Чингис хаан Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх толгойгоос ташуур олж ӨМӨЗО-ны Ордос хотын Алтан Гандирын овооноо ташуураа хаяжээ.
Монгол үндэстэний бахархал, нэр сүр, бүхий л зүйлийн билэг тэмдэг болсоор ирсэн Чингис хааны тухай, түүх, домог олныг ярьж, хаа сайгүй түүнийг тахиж шүтэх, хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр бизнес эрхлэгчид олон болжээ. Бидний монголчууд угаас баатарлаг, сүр хүчтэйн дээр хэрсүү зальтай ард түмэн. Тиймдээ ч эзэн Чингисийн нэрээр овоглосон олон ч бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний газрууд бий. Угаас бид эх түүхээрээ бахархан түүх соёлоо хайрлаж хамгаалах ч ёстой. Харамсалтай нь бид өөрсдөө сайхан түүх ярьдаг ч гадны жуулчдад үзүүлэх зүйл төв талбай дэх Чингис хааны хөшөөнөөс минь өөр зүйл байхгүй юм биш биз. Гадны нэгэн жуулчин монголд ирээд буцахдаа интернэт хуудаснаа ийн бичжээ. “Улаанбаатарт Чингис хааны тухай музей болон дурсгалт газрууд ховор. Тэнд сайхан түүх л сонсож чадна хэмээн бичсэн байна. Гэхдээ энэ бол 2008 оноос өмнө. Харин одоо бидэнд Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог толгойд байрлах морьт хөшөө бүхий Чингис хааны дурсгалт цогцолбор бий. Энэ газар хол ойрын жуулчдыг нүдийг хужирлаж,монгол нутгийн сайхныг дэлхий дахинд сурталчилж байв. Гэвч сүүлийн жилүүдэд жуулчдын цуваа өөр зүг рүү хандах болж. Тэд Монголыг улсыг, Монголын түүхийг хаанаас хайж байна вэ?
ӨМӨЗО-ны орны Ордос хотод Чингисийн онгон хэмээх газарт Чингис хаанд тайлга тахилга үйлдэн сүлд хиймороо сэргээдэг хэмээн олон мянган жуулчид зорих болжээ. Зарим нэг нь Чингис хааны бие цогцос тэнд нойрсож байгаа гэж эндүүрэх нь ч бий. Тиймээс бид Ордос хот дахь Чингисийн онгон болон Цонжинболдог дахь морьт хөшөөг харьцуулан сурвалжиллаа.
Монгол дахь Чингис хааны дурсгал
Эртний түүх соёл, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй амьдрал энэ бүхэн цөм монголд минь байдаг. Энэ бүгдийг нэг дороос харах боломжыг Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх толгой дээр байрлах Чингис хааны дургалын хөшөө бүрдүүлж өгсөн юм. Тус хөшөө дөчин метрийн өндөртэй, хоёр зуун тавин тонн ган төмрөөр бүрхэгдсэн аж. Эзэн чингисийн сүр хүчийг илтгэх мэт хоёр метр урт алтан ташуур тулсан морьт хөшөөг “Их монгол улс” байгуулагдсаны найман зуун жилийн ойн билэгдэл болгон уран барималч дизайнер Эрдэмбилэгийн загвараар бүтээсэн байна. Энэхүү бүтээл нь зөвхөн хөшөө төдий зүйл биш хоёр давхар барилга төдийгүй арван метр өндөр, гучин зургаан багана бүхий суурьтай юм. Гадна талаасаа сүр жавхлант эзэн хааны хөшөө, эртний болоод орчин цагийн барилгын уран хийцийг харуулахуйц хөшөөний дотор талд Хүннүгийн үеийн олдворийн музей, уран зургийн галлерей болон бэлэг дурсгалын дэлгүүр, уулзалтын өрөө, ресторан зэрэг олон сайхан танхимуудтай. Хөшөөний баруун талд хүлэг баатруудийнх нь хөшөөг дайнд довтлох мэт омог бадрангуй урласан байх аж. Эзэн хааны маань морьт хөшөө одоогоор дэлхий дээрх хамгийн том морьт хөшөө боловч гадныхны сонирхлыг тийм ч удаан татсангүй бололтой.
Дэлхийн талыг эзлэж ноёрхож явсан энэ аугаа хүний төрсөн нутгаар зочлохдоо хүмүүс юуг хүлээдэг вэ? Мэдээж түүний хөшөө дурсгалыг хэдэнтээ харж түүх домгийг мянга сонсоод илүү ихийг мэдэхээр Цонжинболдогийн зоридог байх. Харамсалтай нь энд өндөр хөшөө хүлэг баатруудаас өөр юу ч алга. Мөнгөлөг хөшөөн дээр ирэх жуулчдын тоо ч цөөрч, нам гүм байдал биднийг угтсан юм. Нам гүм байдлыг сэрээх мэт үүдэнд уясан шар шувуу хааяа, хааяа сэр сэр хийнэ. Бас л нэгэн бизнес. Уг нь хөшөөний нийт талбай 212 га газрыг эзлэнэ. Энд ирсэн жуулчид хөшөөнөөс зүүн тийш 36 км зайд байрлах “13-р зуун цогцолбор”-ыг үзэж сонирхож арван гуравдугаар зууны амьдрал ахуйтай танилцах боломжтой боловч тэр бүр мэдэх хүн ховор. Энд үнэхээр эл хуль юм. Эзэн хааны түүхт дурсгалт газрын хувьд үүднээсээ тайлбарлагч болон гадны зочдод зориулсан орчуулагч байж монгол түүх соёлоо эзэн Чингис хаанаа бахдан ярих хүн хэрэгтэй юм шиг
ээ.
Өвөрмонгол дахь Чингис хааны дурсгал
ӨМӨЗО-ны Ордос хотын Их Зуу аймгийн эзэн хороо хошууны Алтан Гандирын шил хэмээх маш үзэсгэлэн төгөлдөр газарт Богд эзэн хааны онгон гэж нэрлэгдэх тэр газрыг бид зорьлоо.
Иж бүрэн энэ цогцолбор нь зургаан хэсгээс бүрдэх агаад түүнд гол ордон, ар ордон, зүүн баруун ордон, бас зүүн баруун жигүүрийн танхим орно. Төв ордны эгц өмнөөс орох цагаан гантиг чулуун 9 давхар гишгүүрт шатаар өгсөхөд ордны асарт “Чингис хааны онгон” гэж алтан үсгээр товойлгон Хятад, Монголоор сийлсэнийг хараад заавал хятадаар сийлэх албагүй гэх харамын сэтгэл төрүүлэв.
Энэ ариун тансаг ихэс дээдсийн төв ордны хаалгаар ороход том баримал хөрөг хөшөөний өмнө тайлгын ширээг байрлуулж таван тансагийн дээж тавьж, мөнх зул гэрэлтэн түмниий өргөн барьсан, торгон хадаг өнгө алаглаад, арц хүжийн үнэр анхилан, өргөөний голд хүрэл тулга тулж, эргэн тойрон хээ угалз бүхий эсгий ширдэг дэвсжээ. Бид энэ бүхнийг харан олзуурхан баясаж нутгийнхаа цагаан идээний дээж, алд цэнхэр хадгаа барьж амь нас бие сэтгэлээ даатгууллаа.
Дээрээ жинстэй тоорцог хэлбэрийн бунхант гурван ордны голын өргөөнөөс гарч арын болон зүүн баруун орд, зүүн баруун ордыг гол өргөөтэй холбосон танхимын дурсгалт зүйлүүдийг таалан мөргөөд арын ордны хойморт буй Чингис хаан болон Бөртэ үжин хатан, Хулан хатны орд, Есүй Есүгэн хатны орд хийгээд Өндгөн цагааны орд, Бор өндрийн цагааны орд, Хор саадгийн орд, Жолоогийн орд зэрэг найман цагаан гэртэй танилцаж сонирхлоо. Мөн Чингис хааны аугаа их гавьяа зүтгэл, нөр их үйл хэргийг үзүүлсэн ханан зургийг сонирхож хэрэглэж байсан сүлд туг, эмээл хазаар, ногт цулбуур, хор саадаг, нум сум, илд жад бүрээ харанга тэргүүтэн ховор дурсгалт зүйлсийг энд байрлуулжээ.
Энэ цогцолборыг 1956 онд барьж дуусгасан ба Дархадын 37,38,39 дүгээр үе нь эзэн Чингисийн онгоныг өнөөг хүртэл хамгаалж ирсээр байна. Мөн Их эзний түүх , түүхэн үйл явдлын тухай Ордосын ордон музейд олон сонирхолтой зүйлс байв. Үүнээс Чингисийн дөрвөн тахилга ихэд өвөрмөц байв. Үүнд хаврын тахилга. Билгийн тооллын гурван сарын арван долооны тахилга. Энэ тахилга нь бэлчээр сайжирч, морь, хонь, адуу тарга тэвээрэг авч эхэлж, сүү сааль гарч эхлэх үед хийдэг тахилга. Зуны тахилга билгийн тооллын таван сарын арван долооноос эхэлдэг. Чингисийн өрлөг жанжинууд цэгээгээ хувааж, хишиг буянаа хүртэн найралдаг онцлогтой. Намрын тахилга Билгийн тооллын есдүгээр сарын арван хоёрноос эхэлдэг. Үүнийг шөргийн тайлга ч гэж нэрлэдэг. Намар болоод унага, тугалныхаа шөргийг авч дараа жилийн хаврын тайлга болтол сүү сааль арван байхыг билэгдэж хийдэг. Өвлийн тахилга буюу тасхим тахилга.
Билгийн тооллын аравдугаар сарын гуравны тахилга. Өвөлд өнтэй орохыг билэгдэж энэ тахилгыг хийдэг байгаа. Ийнхүү дөрвөн улирлын тахилга нь өөр өөрийн онцлог дэгтэйгээр үйлдэгддэг байна. Жилийн 365 хоногт өдөр бүр жуулчны хөл тасардаггүй хэмээн тэд дурьдсан юм. Мөн тэнд очсон эр хүн бүрийн хиймороо сэргээж, сүсэглэн мөргөж буй газрын нэг нь хар сүлдийн тахилга. Эмэгтэй хүн гарч болохгүй зөвхөн эр хүн л мөргөж хиймороо сэргээх хар сүлдийн тахилга нь хөл хөдөлгөөн багатай байсан ч очсон хүн бүрийн сүсэглэх газруудын нэг байлаа.Түүнчлэн Дархад ястан үе уламжлан эзэн хааны сүлд хиймор, ариун сүнсийг тахиж шүтэж ирснээс биш бие цогцосыг манаагүй гэдгийг хэлж байсан юм. Энэ уламжлал хүлэг баатар Боорчи эзэн хааныг тааалал төгссөний дараа нутаг хошуугаараа өргөл барьц өргөж, хүндэтгэл үзүүлдэг байснаас өдийг хүртэл үргэлжилж буй ариун ёс юм. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд гэрэлт зул хөөргөн эзэн хаандаа золгодог ч ёс бий гэнэ шүү.
Энэ мэтчилэн хол ойрын зочид гийчид Чингис хаанд ихээхэн хүндэтгэл үзүүлж хол газраас зорин ирэхдээ малын мах, айраг цэгээ торго дурдан барьж хүндэтгэдэг ёс одоог хүртэл үе уламжилсаар ирсэн байна. Ийнхүү Богд эзэн Чингисийн онгонд очсон бидний нүдийг хужирлах зүйлс бишгүй олон төдийгүй бүхий л зүйлс сонирхол татаж байлаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр энэ бүх сайхан зүйлсийг хараад цагаан атаархал төрж сэтгэл гонсойсоныг нуух юун. Хэдийгээр хил зааглагдсан монголчууд боловч хэл яриа дадал зуршилаараа өөр болсон Өвөрмонголчууд монгол ёс уламжлал түүх соёлоо авч үлдэх гэсэн нөр их хөдөлмөр нь өөрийн эрхгүй бахархалыг төрүүлдэг. Соёлын хувьсгалын үеийн гунигт түүхийг сөхөх бүрт тэд битүүхэн эмзэглэх нь өрөвдмөөр.
Маш том гүрний нэгэн муж болон амьдарч байгаа тэдний хувьд бүхий л зүйл хараа хяналтанд байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Гэсэн хэдий ч эзэн Богд Чингис хааныхаа онгон гэх энэ газраа үеийн үед хадгалж хамгаалж ирсэн тэднээр бахархахгүй байхын аргагүй. Ийнхүү бид олон зүйлийг үзэж сонирхсоор нутгийн зүг хүлгийн жолоогоо заллаа.
Бид Чингисийн онгонд очиж мэдээгүй олон зүйлсээ мэдэж эзэн Чингисээрээ бахархсан хэдий ч хил дамжин энэ бүхнийг үзэх хэрэг байгаа болов уу гэсэн хөнгөн гуниг төрж билээ
. Энд Чингисийн гэх тодотголтой олон зүйлсийг ариун дагшинаар нь авч үлдээд сахиж хамгаалаад байхад монголд яагаад зөвхөн бизнес төдий зүйл байгаа юм бол. Энэ бүхнийг Яагаад авч үлдэж чадсангүй вэ? Монгол гэх омогшил юунд оршоод байгааг бодууштай. Ийм сайхан дэлхий дахинаа дуурсгалтай, бахархах юмтай үндэстэн шүү гэдгээ илүү ихээр үзүүлж харуулж, ийм сайхан зүйлсээ авч үлдэж чадахгүй энэ хэвээр байвал бүр мөсөн алдахад хүрнэ гэсэн гунигт бодол тээсээр нутаг буцлаа.
Сэтгэгдэл бичих