэг доод шатны байгууллага, албан тушаалтныг хуулийн дагуу удирдан захирамжлах утга илэрхийлснээс бус хууль, түүний манаач болсон шүүхийн хяналтаас дээгүүр гэсэн утгагүй юм. Засгийн газрын үйл ажиллагаа иргэд, бусад этгээдийн нэгэн адил хуульд захирагдах, үүнийг шүүхээр хянах боломжтой байвал Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдын 1991-1992 онд хүсч тэмүүлсэн эрх зүйт төр буюу хууль дээдлэх ёс жинхэнэ утгаараа бүрэлдэнэ.
Аль ч улсад хувь хүн, хуулийн этгээдийг төрийн хүч албадлагын дор хуульд захируулдаг бол зөвхөн эрх зүйт төртэй улсад хувь хүн, хуулийн этгээд төдийгүй Засгийн газрын үйл ажиллагааг хараат бус шүүхийн хяналтад оруулах замаар хуульд захируулж чаддаг.
Үндсэн хуулийн 45.2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан нь уг асуудлыг шүүх харьяалахгүй гэсэн үг биш.
Харин, энэ заалт бол Засгийн газар хууль зөрчсөн алдаагаа өөрөө засах эсхүл түүнийг томилсон УИХ уг алдааг нь засах боломж олгосон механизм.
Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь улс төрийн бодлого тодорхойлж, баталж, хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй боловч нотлох баримтыг бодитой үнэлэх, хууль тайлбарлах, хууль зүйн үндэслэлээр маргааны төвийг сахиж шийдвэрлэх чиг үүрэггүй.
УИХ болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэлдэх арга (сонгууль), шийдвэр гаргах журам, ажиллах соёл нь шүүхийнх шиг маргааныг хараат бусаар, шударгаар, төвийг сахиж бодитой шийдвэрлэхэд зориулагдаагүй. Тиймээс, бодит байдал дээр Засгийн газар болон түүнийг эмхлэн байгуулдаг УИХ нь улс төрийн байгууллагын хувьд хууль зөрчсөн алдаагаа тэр бүр засаад байдаггүй учраас уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэхийг Үндсэн хууль зөвшөөрдөггүй.
Монгол Улсын иргэн “хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй гэдгийг Үндсэн хуулийн 16.14-т тодорхой заасан. Засгийн газар хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг байнга гаргадаг. Тиймээс, хэрэв Засгийн газрын шийдвэр хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл хувь хүн, хуулийн этгээд уул эрхээ хамгаалуулахаар холбогдох шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нь Үндсэн хуулийн шаардлага. Засгийн газрын дээд шатны захиргааны байгууллага гэж байхгүй, мөн түүний захиргааны актын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага байхгүй.
Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжтой байх ёстой. Үндсэн хуулийн 47.1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан. Шүүх эрх мэдэл бол нотлох баримтыг үнэлэх, хуулийг тайлбарлаж хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдвэрлэх агуулгатай бөгөөд уг эрх мэдлийг зөвхөн хуулиар байгуулагдсан, хараат бус, төвийг сахисан шүүх хэрэгжүүлдэг. Урьдчилсан байдлаар маргааныг өөр байгууллага шийдвэрлэж болох боловч үүгээр гомдол гаргаж шүүхэд хандах боломжтой байх ёстой. Тийм ч учраас, Үндсэн хуулийн 47-р зүйлийн 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан.
Үндсэн хуулийн 19.1-д зааснаар Монголын төр “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Зөвхөн шүүх хөндөгдсөн тодорхой эрхийг сэргээн эдлүүлдэг бөгөөд энэ чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн нэг гол шинж явдал юм. 2016 оны ЗХШХШТХ-ын 106.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны үйл ажиллагаагаар хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх агуулгатай шийдвэр гаргах бүрэн эрхтэй юм. Жишээлбэл, Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан бол шүүх үүнийг тогтоогоод (уг шийдвэрийг хүчингүй болгоод) зогсохгүй тухайн хүнийг ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргадаг. Мөн, хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож, хохирлыг барагдуулж байжээ. Хууль тогтоомжид нийцээгүй Засгийн газрын тогтоол, захирамжийг Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ийм эрх хэмжээ байхгүй. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн эсхүл захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хувь хүн, хуулийн этгээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болж хохироход хүрнэ.
Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байхгүй боловч Цэцийн хяналтад байгаа учир уг үйл ажиллагааг “шүүх хянаж байгаа хэрэг” гэж Дэд сайд Б.Энхбаяр хэлдэг. Гэвч, Цэц Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бүрэн шийдвэрлэх эрх хэмжээгүй. Цэц Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Тиймээс, Цэц Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудал (Үндсэн хуульд нийцсэн эсэхтэй холбоотой л биш бол)-ыг хүлээн авдаггүй. Мөн, 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж илэрхий хориглосон. Түүнчлэн, Цэц Засгийн газрын тогтоол, захирамж хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хяналаа гэхэд уг хууль бус тогтоол, захирамжийг хүчингүй болгох боловч хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх шийдвэрийг шүүх шиг гаргаж чадахгүй бөгөөд ийм эрх мэдлийг Цэцэд хуулиар өгөөгүй.
Цэцийн дүгнэлт 2005 онд гарснаас хойш иргэний хэргийн шүүх Засгийн газрын хууль бус шийдвэрийг хянаж хүчингүй болгож ирсэн. Засгийн газар тогтоолоороо төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн эсэх, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн эсэх, Концессын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан эсэх зэрэг олон арван маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож, хөндөгдсөн эрхийг сэргээж ирсэн байна. Мөн, Дэд сайд Б.Энхбаяр Засгийн газрын хариуцагчаар татагдсан хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэж болно гэж хэлдэг. Засгийн газрын шийдвэрийг хянах эрх мэдлийг иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд нийцдэг, харин захиргааны хэргийн шүүх хянахаар Үндсэн хууль зөрчдөг байж болохгүй бөгөөд ийм тайлбарыг зарчмын хувьд зөвтгөх ямар ч боломжгүй. Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх шийднэ гэсэн агуулга Үндсэн хуульд байхгүй.
Өмнө нь иргэний хэргийн шүүхэд харьяалагдаж байсан захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үзэл баримтлалаар ЗЕХ болон ЗХШХШТХ батлагдсан. Жишээлбэл, Засгийн газрын тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийг хууль зөрчиж халсан эсэх нь хөдөлмөрийн гэрээтэй холбоогүй бол энэ асуудлыг иргэний хэргийн шүүх бус харин захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг болох нь зүйтэй. Үүний шалтгаан нь захиргааны хэргийн шүүхийн чиг үүргийн онцлогтой холбоотой. Эрүү, иргэний хэргийн шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримт цуглуулах, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй, мөн тухайн төрлийн маргаанаараа илүү мэргэшсэн байдаг учраас захиргааны хэргийг илүү оновчтой шийдвэрлэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Дээрх үндэслэлээр няцаагдаж буй ч гэсэн хоёр дахь тайлбарын агуулгаар Цэцийн дүгнэлт гарсан бөгөөд Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах бүрэн эрхийг үгүйсгэж байгаа бол энэ маргааныг Цэц шийдвэрлэх байдал үүсэв. Энэ тохиолдолд Цэц 2005 оны алдаатай дүгнэлтээ засах ёстой. АНУ, ХБНГУ зэрэг улсын үндсэн хуулийн хяналт хэрэгжүүлдэг шүүхүүд Үндсэн хуулийг буруу тайлбарласан шийдвэрээ дараа нь адил маргаан ирэхээр засаж зөвтгөөд явдаг шиг Цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлт ирээд энэ мэт алдаатай шийдвэрээ засах боломж олдвол засах ёстой. Хүн алдаа гаргадаг шиг шүүхийн эсхүл Цэцийн бүрэлдэхүүн ч алдаа гаргадаг тул хангалттай үндэслэл байвал тэр алдаагаа засаж чаддаг байж эрх зүй хөгждөг.
Цэц өөрийн алдааг засаж байсан жишээ бий. 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон боловч “УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн юм. Үндсэн хуулийн 66-р зүйл болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасны дагуу ийм агуулгатай өргөдөл, мэдээллийг Цэцэд гаргах эрхтэй нь илэрхий байсан тул олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсэн. Үүний үр дүнд Цэц дараагийн удаа иргэдийн гаргасан мэдээллийн дагуу УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоогоод зогсохгүй “түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болж байна” гэж шийдвэрлэж, өмнөх алдаагаа зассан түүхтэй.
