Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны гишүүн Д.Өлзийбаяртай ярилцаж, мод суулгах зөв технологи болон яагаад уулын модыг хотод тарьж болохгүй зэрэг олон асуудлыг тодрууллаа.
Д.Өлзийбаяр нь 2002 онд МУИС-ыг ой судлаач мэргэжлээр төгссөн. 2002-2009 онуудад БОАЖЯ-ны харьяа Ой, усны хайгуул, судалгааны төвд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ойн сангийн мэдээллийн инженерээр тус тус ажиллаж байсан. 2009 оноос өнөөг хүртэл уул уурхайн төслүүдэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэллээр ажллаж ирсэн. Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд удирах зөвлөлийн гишүүн.
Сайн байна уу, Сүүлийн үед уулнаас нарс модыг авчирж үхүүлж буй асуудлыг таны зүгээс болон мэргэжил нэгт хүмүүс тань нэлээд эсэргүүцэж байна. Энэ талаар?
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны гишүүд буюу ой модны салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд Улаанбаатар хотод жил бүр уулнаас залуу нарс модод ухаж авчирч тарих нэрээр үхүүлээд байгаа асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Мэргэжлийн хүний хувьд уулын модыг үхүүлээд байгаа асуудалд эмзэглэж байгаа болохоос хотын ногоон байгууламжын бүтээн байгуулалтын хөгжилд саад болох сонирхол байхгүй.
Шинжлэх ухааны үүднээс уулнаас нарс мод ухаж авчирч тарих нь яагаад буруу юм бэ? Яагаад ургахгүй гэж үздэг юм бэ?
Ургах, ургахгүй гэдэг дээр хоёр талын байр суурыг мэргэжлийн болон мэргэжлийн биш хүмүүс илэрхийлсээр байна. Ургах боломж байгаа гэхдээ зөв технологиор ухаж авах, тарих, арчлах ажлуудыг хийж чадсан тохиолдолд ургана.
Харин одоогийн сонгуулийн 4-н жилийн хугацаанд хүний нүд хуурах байдлаар хотоо ногооруулахдаа зөвхөн гаднаас харагдах байдалд анхаарч ууланд 20-40 жил ургасан нарс моддыг авчирч суулгаж үхүүлээд байгаа нь буруу шүү дээ.
Одоо уулнаас авчирч тарьж буй нарс моддын тодорхойлолтыг хэлж өгье. Энэ модод бол насны 1, 2-р ангийн 20-40 насны 6-8 м дундаж өндөртэй хамгийн зөв тэгш бүтэцтэй, зөв ургасан хамгийн шилмэл залуу модод юм. Ийм зөв бүтэцтэй нарс мод нэгдүгээрт ойн гүнд буюу шигүү ойд ургадаггүй. Харин нарсан ойн захааар болон сийрэг, тармаг байдлаар тэгш зөв бүтэцтэй титмийн хөгжил сайтай ургадаг.
Тэгэхээр жил ирэх тусам ийм сайн чанарын үр бий болгох боломжтой залуу нарс мододыг түүж ухаж авах явдал нэмэгдсээр байгаа нь 50, 100, 200 жилийн дараа Монгол орны ойн сангийн нийт талбайн 6.5 хан хувийг эзлэн Хэнтий нуруу, Орхон-Сэлэнгэ мөрний бүс нутагт тархан ургаж байгаа нарсан ойн чанар муудах асуудал үүснэ.
Энэ асуудал мөн л Улаанбаатарт нарс мод ухаж авчирч байгааг эсэргүүцэх үндэслэл болж байна.
Хууль эрх зүйн талаасаа мод суулгах, тариалахыг зохицуулах орчин хэр хүртээмжтэй байдаг вэ?
Ойн нөөцийн экологи, эдийн засгийн үнэлгээ тооцох журам, аргачлал гэж бий. Тэр үнэлгээг одоогийн байдлаар Монгол улсад модны гол ишний эзлэхүүнээр нь тооцдог. Гэхдээ энэ бол мод огтолж тарихад эдийн засгийн үнэлгээ хийдэг журам юм. Гэвч ингэж үндэстэй, мөчиртэй, шилмүүстэй нь ухаж авахад бас нэг экологи-эдийн засаг үнэлгээ үнэлгээ гарах ёстой. Ингэснээр нарс модыг ухаж авахад тухайн байгальд ийм хэмжээний экологи эдийн засгийн хохирол учирч байна гэж тооцож чадсанаар ухаж авахдаа тухайн орон нутгийн байгаль хамгаалах санд хэдэн төгрөг төлөх вэ гэсэн тооцоо гарч ирнэ. Гэтэл өнөөдөр Монгол улсад үүнийг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.
Мөн модыг ухаж авахдаа хөрстэй нь авдаг. Хөрс эвдэрч байна гэсэн үг. Мөн л хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцдог хууль эрх зүй байхгүй.
Экологи эдийн засгийн үнэлгээ гэж яг юуг хэлж байгаа вэ?
Энэ нь тухайн газрыг эргүүлж нөхөн сэргээх, модыг эргүүлээд тарьж ургуулах нийт зардлын тооцоо гэсэн үг л дээ.
Ойн модыг цэвэрлэх сийрэгжүүлэх гэж зүйл байдаг. Үүнийг мэргэжилтэн хүнийхээ хувьд тайлбарлаж өгөөч. Магадгүй хүмүүс уулнаас мод авч ирж тарих нь ойг цэвэрлэж байна гэж ойлгож магадгүй юм?
Ойн тухай хууль, журам, дүрмүүдэд ойн аж ахуйн арга хэмжээ гэсэн тодорхойлолт бий. Ойн аж ахуйн арга хэмжээ гэдэг бол ойд огтлолт хийж, сийрэгжүүлэх, ойд хатсан, унасан мододыг түүж авч цэвэрлэгээ хийх гэсэн арга хэмжээ байдаг болохоос ойгоос мод ухаж авна гэсэн арга хэмжээ гэж байдаггүй.
Ойг цэвэрлэнэ гэдэг нь шигүү ургасан байгаа моднууд бие биеийнхээ ус чийг хөрсийг булаацалдаж байдаг. Үүнийг зохицуулахын тулд огтолж авч үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашигладаг. Нарс мододыг ухаж авч байгааг нарсан ойг сийрэгжүүлэх, нарсан цэвэрлэх гэхгүй. Том нарс моддыг уулнаас ухаж авчирч тариад байгаа хүмүүс ойд сийрүүлэх, арчилгаа хийх замаар ухаж авчирсан гэх тайлбар яваад байсан. Тэгвэл ойд шигүү ургасан нарс модод ийм тэгш, титмийн хөгжил сайтай байх боломжгүй, хэт ойрхон ургасан моддын үндсийг өөрийг нь болон хажуудахыг гэмтээхгүйгээр ухаж авах боломжгүй. Үнэхээр тэгэж авч байгаа бол нэг мод биш нэлээд хэдэн модны үндсийг гэмтээж авч байна гэсэн үг. Ухаж авчирсан нь ч үхнэ тэнд үлдсэн гэмтсэн үндэс нь ч үхнэ.
Хотод ирээд ургах боломж хэр байдаг юм бэ?
Ууланд цэвэр агаарт дасан зохицож 30, 40 жил ургаж байсан моднууд хотод ирээд агаарын бохирдол элдэв тоос шороонд булагдаад гэмтэж эхэлдэг. Нарс моддын ногоон шилмүүс өөрөө хотын агаар дахь хорт бодисыг шингээж авах, хүчил төрөгчийг ялгаруулдаг зэрэг өөрийнхөө үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ хатах, үхэх хүртэлх хугацаандаа юм шүү. Шилмүүсийг тоос дарсаар 2-3 жилд амьсгалахгүй болж ирж байгаа юм. Нарс модны онцлог нь 5-6 жилд шилмүүсээ бүрэн сольдог бөгөөд энэ нь хотод авчирч тарихад шилмүүс жил бүр солигдоггүй тул амьд юм шиг харагдаад байгаа юм. Шилмүүст мод нь маш урт удаан насалдаг учраас үхэхдээ бас удаан үхэж байгаа юм. Анх тарьсан жилдээ сайхан өнгөлөг байна 2,3 дахь жилдээ гандаж эхэлж байна гэдэг нь байгалийн ойд байхдаа өөртөө цуглуулж авсан хамаг шим тэжээлээрээ л тэсээд байна гэсэн үг.
Нийслэлийн захирагчийн албанаас эдгээр моднууд 99,6 хувийн ургалттай байна гэдэг. Ер нь Ургалтыг яаж хэмждэг юм бэ. Хэмждэг стандарт бий юу?
Ямар стандарт, аргачлалаар тоолоод тэгэж тооцоо гаргаад байгаагаа тайлбарлах л хэрэгтэй.
Нийслэлд авчирч тарьж байгаа залуу том хэмжээний нарс модны хувьд ургалт, амдралтыг тооцдог тогтсон стандарт байхгүй ч ургалтыг тооцох маш амархан, энгийн нүдээр ажиглах, шинээр нэмэгдсэн нахиануудын уртыг хэмжих байдлаар
.
Шилмүүст модны оройгоос жил бүр оройн нахиа задрах, гарах явц ажиглагдана. Мөн модны хажуу мөчрүүдээс хажуугийн нахиа зардах, ургах явж ажиглагдана. Нийслэлд тарьсан байгаа нарс моддыг ойртоод харах хэрэгтэй модны оройгоос болон хажуу мөчрүүдийн үзүүрээс шинээр нахиа гарч ургасан байх ёстой. Тэгэж гарч ирээгүй л бол ургахгүй үхэж байна л гэсэн үг.
Ургахгүй, үхэж байна гээд байгаагын учир нь уг нарс моддыг ухаж авахдаа үндэсний үзүүрүүдийг гэмтээж, тасдаж авчирсныг бид харсан. Учир нь мод үндэсний үзүүрээрээ голдуу дамжуулж хөрснөөс ус, шим тэжээлээ сорж авдаг гэтэл үндсийг нь тасалж аваад гэмтээсэн учир шим тэжээл авах нь бага болсон уг мод ургахад улам их хүндрэлтэй болж байгаа юм.
Эдгээр моднуудыг ихэвчлэн хаанаас авчирдаг юм бол?
Дахин хэлье. Эдгээр нарс моддыг Булган, Сэлэнгэ амйгийн нарсан ойгоос хамгийн тэгш ургасан, титмийн хөгжил сайтайг нь түүвэрлэн ухаж авчирч байна. Нийслэлийн захирагчийн алба ийм модыг бидний мэдэхээр 2007 оноос хойш тарьж байгаа. Сүүлийн жилүүдэд ингэж уулнаас зөвхөн нарс модыг ухаж авчирч тарих нь нэмэгдсээр байна. 2017 он хүртэл 4000 орчим мод тарьсан байдаг. Энэ онд 2000 орчим мод тарьж байгаа гэсэн мэдээлэл байна.
Гэмтсэн хөрсөнд дахиад мод ургах боломж хэр байдаг юм бэ?
Шилмүүст мод 100-1000 хүртэл насалдаг. Эргээд тэр ухсан хөрс эдгэрэх эсэх, тэр нүхэнд үр хийсч унах эсэх, тэр нүхийг бөглөсөн эсэх, зөрүүлээд тэнд зулзган мод суулгасан эсэх зэргээс хамарана. Тэгэхээр ухаж авсан хөрсийг заавал нөхөн сэргээх ёстой. Нүхийг нөхөн сэргээгээгүй тохиолдолд тэр нүхэн ус тогтохоос эхлээд ойн хөрсний элэгдэл тэндээс эхлэх ч эрсдэлтэй
. Одоо энэ мод тарьж буй хүмүүс нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Үүнийг шийдэх гарц гаргалгаа нь юу байна вэ?
Гадны туршлага бол хэзээ ч байгалийн ойгоос ухаж авчирч суулгадаггүй. Гадны туршлагаас харахад хотын ногоон байгууламжид зориулсан зориулалтын мод үржүүлэх, бойжуулах газартай байдаг. Энэ газраасаа хотод шилжүүлэн суулгадаг мөн шинэ жилийн гацуур модыг ч ургуулж бэлтгэж өгдөг байх жишээтэй.
Улаанбаатар хотын ногоон байгууламжид зориулсан төрөл бүрийн мод, бут, сөөг тарималжуулдаг, туршдаг, бэлтгэдэг иж бүрэн цогцолбор байгуулах хэрэгтэй. Үүнийг төр засгийн зүгээс анхаарч энэ асуудлыг дэмжих хэрэгтэй. Уг нь ингэж мод үржүүлдэг мэргэжлийн байгууллагууд байгаа, хүсвэл хотын ногоон байгууламжийн хэрэгжээг хангах боломж бий. Ер нь зулзаган мод орчиндоо дасан зохицож сайн ургадаг болохоос том болсон 30-40 уулан ургаж байсан мод хотод дасан зохицож ургана гэдэг маш хэцүү гэдэг дээр мэргэжилтнүүд бүгд санал нийлдэг юм.
Мэргэжилтэн хүний хувьд мод тарих технологи болоод яаж таривал зохистой талаар хэлж өгөөч?
Хотын ногоон байгууламжид шилмүүст мод тарихдаа нарс мод биш шинэс болон гацуур мод тарих нь илүү тохиромжтой гэхдээ том биш зулзаган мод тарьж ургуулах хэрэгтэй.
Шилмүүст мод маш урт насалдаг тул урт хугацааны төлөвлөгөөтэй хотын ногоон байгууламжаа шилмүүст модоор нэмэгдүүлэх нь зөв.
Уулын нарс модыг ухаж авчирч тарихтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, бодлого шийдвэр гаргах цаг болсон. Одоогоор бол хуулиар хориглоогүй бас зөвшөөрөөгүй болохоор энэ явдал газар авсаар байна.
Иймд ой, модны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ухаж авчрах нь зөв гэж үзэж байгаа бол шийдвэрээ гаргаж стандартаа боловсруулж мөрдүүлж үхүүлэх биш ургуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй эсвэл самар экспортлохыг хориглодог шигээ нарс мод уулнаас ухаж тарихыг хориглох шийдвэр гаргах хэрэгтэй.
Mergejliin holboo um bol mergejliin tootso gargaj sur. Nudeer bish. Bi ch bas nudeer chadna. Delhiin buh ornuudad bolood baidag zuvhun manaid bolohgu
өөрийгөө мэргэжлийн хүн гэчихжээ МУИС ой судлал мэргэжилтэнгүүдийг мод тариад байсныг мэдэхгүй л юм байна. мэргэжил дотор мэргэжил гэж бий, хотод шинэс,гацуур тарьна гэнэ, хэрвээ чи мэргэжлийн бол бүгдийг нь тарьж чаддаг байх ёстой мэдэв үү. юм сайн унш, багш нар чинь хэлж өгч ч чадахгүй гадны юм сайн унш, сур.