Нийтлэл 05 сарын 01, 2018

БИ ШААРДАХ ЭРХТЭЙ: Зөвшөөрөлгүй барилгыг нураах шийдвэр гарсан ч барилгын ажил үргэлжилсээр байна

Зайсангийн амны бурхан багшийн хөшөө бүхий хашаанаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе. Та бүхний харж буй энэхүү барилгын ажлыг байгаль орчны сайдын тушаалаар зогсоож, баригдсан барилгыг нураах шийдвэр 2018 он 3-р сарын 29-нд гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн компани барилгын ажлаа үргэлжлүүлж, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэхгүй байна.

Энэ газар бол байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай 2018 оны 03-р сарын 29-ны А 76 тушаалаар газрын эрхийг хүчингүй болгосон газар. Үүнээс гадна энэхүү тушаалын хавсралтаар усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, Байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий газруудад Зайсангийн энгэр болон Туул голын эрэг дагуух 28 компанийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг хамруулж, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.  Үүний дагуу бурхантай хөшөөний хашаанд баригдаж байгаа энэхүү барилгыг нураахаар кранууд аваачсан ч хамгаалагчдаар хүрээлүүлж гадна талд нохой уяж огт ойртуулаагүй гэнэ.

 

Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди: Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгахаар хамгаалалтын захиргаа, цагдаа болон буулгах компанийнхан өчигдөр очсон. 

Гэвч хамгаалалтын алба нь нэвтрүүлээгүй. Уг барилга нь Дайчинхүү гэдэг иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг. Маргаашаас яам болон холбогдох хүмүүс арга хэмжээ авах байх гэж бодож байна. Мөн БОАЖЯ-наас "Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураахаар цагдаа, байгаль хамгаалагч нар барилгыг нураах гүйцэтгэгчидтэй хамт очсон. Уг барилгыг нураах Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын тушаал энэ хоёр сард гарсан. Гэвч биднийг барилга руу хамгаалалтын албаныхан ойртуулаагүй. Яг ямар нэртэй хамгаалалтын газрынхан гэдгээ хэлээгүй. Цаашид илүү хүн хүчтэй очно" гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Тэгвэл төрийн өмнө хэн хүчгүй вэ? Монгол улсын жирийн иргэд. Харин төр хэний өмнө хүчгүй вэ гэвэл мөнгө төгрөгтэй компанийн өмнө гэхэд буруудахгүй болов уу. Учир нь салбарын сайд нь шийдвэрээ гаргачихсан байхад нохой хуцсанаас ч  долоон дор үзэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр. Харин төрийн дээр залрах эрхмүүд авилга хээл хахуульд баригдаж, эх орныхоо ариун дагшин газар ус, Байгалын цогцолборт газруудаа тал бүрээс нь хэмлэн хувааж, алга дарам ч газар үлдээхгүй зарсаар байна. Дээр нь нэмээд өөрт ашигтай хуулийн цоорхойг ашиглаж, өөрсдийгөө хамгаалах хууль хүртэл батлуулж, хууль бус үйл ажиллагааг үзсэн ч үзээгүй юм биш нүдэн балай чихэн дүлий ард түмнээр тохуурхсаар сууна. Ядарсан ард түмэн чинь 0,5 га газар ч өмчилж чадаагүй байна.  

Гэтэл хуулийг гууль болгогч, том компанийн далбаан дор Монголын газрыг идэж дуусгаж байгаа охин компаниуд нь хууль зөрчин голын эргийг хэд хэдээр  нь өмчирхөж, төсвийн албан хаагчийн өмнөөс нохой уяад сууж байгаа эрхэм төрийн өндөрлөгүүдээ болиоч ээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon