Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зөвлөх Б.Энхдалайтай ярилцлаа. Тэрээр саяхан АНУ-ын Сан Хосе хотод болсон Юникодын хурал оролцож монгол бичгийн юникод стандартын талаар танилцуулга хийгээд ирсэн юм.
Та Юникодын хуралд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрыг төлөөлөн оролцоод иржээ. Хурлаас онцлох зүйл юу байв?
Монгол бичгийн юникодын стандартын талаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас гуравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тухайн хэлэлцүүлэгт монгол бичгийн талаар судалдаг, хэрэглэдэг байгууллага хүмүүс оролцсон. Энэ үеэр би монгол бичгийн юникод стандартын талаар болон түүнийг сайжруулж энгийн хялбар болгох зайлшгүй шаардлагатай, өөрийн гэсэн үндэсний стандартыг баталж хэрэгжүүлэх зэрэг өөрийн санал бодлоо дэлгэрэнгүй тавьсан.
Монгол бичгийн юникод стандарт, бичих аргачлал нь миний хувьд шинэ зүйл биш, энэ чиглэлээр би олон жил ажиллаж, программ хангамж болон үсгийн тиг буюу үсгийн фонт зохиож байсан арвин туршлагатай.
Дараа нь БСШУСЯ-нд хэлэлцүүлэг болсон. Тэр хэлэлцүүлэгт би өөрийн саналаа дэлгэрэнгүйгээр бүгдэд танилцуулсан. Монгол бичгийн үсгийн хэлбэр үгийн хаана орсон, хойнох өмнөх эгшиг зэргээс хамаарч өөрчлөгддөг.
Одооны юникод стандартад байж болох бүх зурлага, хэлбэрийг багтаахыг зорьсны улмаас үсгийн маш олон хувилбар, уул хувилбарыг сонгох үүрэгтэй “удирдах тэмдэгт” дөрөв тавыг бий болгосон байдаг. Энгийн хэрэглэгчдэд болохоор үсгийн ямар хувилбарыг сонгоход аль “удирдах тэмдэгт”-ийг дарах вэ гэх зэргээр их хүндрэлтэй байдаг юм. Иймээс монгол бичгийн одоогийн стандартыг сайжруулахын тулд үсгийн янз бүрийн тигээр шийдэх ёстой хэлбэрүүдийг стандартын жагсаалтаас хасах, зөвхөн ганцхан “удирдах тэмдэгт” хэрэглэдэг байх, эм үгийн “гэ, хэ” үсгийг тусгай үсэг болгож жагсаалтад шинээр нэмэх гэх зэрэг санааг дэлгэрэнгүй тайлбарласан.
Миний хийсэн эдгээр танилцуулгууд болон хийж бүтээж байсан зүйлсийг судалж үзээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас надтай уулзаж АНУ-д болох уулзалтад оролцох санал тавьсан юм. Ингэж итгэл хүлээлгэж хамтран ажиллахыг санал болгосныг би дуртай хүлээж авч, хуралд оролцоод ирлээ.
Таны зохиосон программ хангамж болон үсгийн тигийг хаанаас үзэж болох вэ?
Миний зохиосон программ ба үсгийн тигүүд http://forum.asuult.net гэдэг монголчуудын өргөнөөр оролцдог вэб хэлэлцүүлгийн сайт дээр 2008 оноос хойш байнгын хадаатай байдаг. “Монгол бичгээр бичдэг Notepad”гэсэн сэдэвтэй танилцаж болно.
Ухаалаг утсанд зориулж андроид системтэй утасны программууд нэлээд хэдийг зохиосон. Үүнд: “Монгол үсгийн гар” буюу keyboard, “Монгол бичгийн тайлбар толь”, “Монгол-Хятад толь”, “Олон хэлний толь”, “Зип код” зэрэг програмуудыг Google Store-д үнэгүй татаж авахаар байрлуулсан байдаг. Тухайн програмуудын талаар http://forum.asuult.net форумын сайтын “Андройд апп-ууд” гэсэн сэдвээс танилцаж болно
. Монгол бичгийн андройд аппликейшнүүдийн хувьд би өөрийнхөө зохиосон юникод фонтоо ашигласнаар онцлог байдаг.
Өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод болсон уулзалтаар монгол бичгийн юникод стандартын талаар бас хэлэлцсэн гэсэн. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
Энэ талаар би Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт болсон уулзалтад оролцохдоо нэлээд дэлгэрэнгүй тайлбар сонссон. Тухайн уулзалтад монгол бичгийн юникод стандартын кодлолын нэг альтернатив хувилбарыг хэлэлцсэн юм байна гэж мэдсэн. Тэгээд хурлын холбогдолтой материалуудыг интернэтээс татаж авч судалж үзсэн. Энэхүү графетик аргачлал нь монгол бичгийн авиан бичиг хэмээх чанарыг алдагдуулсан, юникодын мөн чанартай нийцэхгүй явцгүй арга болох нь харагдсан. Сан Хосед болсон уулзалтаар энэ графетик загварчлалтай нь сайн танилцах зорилгыг бас агуулж очсон юм.
Сан Хосед болсон уулзалтаас хэр амжилттай ирэв?
Энэ уулзалтад олон орноос 30 гаруй хүн өөрийн биеэр болон онлайн байдлаар оролцсон. Өвөрмонголоос 5 хүн, Монгол Улсаас 3 хүн оролцсон. Хурлын эхний өдөр Хятадын хоёр бие даасан судлаач Лианг Хай, Шен Юүлэй нар графетик аргачлалын сайжруулсан хувилбарыг танилцуулсан. Миний хувийн дүгнэлтээр бол энэхүү аргачлал нь түүхий, монгол бичгийн төвөгтэй, олон утгатай хэлбэрийг сайжруулж хялбарчилна гэсэн боловч тийм биш болох нь харагдсан.
Дараа нь Өвөрмонголын болон Монголын судлаачид илтгэл тавьж, графетик загварын сайн ба муу талыг харьцуулсан анализыг танилцуулж, тухайн загварыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин одооны ашиглагдаж байгаа фонетик загварыг сайжруулж, нэг стандарттай болгож мөрдөх нь зүйтэй гэдгийг хэлцгээсэн.
Хурлын сүүлийн өдөр би танилцуулга хийж одоогийн стандартыг сайжруулах талаарх өөрийн саналыг танилцуулж, MVS-Mongolian vowel separator гэдэг удирдах тэмдэгтийг ашиглахгүй байж болох талаар аргачлалыг үзүүлсэн. Түүнчлэн графетик загварыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ товчхон шууд хэлсэн. Хуралд W3C (World Wide Web Consortium) буюу вэб орчны дизайнчлалын стандартыг боловсруулдаг олон улсын байгууллагын төлөөлөгч онлайнаар оролцож байсан тул монгол бичгийн вэб орчныг хөгжүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн өөрийнхөө хоёр төрлийн санал дэвшүүлсэн. Түүнийг цааш нь W3C байгууллагад дамжуулна гэсэн.
Уулзалтын эцэст гарсан шийдвэр “Одооны хэрэглэгдэж байгаа юникод стандартыг сайжруулж, шинэчлээд хэрэглэх нь тэргүүн зэргийн зорилт болно” гэж гарсан. Ингэхийн тулд Өвөрмонголын талтай манай Монгол Улсын төрийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Өвөрмонголын талаас ахалж ирсэн Лианг Жинбао гэж ӨМӨЗО-ы үндэстний асуудал эрхэлсэн хорооны гишүүн залуу надтай ярилцаж Монголын энэ чиглэлийн төрийн байгууллагуудтай уулзаж, нягт хамтран ажиллая гэж тохирсон.
Дараагийн хурлыг Монголд зохиох талаар ярьсан гэл үү?
Хуралд явахаас өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн, дарга нартай уулзаж хурлын талаар ярилцах үед дараагийн хурлыг Монголд хийх талаар санал дэвшүүлэхийг надад үүрэг болгосон. Тэгээд уулзалтын хоёр дахь өдрийн үдэш Юникодын байгууллагаас зохион байгуулсан албан ёсны оройн хоолны дараа хурал удирдагч Лиза Мүүр, зохион байгуулагч Дэбби Андерсон нарт дараагийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа хэлсэн. Тэд их талархаж хүлээж авсан. Дэбби Андерсон есдүгээр сард зохион байгуулж болох юм гэж хэлсэн. Би буцаж ирээд илгээсэн төрийн байгууллагад танилцуулаад албан ёсоор харилцаж, зохион байгуулах ажлыг хийх болно гэж хэлсэн. Хамт явсан хүмүүс Монголд очиж морь унуулна гэвэл олон хүн оролцоно доо гэх зэргээр хөгжилдөж явлаа. Грэг Экк гэдэг хүн 1990-ээд оноос хойш Монголд очиж үзээгүй гэж ярьж, очих сонирхол ихтэй байгаагаа хэлж байв.
Маргааш нь хурал дээр Өвөрмонголын талынхан дараагийн хурлыг Хөх хотод зохиох санал хэлсэн. Дэбби есдүгээр сард Улаанбаатарт зохиох санал гарсныг бас дурдаж байсан. Тэгэхэд би “Өчигдөр ярьсны дагуу Улаанбаатарт хурал зохиовол дуртайяа хүлээн авах болно” гэж дахин хэлсэн.
Энд ирээд тайлангаа тавихдаа бүгдийг танилцуулж, хурлыг Улаанбаатарт зохиохын чухлыг дурдсан. Гэхдээ тухайн хурлыг чанартай, үр ашигтай байлгахын тулд Өвөрмонголын талынхантай нягт хамтран ажиллаж, одооны юникод стандартыг сайжруулах, энгийн хялбар болгох талаар нэгдсэн зөвшилцөлд хүрсэн байх нь их чухал шаардлага юм.
Графетик загвар цаашид яах вэ?
Графетик загварын хувьд тухайн хоёр судлаач тусад нь хөгжүүлээд Юникодын дараа дараагийн хурлаар танилцуулаад явна гэж шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь одооны фонетик загварчлалтай хамааралгүй бие даасан аргачлал байх юм. Юникодынхны жишээ татаж байснаар солонгос бичгийн бие даасан хоёр аргачлал байдаг түүнтэй адил байхад болохгүй гэх юм байхгүй гэж байсан.
Миний хувийн бодлоор бол энэ чиглэл явцгүй, мухардмал юм. Одооны юникод стандартыг сайжруулаад мөрдөөд явсан тохиолдолд тухайн загвар ямар ч хэрэггүй болох юм.
Цаашид юникод стандартыг сайжруулах, хөгжүүлэх талаар ямар ажил хийх шаардлагатай вэ?
Өмнө хэлж байсанчлан аль болох хурдан хугацаанд одооны юникод стандартыг сайжруулж энгийн хялбар болгож, Юникодын хороогоор баталгаажуулах явдал юм. Ингэхийн тулд Өвөрмонголын талын албан ёсны төрийн байгууллагуудтай шуурхай хамтран ажиллах, олон орны судлаачид, юникодын хорооныхныг оролцуулж мэдээлэл солилцож байх нь чухал. Энэ талд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагууд онцгойлон анхаарч ажиллахаар ажлаа эхлүүлсэн.
Стандартаа батлуулсны дараа түүн дээр тулгуурласан цаашдын зорилтууд болох сургалтын материал бэлтгэх, үсгийн тиг зохиох, вэб орчны дизайнчлалыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй, олон талын ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ ажилд төрийн зүгээс анхаарал тавьж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Гэхдээ үүнийг нарийн судалгаа төлөвлөгөөнд үндэслэж хийх нь зөв байх.
Мөн энэхүү программын талаар холбогдох байгууллагаас ийм дүгнэлт гаргажээ.
Сэтгэгдэл бичих