Цэцийн дарга Д.Одбаяр урьдчилан байр сууриа илэрхийлж ноцтой зөрчил гаргав
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2018.04.02-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод илгээсэн албан бичиг ikon.mn вэбсайт дээр тавигдсан юм. Уг бичигт “захиргааны хэргийн шүүхээс ...Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа болж байна” гээд энэ тухай өргөдөл, мэдээллийг нэр бүхий иргэд Цэцэд ирүүлснийг дурдаж “Монгол Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу дээрх хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.
Иргэдийн мэдээллээр маргаан үүсгэвэл Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны шүүхийн харьяаллаас шууд гаргана гэдгийг Цэцийн дарга урьдчилан хэлжээ. Гэтэл, Цэцийн даргын энэ байр суурь бол хүн болгоны санал нэгдэхүйц тодорхой зүйл биш. 2002 оны ЗХХШТХ-д Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа, улс төрийн үйл ажиллагаа, үндсэн хуулийн төвшний асуудлыг хооронд нь ялгаагүй байсан бол ододоогийн ЗEХ, ЗХШХШТХ-иудаар эдгээрийг ялгаад зогсохгүй зөвхөн захиргааны үйл ажиллагааг нь захиргааны шүүхийн хяналтад оруулсан учраас 2005 оны Цэцийн дүгнэлтээр тогтоосон Үндсэн хуулийн зөрчил одоо байхгүй гэж үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн ихэнх мэргэжилтэн, судлаачид, мэргэжилтэн үзэж байна.
Цэцийн дарга Д.Одбаяр нь хууль болон Цэцийн гишүүний буюу шүүгчийн шүүгчийн ёс зүйн наад захын зарчмыг ноцтой зөрчсөн тул түүнийг эгүүлэн татах үндэслэл үүсчихлээ. Нэгд, 2005 оны дүгнэлт дэх Үндсэн хуулийн зөрчил дахин гаргасан эсэх, Цэцээс хүчингүй болгосон хуулийн заалтыг сэргээсэн эсэх асуудлыг зөвхөн Цэцийн их суудлаар хэлэлцэж шийддэг, харин Цэцийн даргад ийм эрх хэмжээ байхгүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3-т "Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно" гэж заасан. Одоог хүртэл Цэцийн хүчингүй болгосон хуулийн заалтыг дахин сэргээсэн тухай асуудлыг их суудлын хуралдаанаар шийдвэрлэж ирсэн. Үнэхээр 2005 оны Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон хуулийн зохицуулалтыг сэргээсэн үү гэдгийг Цэцийн их суудлын хуралдаанаар тогтоох бөгөөд ийм шийдвэр гаргаагүй байна.
Хоёрт, тэрээр Цэцээр шийдээгүй маргааныхаа талаарх урьдчилан дүгнэж ноцтой ёс зүйн зөрчил гаргалаа. Цэцийн дарга, гишүүн шийдэх гэж буй маргааны талаар урьдчилан байр сууриа хэлэх хориотой. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4-т "Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй," Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.7-д "Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно" хэмээн заасан. Цэцийн дарга дээрх албан бичгээрээ хуулийн эдгээр хориглолтыг ноцтой зөрчиж, маргааны талаар урьдчилан санал, дүгнэлтээ хэлсэн.
Гуравт, хуулиар зөвшөөрөөгүй бүхэн төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох зарчмыг зөрчсөн. Цэцийн дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэх эрхгүй. УИХ-ын даргын эрх хэмжээнд УИХ-д “эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрх” багтаагүй байхад УИХ-ын дарга тийнхүү засвар хийсэн нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бөгөөд огцруулах үндэслэл болно гэсэн дүгнэлт (2007.05.23, №06)-ийг Цэц 2007 онд гаргажээ. “Аливаа төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” бөгөөд УИХ-ын дарга эрх хэмжээ олгоогүй асуудлаар үйл ажиллагаа явуулсан нь энэ зарчмыг зөрчсөн хэмээн Цэц тунхагласан. “Хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох” зарчим нь УИХ-ын даргын нэгэн адил Цэцийн дарга, аливаа бусад нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй албан тушаалтанд үйлчилнэ. Цэцийн дарга нь Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон хуулийг сэргээсэн эсэхийг шийдвэрлэх Цэцийн их суудлын эрх хэмжээг эдлээд зогсохгүй маргааны талаар хийсэн өөрийн урьдчилсан дүгнэлтдээ тулгуурлан Дээд шүүхийн ерөнхий шүүгчид “шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг” мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9.4-т заасны дагуу “Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл өргөдөл, мэдээллийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж” болох боловч “хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”-ыг төдийгүй “холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх”-ийг шүүхэд даалган мэдэгдэж болохгүй. Ийм арга хэмжээ авахыг даалгасан мэдэгдэл шүүх рүү явуулах эрх хэмжээг Цэцийн даргад хуулиар олгоогүй. Тиймээс, Үндсэн хуулийн 1.2-т заасан “хууль дээдлэх” зарчим нь эрх зүйт төрийг илэрхийлдэг учраас Цэцийн дарга “хуулиар зөвшөөрөөгүй” мэдэгдэл, даалгавар явуулсан учраас уг зарчмыг зөрчсөн юм.
Дөрөвт, Цэцийн дарга Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хууль бус мэдэгдэл, даалгавар хүргүүлснээрээ шүүгчийн хараат бус байдалд халдсан гэх талтай. Учир нь, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1-д “…аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно,” 21.2-т “Энэ хуулийн 21.1-д заасныг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бөгөөд 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 15.4-р зүйлийн 1-д “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон… бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан. Цэцийн дарга Дээд шүүхийн ерөнхий шүүгчид “хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”-ыг төдийгүй “холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх”-ыг мэдэгдсэн нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон үйлдэл мөн гэлтэй. Улсын дээд шүүх “холбогдох шийдвэр”-ийг Цэцийн даргын даалгаж мэдэгдсэнээс бус харин зохих хуулийн дагуу л хянаж үзэх үүрэгтэй.
Цэцийн даргын үйлдсэн дээрх дөрвөн зөрчил нь түүнийг эгүүлэн татах хэмжээний ноцтой зөрчил. Үндсэн хуулийн 65.4-т "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно" гэж тодорхой заасны дагуу Цэцийн дарга Д.Одбаярыг эгүүлэн татах үндэслэл үүслээ. Мөн, Цэцийн дарга урьдчилан байр сууриа хэлсэн учраас Захиргааны шүүхийн харьяалалд Засгийн газрыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
2018.04.18-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ЗГХЭГ-ын референт УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын асуултад хариулахдаа “Захиргааны хэргийн Засгийн газрын шийдвэрийг хянан хэлэлцэж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүргийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өгсөн. Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд асуудал тавиулахаар иргэнээр мэдээлэл гаргуулсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2-р дүгнэлт хүчинтэй байгаа тухай Улсын дээд шүүхэд бичиг явуулсан байгаа” гэж хэлжээ. Тэгэхээр, Засгийн газар өөрийн үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй байхын тулд энэ тухай мэдээлэл гаргахыг иргэнд захиалж, Цэцийн дарга Д.Одбаяр уг захиалгыг нь хууль бусаар биелүүлж Дээд шүүхийн ерөнхий шүүгч рүү албан бичиг явуулжээ гэж ойлгогдож байна. Иргэнд захиалга өгч өргөдөл, мэдээлэл гаргуулах замаар Цэцийг улс төрийн арга хэрэгсэл болгон ашигладаг, Цэц түүнд нь үйлчилдэг гэсэн хардлага ортойг харуулсан жишээ ийнхүү нэгээр нэмэгдлээ.
Цэц “Хөнгөн хийсвэр, омголон” шийдвэрээ засах уу
Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг харьяалах уу гэдэг талаар иргэний өргөдөл, мэдээлэл Цэц дээр нэгэнт очсон учраас үүгээр маргаан үүсгэвэл Цэц 2005 оны дүгнэлтээр тогтоосон үндсэн хуулийн зөрчил одоогийн ЗЕХ болон ЗХШХШТХ-д байхгүй гэж шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв 2005 оны дүгнэлт ийм агуулгаар гараагүй, харин захиргааны хэргийн шүүх Засгийн газрын ямар ч үйл ажиллагааг хянахгүй гэсэн утгаар гарсан гэвэл уг дүгнэлт алдаатай болсныг хүлээн зөвшөөрч Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэх нь зүйтэй. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “2005 онд Цэц Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны аливаа шийдвэрийг Цэц хянах ёстой гэсэн “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж шүүмжилж байсан. Цэц Үндсэн хуулиа илүү үндэслэлтэй үзэл баримтлалаар тайлбарлаж, “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлтээ засах нь Монгол Улсад эрх зүйт төрийг бэхжүүлэхэд төдийгүй хүний эрхийг хамгаалах, сэргээн эдлүүлэхэд амин чухал билээ.
Сэтгэгдэл бичих