УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав.
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас чөлөөлөх хугацаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд дууссан.
Эдгээр материалыг татваргүй оруулж ирдэг байхад мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж Засгийн газар үзсэн байна.
Тиймээс дээрх материалыг гаалийн болон НӨАТ-ын татвараас 2021 он хүртэл чөлөөлөхөөр хуулийн төслүүдэд тусгасан байна. Мөн хуулийг баталсан тохиолдолд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хойш хураасан гаалийн болон НӨАТ-ын албан татварын 97.9 сая төгрөгийн орлогыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд буцаан олгохоор тусгажээ.
Мөн үеэр Төсвийн байнгын хорооноос гаргасан түлшний модны импортыг татвараас чөлөөлөх заалт нэмж тусгах саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг батлав. Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Төсвийн байнгын хороо гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь дэмжиж, батлав.
Сэтгэгдэл бичих