Нийтлэл 05 сарын 17, 2018

САЙН ААВ: Олон оюутнууд намайг аав гэж дууддаг

Их сургуулиа төгсөх жил  намрын нэгэн сэрүүн орой бид оюун солицооны дагуу Хөх хотод очиж дадлага хийхээр Улаанбаатраас  хөдлөж Хөх хотыг зорисон юм . Бидний очихоор төлөвлөсөн газар ӨМИС-ийн гадаад оюутны байр. Бид төлөвлөсөн ёсоор ӨМИС-ийн гадаад оюутны байранд ирлээ. Ямар орчин ямар хүмүүс биднийг угтах бол гэсэн битүүхэн айдсыг үргээн угтаж авсан хүн бол ӨМИС-н ОУ-н сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны байрны багш Саруулийн Ханш байлаа. Эрэгтэй хүнд баймгүй эелдэг найрсаг зан, хүн бүртэй холбоо харилцаа тогтоон бүгдэд сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Тав гаруй насны  энэ эр анх харахад сэтгэл шигээ дулаахан харагдаагүй. Европ хүн шиг өндөр монхор хамартай, шөвгөр шар царайтай дээш доош хэлбийсэн хэлбэргүй хөмсөг, сурагч халимаг мэт богинохон үстэй, жартгар зальхай  нүдтэй бөгөөд нүдэнд нь үл ялиг улаан туяа үргэлж харагдана. Ямагт сэхээтэн хүний ёсоор костюмаар гоёх энэ хүн өдөр бүр ажилдаа ирэхдээ дугуй жийсээр нэг гараараа даллан цоглог гэгч нь инээмсэглэдэг. Энэ зан нь багаас тогтсон зуршил гэж хэлж болохоор аж. Өвөр монголчууд эртнээс одоог хүртэл овог аймгаараа овоглон амьдарч байгаа энэ ч тэдний эелдэг найрсаг бусдыг гэсэн сэтгэлээс харагдана. Ханш гуай 1957 онд  сэхээтэн айлын ууган хүү болон мэндэлсэн “Цахар” овгийн хүн боловч багаасаа нутгаас гарч Хөх хотод сууришсан.

Энэ л хотоос амьдралын мөрөө хөөж эндээс мэдлэг боловсрол олж төв газрын хүү болон өсчээ. Гэхдээ нутгийн аялагаа хэзээ ч алдалгүй үргэлж нутгаа аялагаараа ярьдаг. Мөн  хятад хэлийг гайхалтай сайн сурсан нэгэн. Тэрбээр хэдийгээр хөдөө нутагт төрсөн ч хөдөө нутгийн амьрал ахуйгаас хол хөндий өссөн,багаас хятадын соёлд суралцан, хятад хүн шиг амьдарсан авч монгол хүн болж төрсөнийхөө хувьд мал муулах,морь унах, нум сум харвах зэрэг монгол ухаанд суралцсан. –“Өвөрмонголын багшийн их сургуулийг” 1978 онд биеийн тамирын багш мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй 35 жил багшилсан. 2012 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн ч угаас зүгээр суух дургүй учир ӨМИС-ийн ОУ-Н сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны байрын багшаар ажиллаад өдгөө дөрвөн жилийн нүүр үзжээ. Угаас хүүхдүүдтэй эвлэг харьцдаг тэрбээр гурван хүү хоёр охинтой. Бүгд тус тусын амьдралаа хөөж сэтгэлийг нь чилээлгүй амьдардаг.

Тиймдээ ч түүнийг жар шүргэж яваа гэж хэн ч хэлэхгүй. Нүүрэнд суусан нимгэн үрчлээ нь инээхэд нь тодрон харагдана. Басхүү зальхай жартгар нүдний цаана гуниг зовлон нуугдсан болов уу гэмээр үе үе бодлогоширон сууна. Энэ үедээ хэн нэгнийг битүүхэн санагалздаг уу эсвэл ямар нэгэн зүйлд харамсдаг уу? Гүнзгий санаа алдан толгой гудайн зогсож харагддаг.

Боловсролын байгуулагад насаараа зүтгэсэн энэ эрхэм хүний арга эвийг төвөггүй олно. Хэн нэгний сэтгэлийг засаж урам өгөхийн тулд гайхалтай хувирч чадна. Яагаад ч юм энэ хүнээс эрэгтэй хүний баатарлаг эр зориг гэхээсээ илүү наанаа хатуу харагдах ч дотроо сүү шиг зөөлөн тийм эмэгтэй хүн харагдаад байдаг юм.

Гадна дотны өөр өөр хэл соёлтой оюутнуудад ээж аавын үүргийг гүйцэтгэн бусдыг хайр талархлыг хүлээн өдөр бүр хүндэтгэл бишрэлээр бялхдаг гэлтэй. Өөрөө ч олон оюутнууд намайг аав хэмээн дууддаг гэж дулаахан мишээнэ. Эзэмсэн мэргэжлийн онцлог уу угийн төрөлх чанар уу ямагт хоёр гараа урдаа аван нуруу тэгш зогсоод эрүүгээ үл ялиг доошлуулах нь хэзээд туслахад бэлэн цэрэг шиг харагдана. Цэгц шулуун яриатай басхүү бяцхан хошигнолтой. Онигоо ярих дуртай энэ хоббигоо хөгжүүлэн онигоог мэргэжлийн хошин шогийн жүжигчнээс дутахааргүй ярина.

Царайны хувирал хоолойны өнгө гадаад оюутны байрын үүдний танхимыг бүхэлд нь инээдээр бялхуулна. Түүний бас нэгэн авьяас нь гар урлал. Гарын доорх материалаар өөрт хэрэгтэй эд зүйлсээ өөрт тохирсоноор хийж хэрэглэхдээ сэтгэл хангалуун байдаг. Ийм л нэгэн эгэл  жирийн эр хол ойрын хүмүүсийг гадна дотны гэж ялгахгүй халуун сэтгэлээр хандан ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа авч яваа. Тэр угаас цагаан цайлган, халуун дулаан сэтгэлтэй. Эр хүн туг ч барина тугал ч хариулна. Тэр мандаж ч явсан бүдэрч гуниж ч явсан. Түүнд далан хар уул шиг ээ ханагар сайхан өмөг түшиг Хөлөнбуйрын тал шиг уужим сэтгэл бий.     

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon