Нийтлэл 05 сарын 20, 2018

Хавдрын вакцин

Аливаа эм гаж нөлөө, эрсдэл дагуулдаг. Дархлаа шиг нарийн тогтолцоонд нөлөөлдөг вакцин их эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Энгийн толгой өвдөхөөс эхлээд харшлын түргэн илрэх урвал (анафилакси) ч вакцин тариулсны дараа үүсэх магадлалтай. Вакциныг эрүүл хүүхдэд тарьдаг болохоор ээж аав нь өөрийн эрхгүй “хэрэг байна уу?”, “миний хүүхдэд тэр гаж нөлөө нь илэрчихвэл яана аа?” гэсэн айдас төрдөг байх. Монголд АНУ-ийн Мерк компанийн үйлдвэрлэсэн Гардасил вакциныг охидууд, залуу эмэгтэйчүүдэд шинээр тарьж эхэлж байгаа нь дээрх эмээлтүүдийг төрүүлж байгаа нь дамжиггүй. Харин, энэ вакцины үр дүн ямар болох, чухам ямар эрсдэлтэй, тэр эрсдэл нь ямар магадлалтай болох зэрэг асуудлын талаар зөв, тэнцвэртэй, баримттай мэдээллийг хүргэх нь мэргэжлийн хүмүүсийн хариуцлага, үүрэг билээ. Бага ч гэсэн, бодит эрсдэл байгааг сайн ойлгуулах нь олон нийтийн итгэлийг олох, гаж нөлөө гарсан маш ховор тохиолдолд хохирсон хүн, ар гэрийнхэнд нь ядаж хууртсан сэтгэл төрөхгүй эхлэл болох ёстой учир бүрэн мэдээлэл өгөх нь умайн хүзүүний хавдрын вакцинжуулалтын ажлын цаашдын амжилтын түлхүүр юм.

Умайн хүзүү, бэлгийн уруул, анусны хорт хавдар, үү зэрэг өвчний багагүй хэсэг Хүний хөхөнцөрт вирусээр (ХХВ) үүсгэгдсэн байдаг. Энэ вирус нь 100 гаруй төрөл байдаг боловч 16, 18-р төрөл нь умайн хүзүүний хавдрын 70%-ийг, савны хавдрын 60%, бэлгийн уруулын 40%, анусны хавдрын 80%-ийг үүсгэдэг байна

[1]. Эдгээрээс гадна эр бэлэг эрхтний болон амны хөндий, залгиурын зарим төрлийн хавдрын шалтгаан ч мөн болдог байна. Хүний хөхөнцөрт вирусын бусад төрлүүд нь мөн хавдар, үү үүсгэдэг боловч магадлал багатайг судалгаа харуулж байна. Хүний хөхөнцөрт вирус нь гол төлөв бэлгийн замаар тардаг бөгөөд нэг хүн олон төрлийн хүний хөхөнцөрт вирусээр олон дахин халдварлах магадлалтай байдаг. Монгол улсад хүний хөхөнцөрт вирусын халдвартай хүний тоо сүүлийн үеийн судалгаагаар нийт хүн амын дунд 35%, үүн дотор 25-аас доош насныхан дунд 48,5% гарсан байгаа нь халдварын хэмжээ өндөр гэж дүгнэгдэж байна [2]. Үүнтэй холбоотойгоор умайн хүзүүний хавдар 100 000 хүн тутамд 18,2 хүнд оношлогдож, 100 000 хүн тутамд 10,2 үхлийн шалтгаан болж байгаа нь Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 2 дахь гол шалтгаан, нас баралтын 4 дахь гол шалтгаан болж байгаа юм [3] [4]. Нас баралт, өвчлөл өндөр байгаа нь энэ өвчинтэй тэмцэх нь зайлшгүй чухал гэдгийг харуулж байна. Эрүүл мэндийн тогтолцоо хөгжингүй улс орнуудад эмэгтэйчүүдийг умай хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулснаар энэ өвчний улмаас нас барах хүний тоог 2 дахин бууруулж чадсан байна. Монголд ийм тогтолцоо байхгүй учир хавдар үүсгэгч вирусын халдвараас дархлаажуулах ажлын чухлыг улам онцолж байгаа юм. 

Хүний хөхөнцөрт вирусын 16, 18-р төрлүүдэд дархлаа үүсгэдэг вакциныг ГлаксоСмитКлайн компани Церварикс нэрэн доор 2007 оноос анх Австралид, Хүний хөхөнцөрт вирусын 16, 18, 6, 11-р төрлүүдэд дархлаа үүсгэдэг вакциныг Мерк компани Гардасил нэрэн доор 2006 оноос АНУ-д анх бүртгүүлэн үйлдвэрлэж байна.

Энэ цагаас хойш Гардасилыг зөвхөн АНУ-д гэхэд л 40 сая тунг тарьсан бөгөөд ауюлгүйн, үйлчилэх хугацааны талаар бүртгэлийн дараах судалгаанууд олон нийтлэгдсэн учир мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын зүгээс аюулгүй, найдвартай гэсэн үнэлгээ аваад байгаа вакцин юм. 
Бүртгэлийн дараах судалгаа гэдэг нь вакцины туршилтын хугацаанд цөөн тооны хүнд хэрэглээд илрээгүй ховор гаж нөлөөг, вакцины үйлчлэх хугацааг тогтоох зорилгоор явуулдаг судалгаа юм. Аливаа гаж нөлөөг оношилсон эмч энэ тухайгаа нэгдсэн мэдээллийн банканд бүртгүүлсэний дараа судлаачид статистик арга ашиглан вакцины аюулгүй байдалд дүгнэлт өгдөг. АНУ-ийн ийм мэдээллийн банкийг нь Вакцины Гаж нөлөөг Бүртгэх Систем (VAERS) гэх бөгөөд Өвчин Хяналт ба Урьдчилан Сэргийлэх Төв (CDC) ба Хүнс, Эмийн албад (FDA) хариуцан ажиллуулдаг. Өөр улсууд өөрсдийн системтэй боловч судлаачид VAERS–ийг ашиглах сонирхолтой байдаг нь VAERS илүү олон хүний мэдээллийг, илүү нарийн цуглуулдагт оршдог. Сул тал нь гэвэл вакцин тарьсаны дараа илэрсэн бүх үзэгдлийг үйлдвэрлэгч, хохирогч, эмч, сувилагч нар сайн дураар мэдээлдэг болохоор цаг хугацааны хувьд тухайн вакциныг тарьсаны дараа тухайн шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээллийг л өгдөг бүртгэл юм. Америкийн эмч нарын холбооны сэтгүүлд хэвлэгдсэн нэг нийтлэл энэ бүртгэлд, вакцин анх хэрэглээнд орсон 2006 оны 6 сараас 2008 дуустал АНУ-д Гардасилын 23 сая тун тариулсны дараа бүртгэгдсэн 12424 гаж нөлөөг нягтлан судалсан байна [5]. Эдгээрээс 11652 нь хөнгөн, 740 нь хүнд гаж нөлөө (эмнэлэгт хүргэгдсэн, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, тахир дутуу болсон), 32 нас баралт байсан байна. Хамгийн олон бүргэгдсэн гаж нөлөөнүүд- 1869 ухаан алдах, 1741 тарьсан газрын хөндүүр, 1572 толгой эргэх, 1164 огиулах, 937 толгой өвдөх байсан байна. Нэг хүнд олон гаж нөлөө илрэх явдал мөн байсан байна. Хүнд гаж нөлөө гэсэн томъёон доор 28 харшлын түргэн илрэх урвал, 56 венийн судасны тромбо-эмболи (ВСТ), 42 Гиллян-Баррегийн синдром (ГБС), 725 хэт мэдрэг байдал, 10 нугасны миелит, 9 нойр булчирхайн үрэвсэл, 32 нас баралт бүртгэгдсэн байна. Харшлын түргэн илрэх урвалын талаарх мэдээллийн тал нь хангалттай байгаагүй учир судалгаанаас хасагдаж, үлдсэн 14-өөс 4 нь л вакцинаас хойш нэг хоногийн дотор тохиолдсон жинхэнэ хурц харшилын урвал байсан учир шигшигдсэн байна. Энэ гаж нөлөө 100 000 тунд тохиолдох магадлал нь тийм учир 0,1-ээс бага гэж дүгнэгдсэн байна. ВСТ (бөглөрөл)-ийн тохиолдлын 90% нь жингийн илүүдэлтэй, тамхи татдаг, дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах эм уудаг буюу ВСТ-ийн эрсдэлтэй хүчин зүйлстэй эмэгтэйчүүдэд тохиолдсон байна. Тийм учир вакцин ВСТ үүсхэд нөлөөлсөн гэж хэлж болохгүй байна. 10 нугасны миелитийн 1 нь л вакцин тариулснаас хойш шалтгаан үр дагаврын холбоотой байх магадлалтай 6 долоон хоногийн дотор илэрсэн учир энэ гаж нөлөө 100 000 тунд тохиолдох магадлал нь 0,1-ээс бага гэж хэлж болохоор байна. 42 ГБС бүртгэлийн 50% нь хангалттай мэдээлэл өгсөн учир эдгээрийг цаашид шалгахад 11 нь Брайтоны тодорхойлолтонд багтсан ГБС байсан байна, нэг нь онош зөрсөн, нэг нь тарианаас өмнө илэрсэн, 5 нь Брайтоны тодорхойлолтын шаардлага хангаагүй, 2 мэдээлэл буруу байсан байна. Тогтоогдсон 11 тохиолдлын 8 нь 6 долоон хоногийн дотор бүртгэгдсэн байсан учир энэ гаж нөлөөний магадлал 0,3 тохиолдол/100 000 тун байна. Нойр булчирхайн үрэвслээр өвдсөн бүх 9 хүн эрсдлийн хүчин зүйлтэй (цөсний чулуу, согтууруулах ундаа, дислипидеми, Коксаки вирусын халдвар, таргалалт, дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах эм) байсан учир вакцинаас үүдэж нойр булчирхайн үрэвсэл үүссэн гэж хэлж болохгүй байна. 32 нас баралтын талаарх мэдээллийн 8 нь дам мэдээ, 4 нь хангалтгүй мэдээлэлтэй байсан. Үлдсэн 20 баримттай нас баралтууд нь вакцин тарьсанаас 4 шалтгаан тодорхойгүй, 2 чихрийн шижингийн кетоацидоз, 1 өөр эмийн тун хэтрүүлсэн, 1 бага насны амиотроп латерал склероз, 1 менингит, 1 томуугийн В вирусын сепсис, 3 уушигны судасны эмболи, 4 зүрхний хэм алдагдал, 2 зүрхний булчингийн үрэвсэл, 2 шалтгаан тодорхойгүй эпилепсигээс үүдсэн гэж бүртгэгдсэн байна. Нас баралтын магадлал тийм учир 100 000 тунд 0,1 байна. Уушигны судасны эмболигоор нас барсан 3 хүний 2 нь дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байсан (үүнээс нэг нь мөн кетоацидозтой байсан учир тоо давхардсан). Жирэмслэлтээс хамгаалах эм нь ВСТ-ийн магадлалыг 3-аас 6 дахин нэмэгдүүлдэг учир илүү хяналт тавих хэрэгтэй нь эндээс харагдаж байна.

Судалгааны явцад нас барсан хүний тоо нь энгийн хүмүүсийн нас баралтын статистиктэй дүйцэхүйц байгаа нь вакцин нас баралтыг нэмэгдүүлсэн гэж дүгнэж болохгүйг харуулж байна. 

Сайн дураар мэдээлдэг бүртгэлд мэдээлэл хангалтгүй байдаг бол вакцин тарьсаны дараа эмч, сувилагч нар хяналт тавиад гаж нөлөөний тоог өөр вакцинтай харьцуулсан судалгаа бас хийгдсэн байна. 2007 онд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид  12-26 насны эмэгтэйчүүдэд зориулан хүний хөхөнцөрт вирусын вакцины сайн дурын, үнэгүй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрийн эхний хэсэгт Гардасилын 269 680 тунг тарих тарихад 155 хүнд гаж нөлөө бүртгэгдсэнээс 8 харшлын түргэн илрэх урвал л анхаарал татахуйц байсан байна. Бусад вакцинтай харьцуулахад гаж нөлөөний тоо, хэлбэр нь, харшлын урвалыг эс тооцвол, адилхан байна [6]. Одоогоор батлагдаад байгаа гаж нөлөөнүүд нь гол төлөв хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдгүүд байгаа бөгөөд харшлын шинжтэй байна: тарилгын дараах хөндүүр (10 хүн тутмын 8), тарилгын дараах улайлт (4 хүн тутмын 1), 37ºС хүртэл халуурал (10 хүн тутмын 1), 39ºС хүртэл халуурал (65 хүн тутмын 1), толгой өвдөх (3 хүн тутмын 1), ухаан алдах гэх мэт [7]. Ухаан алдахаас сэргийлэх зорилгоор тариулсаны дараа 15 минут хэвтэхийг вакцины хэрэглэх заавар дээр өөрчлөлтөөр оруулсан байна. 
Гардасилтэй холбоотой анхаарал татаж буй дараагийн нэг асуудал бол дархлааны үйлчлэх хугацаа юм. Тавхан жил хамгаалдаг вакциныг 12-той охинд тарихад бэлгийн харьцаанд орох насанд хүрэх үед дархлаагүй байвал мэдээж хэрэг ашиггүй. Дархлаа байгаа эсэхийг шалгадаг арга нь вирусын уургийг танидаг эсрэг бие хүний цусанд хэд байгааг ELISA-аар үзэх байдаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад (2012 оны 2 сарын), вакцин тариулсан 19 хүний цусан дахь хүний хөхөнцөрт вирус-16-ын L1 уургийн эсрэг үүссэн эсрэг бие нь 8,5 жилийн дараа ч гэсэн дунджаар 5024 mMU/ml (milliMerck units- эсрэг биеийг абсолют тоогоор хэмжих боломжгүй учир үйлдвэрлэгчийн өгсөн нэгжээр хэмждэг) байсан байна. Вакцин тариулаагүй 33 хүнийх, үүнтэй харьцуулахад, 8,5 жилийн дараа дундажаар 136,1 mMU/ml байсан байна [8]. Зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар тогтолгүй эр, эм бусад бэлэг эрхтний хавдар, арьсны үү үүсэхээс урт хугацаанд баталгаатай, аюулгүй хамгаалж байгаа учир Америкийн хүүхдийн эмч нарын академи 2012 оны 3-р сарын зөвлөмжиндөө 11-12 насны эрэгтэй хүүхдийг ч мөн адил дархлаажуулах хэрэгтэйг дурдсан байна [9]. 
Эрсдэл багатай, эсрэг биений тоог өндөр байлгаж чаддаг байсан ч гэсэн энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдрыг бууруулсан талаар судалгаа байна уу гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг. Вирусын халдвар нь хавдар болж өөрчлөгдтлөө олон жил, зарим тохиолдолд олон арван жил өнгөрдөг. Гардасилын туршилтыг цөөн тооны хүнд 1998 оноос, олон нийтэд 2006 оноос хийж эхэлсэн болохоор хавдрын тоог цөөрүүлсэн гэх баримт, найдвартай судалгаа одоогоор байхгүй байна. Үүнээс гадна, бууруулж байгааг батлахын тулд хүний хөхөнцөрт вирусын хамгийн аюултай 16, 18-р төрлүүдийн эсрэг эмэгтэй хүн болгон дархлаажуулагдаж халдвар авахгүй болж байж умайн хүзүүний хавдрын тохиолдол 70% буурах онолын боломж байна гэсэн үг юм. Харин, энэ вакцин тариулсан хүмүүс хүний хөхөнцөрт вирусын халдвараас хамгаалж байгаа тухай судалгаанууд өдөр ирэх тутам нийтлэгдсээр байна. Нэг ийм судалгаанд, өмнө нь Гардасилын туршилтанд хамрагдаж байсан Бразил, Норвеги, Швед, Финляндын дунджаар 20 настай, умайн хүзүүний эсийн шинжилгээ өмнө нь өөрчлөлттэй гарч байгаагүй 551 эмэгтэй хүнийг 2005 оны байдлаар дахин үзлэгт хамруулж цусны шинжилгээ, умайн хүзүүний эсийн шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн байна. Туршилт эхэлснээс 3 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн 3 сар тутамд, түүнээс хойш 5 жилийн дараа дахин 2 удаа дээрх үзлэгүүдийг давтсан байна. Вакцин тариулсан 276 хүнээс судалгааны явцад 2 халдвар, плацебо (вакцингүй тариа) тариулсан 275 хүнээс нийт 46 тохиолдол илэрснээс 45 халдвар, 3 хавдар (CIN 1-3), 3 үү илэрсэн байна [10]. Вакцин тариулсан бүлэгт оношлогдсон 2 халдвар нь дараа дараагийн шинжилгээнүүдэд дахин илрээгүй нь дархлалын тогтолцоо халдварыг устгаж вакцин 100% үр дүнтэй байсаныг үзүүлж байгаа юм. Нэгхэн судалгааны дүнгээр шийдвэр гаргаж болохгүй болхоор адилхан сэдвээр хийсэн бүх судалгааны нэгтгэсэн дүн ямар гарсан байх нь сонирхолтой. Ийм судалгааг хийхийн тулд мэргэжлийн нийтлэлийн мэдээллийн сангуудыг (Medline, Cochrane Library, Cochrane Central Register of Controlled Trials) “хүний хөхөнцөрт вирус”, “хөхөнцөрт вирусын вакцин”, “клиник судалгаа” гэсэн түлхүүр үгүүдээр хайхад 2009 оны 7 сарын 31-н хүртэл мэргэжлийн бүх шаардлага хангасан 7 судалгаа гарч ирсэн байна [11]. Эдгээр судалгаануудад олон улсад, олон судалгааны төв дээр 1999 оноос 2005 он хүртэлх хугацаанд нийт 43283 15-44 насны эрүүл эмэгтэй оролцсон бөгөөд Гардасилээс гадна Цервариксийн туршилтууд мөн хамрагдсан байна. Ерөнхий дунджаар вакцин тариулсан 2643 хүний дунд хүний хөхөнцөрт вирус 16-ийн халдварын гаралтай умайн хүзүүний хавдрын нэгдүгээр (CIN1) шатны илрэх магадлал нь тэг байхад вакцин тариулаагүй 2597 хүнд уг онош 63 удаа тавигдсан байна. Вакцин тариулсан 11617 хүний дунд хүний хөхөнцөрт вирус 16-ийн халдварын гаралтай умайн хүзүүний хавдрын хоёрдугаар (CIN2) шатны илрэх магадлал нь 3 байхад вакцин тариулаагүй 11323 хүнд уг онош 93 удаа тавигдсан байна. Хүний хөхөнцөрт вирус 18-ын халдварын гаралтай хавдар мөн ойролцоо дүгнэлтэнд хүргэсэн байна. Энэ хоёр вакцин нь хүний хөхөнцөрт вирус 16, 18-аас хамгаалаад зогсохгүй, төрлийн хувьд ойролцоо хүний хөхөнцөрт вирус 31-ийн эсрэг ч гэсэн хангалттай хамгаалж байгаа нь тогтоогдсон байна. 
Эдгээр судалгаануудаас харахад Гардасил нь одоогийн байгаа мэдээллээр аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдаж байгаа болохоор хүний хөхөнцөрт вирусын эсрэг вакцинжуулалтыг дархлаажуулалтын үндэсний товд оруулан өргөжүүлж өвсөр насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бүрэн хамруулах нь зүйтэй. Үр ашгийн хувьд, Монгол улсын нөхцөлд , эр эм гадна бэлэг эрхтний хавдрууд, арьсны үүгийн эмчилгээ зэрэг нь хэдий хэмжээний зардлыг улс, хувь хүмүүст учруулж байгааг судалсан ажил байхгүй учир баттай хэлэх боломжгүй ч вакцины эрсдэл/зардал нь тухайн хүндээ хүнд өвчинтэй харьцуулшгүй бага байхыг хэн ч үгүйсгэхгүй болов уу. 
Вакцинжуулах шийдвэр нь мэргэжлийн үүднээс зөв боловч, ЭМЯ хүн амын тал хэсгийн хавдрын өвчлөлийн 2 дахь, нас баралтын 4 дэх шалтгаантай тэмцэхээр зорьсон улс төрийн шийдвэр шүүмжлэлд өртөж болох юм. Вакцинжуулалтын эхний шатыг санхүүжүүлж байгаа АНУ-ын Мянганы Сорилын Сангийн халдварт бус өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд умайн хүзүүний хавдрын эсрэг ажлыг зохион байгуулж буй. Барууны орнуудад зүрх судасны өвчин, таргалалт, умайн хүзүүний хавдрын асуудал хурцаар тавигддаг болохоор Мянганы Сорилтын Сан Монголд ч гэсэн энэ бодлогоороо л ажиллаж байгаа. Гэтэл Монголд умайн хүзүүний хавдраас чухал эрүүл мэндийн асуудлууд байсаар байна. Нэг тусламжийн байгууллага өөрийн хөтөлбөрөө ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байна гэж бодож болох ч ДОХ/ХДХВ-ийн асуудал бас Монголд гадаадын байгууллагуудын хүчин зүтгэлээр хурцаар тавигдах их хэмжээний хөрөнгө зарцуулагддаг. Гэтэл Монголд хэдэн хүн ДОХ-ын халдвартай, хэдэн хүн нас барсан билээ? Үүнтэй харьцуулахад элэгний В, С вирусаар үүсгэгдсэн элэгний хавдар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хавдрын өвчлөл, нас баралтын дийлэнх шалтгаан болсоор байхад анхаарлаа үүнд дутуу хандуулж гадаадын тусламжинд ЭМЯ ажлаа зохицуулж байгаа мэт харагдаж байна. Элэгний С вирус нь Монголын бүх хүн амын 11%-д [12] (дэлхийн дундаж 1%), В вирус 15%-д халдварлаж, элэгний хавдрын өвчлөл, нас баралт нь бүх хавдрын 40 гаруй хувийг эзэлж [2], 100 000 хүнд 54,1 хүн үхэж байгаагаар Монгол Улс дэлхийд тэргүүлж (хоёрдугаар байранд байгаа Мозамбик 100 000 хүн тутамд “дөнгөж” 31,6 хүнээ энэ өвчинд алдаж байна, дэлхийн дундаж бол 10 нас баралт 100 000 хүн тутамд), элэгний хавдрын гаралтай нас баралт л гэхэд хүн амын дундах бүх үхлийн 10 орчим хувийн шалтгаан болж байхад ЭМЯ-ны боловсруулсан “2010-2015 онд вируст гепатиттай тэмцэх үндэсний стратеги”-ийн 8 тэрбум төгрөг үр дүнгээ үзүүлж эхлэхийг хүлээж байгаа хүн цөөнгүй. Гэтэл уг стратеги нь тавьсан зорилтоосоо эхлүүлээд хэрэгжилтийн тал дээрээ ч оновчгүй байх магадлалтай байсаар байна. Энэ стратегитэй холбоотой хэд хэдэн санаа зовоож буй асуудлын нэг нь зорилтдоо 2015 он гэхэд 10 000 хүнд 10 болтол бууруулна гэсэн байгаа (одоогийн 32,2-аас) нь зөвхөн шинж тэмдэгтэй илэрдэг гепатитын А вирусын (бохир гарын шар өвчин) тоогоор баримжаалсан байна [13]. Гэтэл элэгний хавдар, элэгний хатуурлын гол шалтгаан болсон элэгний В, С вирусын халдваруудын 80-90% нь ямар ч шинж тэмдэг илрэлгүй явагддаг билээ. Одоогоор Монгол улсад нэг жилд хэдэн хүн шинээр элэгний В, С вирусын халдварыг авч байгаа судалгаа байхгүй учир эдгээр өвчинтэй тэмцэх ажил гараанаасаа хазгай болох нь ойлгомжтой. Байгаа цөөн тооны судалгаанаас хархад дунд сургуулийн бага, дунд ангийн хүүхдүүд дунд (7-12 насны) нас ахих тусам В, С вирусын халдвар тээгчийн тоо нэмэгдэж, халдвартай хүүхдүүд нь шүдний эмнэлэг, мэс засалд орсон, тариа хийлгэсэн байх магадлал бусад хүүхдүүдийнхээс өндөр байгаа нь хувийн, улсын эмнэлгийн багажны ариутгалын асуудал энэ халдваруудын гол учир болж байх магадлалтайг үзүүлж байна [14]. Үүнээс гадна, элэгний В, С вирусыг эмчлэх эмэнд зориулж уг стратегийн хүрээнд 5 жилийн хугацаанд нийтдээ 5,3 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч нийслэлийн эмнэлгүүдийн ажлыг удирддаг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын эм худалдан авах 2012 оны тендерт В, С вирусын эмнүүд ороогүй байна. Гэтэл Монголд одоо интерфероны төрлийн эмнүүд хангалттай бүртгэгдсэн байгаа. Пегинтерферон, телбивудин зэрэг орчин үеийн эмнүүдийг хэзээ худалдан авч эхлэх вээ? Мерк 2011 оноос С вирусын эмчилгээний шинэ бүлгийн боцепревирыг гадаадын орнуудад бүртгүүлэн үйлдвэрлэж байгаа. Интерферон эмчилгээний үр дүнг 40%-аас 70-80% болгодог эм эмийг хэзээ бүртгэх вэ? Гардасилын 14500 хүнд зарах 4,35 сая ам. долларын оронд, жишээлбэл, Монгол улсад ажиллаж байгаа бүх эмнэлгүүдэд шинэ автоклав худалдаж авах нэг жилийнх нь лизингийн хүүг төлөх ажлыг стратегидээ оруулсан бол илүү олон хүнд хүртээмжтэй байх байсан болов уу? ЭМЯ маань Мянганы Сорилтын Сан мэтийн гадаадын тусламжийн байгууллагуудтай тохиролцож Монголчуудын чухал хэрэгцээнд тэдгээрийн ажлыг зохицуулж болох болов уу? Вируст гепатиттэй тэмцэх стратегийн 2012 онд гарах явцын үнэлгээг мэргэжлийн хүмүүс ихэд сонирхон хүлээж байгаа нь дамжиггүй. 

2013.06.17

Ганболдын Анар

 

Эшлэлүүд:

1. De Vuyst, H., et al., Prevalence and type distribution of human papillomavirus in carcinoma and intraepithelial neoplasia of the vulva, vagina and anus: a meta-analysis. International journal of cancer. Journal international du cancer, 2009. 124(7): p. 1626-1636.
2. Dondog, B., et al., Human papillomavirus infection in Ulaanbaatar, Mongolia: a population-based study. Cancer epidemiology, biomarkers & prevention : a publication of the American Association for Cancer Research, cosponsored by the American Society of Preventive Oncology, 2008. 17(7): p. 1731-1738.
3. Parkin, D.M., Global cancer statistics in the year 2000. The Lancet Oncology, 2001. 2(9): p. 533-543.
4. Sandagdorj, T., et al., Cancer incidence and mortality in Mongolia - National Registry Data. Asian Pacific journal of cancer prevention : APJCP. 11(6): p. 1509-1514.
5. Slade, B.A., et al., Postlicensure Safety Surveillance for Quadrivalent Human Papillomavirus Recombinant Vaccine. Jama-Journal of the American Medical Association, 2009. 302(7): p. 750-757.
6. Brotherton, J.M.L., et al., Anaphylaxis following quadrivalent human papillomavirus vaccination. CMAJ : Canadian Medical Association journal = journal de l'Association medicale canadienne, 2008. 179(6): p. 525-533.
7. CDC, HPV vaccine information statement http://www.cdc.gov/vaccines/pubs/vis/downloads/vis-hpv-gardasil.pdf. 2012.
8. Rowhani-Rahbar, A., et al., Evidence of immune memory 8.5 years following administration of a prophylactic human papillomavirus type 16 vaccine. Journal of Clinical Virology. 53(3): p. 239-243.
9. Committee On Infectious, D., HPV Vaccine Recommendations. Pediatrics. 129(3): p. 602-605.
10. Villa, L.L., et al., High sustained efficacy of a prophylactic quadrivalent human papillomavirus types 6/11/16/18 L1 virus-like particle vaccine through 5 years of follow-up. British Journal of Cancer, 2006(Journal Article).
11. Lu, B., et al., Efficacy and safety of prophylactic vaccines against cervical HPV infection and diseases among women: a systematic review & meta-analysis, in BMC infectious diseases, BioMed Central: England. p. 13-13.
12. Baatarkhuu, O., et al., Prevalence and genotype distribution of hepatitis C virus among apparently healthy individuals in Mongolia: a population-based nationwide study. Liver International, 2008. 28(10): p. 1389-1395.
13. ЭМЯ, Вируст гепатиттай тэмцэх стратеги http://www.moh.mn/downloads/strategy/2010-119.pdf. 2010.
14. Davaalkham, D., et al., Prevalence and risk factors for hepatitis C virus infection in Mongolian children: Findings from a nationwide survey. Journal of Medical Virology, 2006. 78(4): p. 466-472.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon