Монгол уншигчдын хэзээний танил зохиолч Габриель Гарсиа Маркесын Зарлагдсан үхлийн товчоон тууж монгол хэлнээ анх удаа орчуулагдан уншигчдын гарт очоод удаагүй байна. Тэртээ 1983 онд тус номыг англи хэлнээ орчуулагдан гарсны дараа алдарт зохиолч Салман Рушдигийн бичсэн нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулан хүргэж байна.
ШИДЭТ МАРКЕС
Бид далавчгүй хэрнээ сахиулсан тэнгэрсийн тухай олон жилийн турш хүүрнэсэн Маркес хэмээгч хүнийг гайхамшиг бүтээх чадалтай хэмээн итгэсээр нэгэнт уджээ.
Хэдий тийм боловч хэвлэх үйлдвэрт гайхамшиг тохиох мөчид шуудхан толгой дохин эвлэрч, түүний шидийн хүчээс далдирч үл чадан бүрнээ автаж, модон сандал, дүүжин орноосоо өндийн, номыг зуны дэлэнчээс ч олноор төрүүлэх солиотой хэвлэх үйлдвэрийн зүг амьсгаа ч авалгүй гүйхэд, гараа сунгах шаардлагагүй, номууд өөрсдөө бидний гарт үсрэн заларч, үерлэсэн их ном хэвлэлийн өрөөнөөс халин гарч, дуулиант хүүрнэлийн цутгаланд цохиулан бодит байдлаас тасарч, түрүүлж ирэн мангар юм шиг ангайн зогсогсдыг түрэн, бээрийн зайтай байх гудамж талбай, байшин барилгуудыг дүүргэх үед нүдээ тас аних бүү хэл таг сохор байгаад ч зугтаж үл чадам, зохиолыг чангаар унших хоолойнууд хаа сайгүй чих дэлсэхүйд, өөрийн тань амьдралын түүх хэмээн итгүүлэх тэрхүү үлгэрт өөрийн мэдэлгүй өврөө нээх онгон охин шиг ховсдуулж, уг галзуурал манай улсыг бүрэн эзлээд далайд гарах мөчид, уул ус, далай тэнгис, уурхайн гүн, цөлийн элсийг, бүх ертөнцийг хязгааргүй олон хуулбараараа бүрхэн бүрхэтлээ зогсохгүйг ойлгоно. Гэтэл Мелкиадес цыган хичнээн хүчтэй халдвар байгаад ч нэмэргүй, номын өвчнөөс хэзээний дархлаат Британи хэмээх цор ганц улс хойд зүгт оршин буйг бидэнд шивнэнэ.
Габриель Гарсиа Маркес 100 жилийн ганцаардал романаа одоогоос 15 жилийн өмнө бичсэн. Энэ хугацаанд орчуулгууд нь хэр их борлуулагдсныг мэдэхгүй ч, зөвхөн Испани хэл дээрх хэвлэл нь л гэхэд 4 сая хувь борлогдсон билээ. (Энэхүү нийтлэлийг алдарт зохиолч маань 1982 онд буюу Зарлагдсан үхлийн товчооныг Испани хэлээр хэвлэгдэн гарснаас нэг жилийн дараа бичжээ) Маркесын шинэ бүтээлийн тухай мэдээ Испани-Америкийн өдөр тутмын сонинуудын нүүрээс түгэн тархаж эхэллээ. Гудамжны худалдаачин хөвүүд номыг нь борлуулна. Үнэлэшгүй шинэхэн бүтээл ховор байснаас ч тэрүү судлаач, шүүмжлэгчид золтой л амиа хорлочихсонгүй. Түүний сүүлд бичсэн зохиол болох Зарлагдсан үхлийн товчоон Испани хэлээр анх саяас илүү хувь хэвлэгдсэн билээ. Бодит амьдралыг итгэмээргүй хэтрүүлэгтэй загвар болгон хувиргадаг нь сахиулсан тэнгэр Маркесийн энгийн чадваруудын нэг биш юм.
Британид одоогоор юу ч тэгтлээ газар аваагүй. Маркес олны анхаарлыг татдаг ч Өмнөд Лондонгийнхон сэтгэл хөдлөлгүй хэвээр. Британичууд фантазистуудад итгэдэггүй биш л баймаар. Толкиенийг бод л доо (Магад тэд зүгээр л сайн фантаазд дургүй байх). Миний бодлоор ихэнх Британичуудын хувьд одоо л Өмнөд Америк нээгдэж байх шиг. Испани-Америкийн утга зохиол дахь очир эрдэнийн тэсрэлт, Маркес болон бусад бүх "El-boom"-ийн зохиолчид өөрсдийн хүрэх ёстой түм буман уншигчдад хүрч Америк тивийн агуу таславч эцсийн эцэст нээлттэй боллоо. Судлаач шүүмжлэгчдийн ажлын дутагдлыг гүйцээж байх шиг.
Жон Фоулс аль хэдийн Гвардианы эсээдээ Зарлагдсан үхлийн товчооныг Малвинагийн төлөөх тулааныг харах дуран хэмээн бичжээ. Сан (The Sun) ч мөн уншигчиддаа эргэлзээгүй ижил зүйлийг зөвлөнө. Гучин хоёр удаа цэргийн бослого гаргаж гучин хоёуланд нь ялагдсан хурандаа Аурелианогийн шүтэн бишрэгч Сэнди Вүүдвард ч мөн адил.
Маркесын зохиолуудын төсөөллийн гайхамшиг нь эмээгийнх нь дурсамжаас үүдэлтэй мэт санагддаг. Түүний урлагт нөлөөлсөн өмнөх үеийн албан ёсны гишүүд бий. Тэрээр өөрөө Фолкнерын нөлөөг хүлээн зөвшөөрч, түүний ер бусын ертөнц Макондо зарим нэг талаараа Икнопадва улс (Yoknapatawpha County)-ыг Колумбын ширэнгэн ойд хөрвүүлсэн хувилбар гэдэгтэй санал нийлжээ. Мэдээж тухайн үеийн Өмнөд Америкийн утга зохиолын онгон нутагт Даникенийн бурхдын хүлгээс буусан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, суурь дэвсгэр нь болсон Борхес, түүний араас Мачадо де Ассис, өнгөн талаасаа хөнгөхөн боловч цаг үеэсээ халин дэвсэн төсөөллийн бүтээл болох түүний гурван агуу зохиолыг, “Бяцхан ялагчийн Эпитаф” (Epitaph of a Small Winner, 1880), Күинсас Борба ба Дом Касмурро (Quincas Borba, 1892 and Dom Casmurro, 1900) зэргийг авч үзэж болно.
Түүнээс гадна Гарсиа Маркес хэтрүүлэгтэй, мартагдашгүй дүрслэл гаргадгаараа агуу нэгэн.
Жишээ нь: Патриархын намар дээр америкчууд Латины дарангуйлагчаас өрөндөө далайгаа өг хэмээн нэхнэ. Дөрөвдүгээр сард Карибын арлыг Эвинг амбассадорын тэнгисийн инженерүүд дугаарласан хэсгүүдэд хуваан далайн шуурганаас хол Аризона голын цусан улаан эх дээр суулгана. Энэ нь түүний олон жил кино зохиол бичсэнээс үүдэлтэй байж болох юм. Гэсэн хэдий ч энэ бүхнээс түүний эмээ нь хамгийн чухал юм. Тэр бол Маркесын дуу хоолой билээ.
Луис Харс, Барбара Домантай хийсэн ярилцлагадаа Маркес нэгэнтээ түүний уран зохиолын хэл бол ерөөсөө л эмээгийнх нь юм гэж хариулжээ.
“Тэр яг ингэж ярьдаг байсан. Тэр бол сайн хүүрнэгч.” Зохиолч Анита Дисэй нэгэнтээ “Энэтхэг айлд эмэгтэйчүүд нь жинхэнэ хүүрнэгчид байдаг” хэмээн хэлсэн. Гэтэл Өмнөд Америкт ч бас ижил бололтой. Маркес бол өвөө эмээ дээрээ өсөн торниж, төрсөн эхтэйгээ долоо найман настайдаа анх уулзсан нэгэн. Хожим тэрээр “долоо, найман наснаас хойш гойд зүйл амьдралд нь тохиогоогүй” хэмээн ярьж байв. Харс Доман хоёрт эмээ өвөөгийнхөө тухай Маркес:
“Тэд сүнс, ший дүүрсэн том байшинтай байсан. Ихэд мухар сүсэгтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй улс. Байшингийнх нь булан бүрт араг яс, дурсамжууд нуугдаж байдаг сан. Зургаан настайгаасаа хойш, орой үдэш өрөөнөөсөө ч гарч чадахаа болино. Энэ бол фантастик, айдсаар дүүрэн ертөнц байв.”
Маркес тэрхүү байшингийн дурсамжийн дундаас эмээгийнхээ дуу хоолойгоор хүүрнэхдээ ер бусын Макондог бүтээж эхэлсэн ажээ. Гэхдээ мэдээж эмээгээсээ илүүтэйгээр. Хүүхэд ахуй насны Аракатака тосгоноо балчир үедээ орхиж, ширэнгэн ой зонхилсон бодит байдлын төсөөллөөсөө тун ч холуур, бүхэлдээ үл нийцэх хотын амьдралд өөрийгөө олсон нэгэн. 100 жилийн ганцаардал-д энэ дэлхийн хамгийн хайр татам эмэгтэй, үзэсгэлэнт Ремедиосын диваажинд хальдаг нь бүхэлдээ байж болох үзэгдэл боловч Макондод ирэх анхны галт тэрэгний дуунаар өөр нэгэн эмэгтэй гудмаар чарлан гүйнэ: “Тэнд нэг аймар юм явж байна. Дугуйтай гал зуух шиг юм, араасаа бүх л бүтэн хот чирж явна.” Тосгоны хүмүүс энэ хоёр үйл явдлыг яг эсрэгээр нь хүлээж авах ёстой байсныг хэлэх шаардлагагүй болов уу. Энэ гарцаагүй Гарсиа Маркес “Өмнөд Америкт бодит байдал оршихоо нэгэнт больжээ” хэмээн үзсэнийх л дээ. Энэ л түүний ёгт үлгэрийн үр үндэс юм.
Бодит байдал дээр улс төрийн нөлөөлөл нь соёлын нөлөөлөлтэй нь ижил байв. Маркесын хувьд үнэнийг гуйвуулж, удирдаж, хэзээ ч мэдэх боломжгүй хэмжээнд хүрэхийг нүдээр үзсэн туршлагатай юм. Цорын ганц үнэн бол та бид цаг үргэлж хууртаж байдагт л оршино.
Гарсиа Маркес үргэлж л улс төрийн этгээд байсан (Кубад Кастрогийн засгийн газрыг дэмжих нь түүнд Нобелийн шагнал өгөхөөс татгалзахад хүргэх магадлалтай). Гэвч түүний номууд улс төртэй дам байдлаар л холбогддог, бодит нийгмийн харилцааны хувьд зөвхөн хурандаа Аурелиано Буэндигийн цэргийн жанжны карьер эсвэл дайснуудаараа баярын оройн зоог хийчихдэг, бас нэг удаа орой болтол унтаад сэрэхдээ “орой бол өглөө” гэж шийдээд цонхныхоо гадна талд нарны цоолбор барьсан хүмүүсийг зогсоодог хэтрүүлэгтэй Патриархын дүр мэт зөвхөн хэлц ёгтын хэмжээнд л дурдагддаг.
Гарсиа Маркесын шидэт реализм бол үнэн хэрэгтээ гуравдагч ертөнцийн ухамсрыг илтгэгч сюрриализмын хөгжил юм.
Тэр хэзээ нэгэн цагт хойд хэмээн нэрлэгдэж байсан тэр газарт эрх мэдэл, эд баялгийн зузаан давхарга бий болгож олон нийтийн авлига, эсктрим хурц хувийн шаналан зовлон, урьд өмнө байснаасаа дээд цэгтээ хүрэн, гайхалтай “хуучин”, аймшигт “шинэ”-тэй тэмцэх Найпалийн “хагас бүтээсэн” нийгмийг хөндөнө.
Гарсиа Маркесын зохиолд түүний бүтээсэн ертөнцөд байж боломгүй зүйлс байнга үнэмшилтэйгээр, өдрийн гэгээнээр ил болдог билээ.
Түүний уран зохиолын ертөнцийг зохиомол, өөрөө өөрийгөө төлөөлсөн, хаалттай систем гэвэл эндүүрэл болно. Тэрээр Дундын ертөнцийг (Толкиены Бөгжний эзэн, Хоббит дээр гардаг зохиомол ертөнц) биш бидний амьдардаг, бодит ертөнцийг дүрсэлсэн. Макондо үнэхээр оршдог. Энэ л өөрөө гайхамшиг юм.
Гэхдээ Маркес “Гарсиагийн” үлгэрийг санаатайгаар үнэмшилтэй болгодог 100 жилийн ганцаардал, Зарлагдсан үхлийн товчоон зохиолуудын эхний өгүүлбэрүүдийг харьцуулж үзье. Олон жилийн өмнө мөс үзүүлэхээр эцэг нь дагуулж явсан тэр өдрийг хурандаа Аурелиано Буэнди буудуулахынхаа өмнөх мөчид эргэн саналаа. (100 жилийн ганцаардал) Алуулдаг өдрийнхөө өглөө Сантьяго Насар хамба ламын ирж буй хөлөг онгоцыг тосохоор 5.30-д эртлэн босжээ. (Зарлагдсан үхлийн товчоон)
Хоёулаа ирээдүйд тохиох, бусдын гарт амиа алдах үхлийг дуудан эхэлж, түүнээсээ ухран тэрхүү эгэл биш үйл явдлыг цаг хугацааны эхнээс задлан шинжилнэ. Патриархын намар ч үхлээр эхлэн амьдралын эргүүлэг рүү тойрон буцна. Яг л Маркес өөрөө биднээс номуудаа холбохыг хүсэх мэт. Энэ хүсэл нь тодорхой тогтмол дүрүүдийг ашиглах байдлаар илэрнэ: хөгшин цэрэг, эр эмийн ажилд замбараагүй эмэгтэй, эхийн эрхт ёс, буулт хийх ламтан, зовсон эмч гэх мэт. “Чөтгөрийн цаг” (Evil Hour)-ийн үйл явдалд тосгон нэг хүнийг золигт гаргах нь үнэндээ олон хүний гараар үйлдэгдсэн гэмт хэрэг байх ба шөнийн цагаар сатир, шог зохиолууд нисэлдэх нь Зарлагдсан үхлийн товчоонд өөр нэгэн тосгоныхон итгэмээргүй аймшигт үйл явдлын инерцид баригдаж ахиад л аллагыг зарласаар байтал урьдчилан сэргийлж чадалгүй хоцордог. Энэ зохицол нь Маркесын туурвилуудад маш тод илэрдэг бөгөөд үйлдэхээр завдах болон үйлдсэний хоорондох ялгааг маш сайн харуулж чаддаг.
Маркес зүгээр ч нэг эмээгээсээ илүү биш, тэр Макондогоос ч илүү. Түүний эхэн үеийн ажлууд ч бас эргэн дурссан байдалтай, 100 жилийн гацаардал-ын агуу нислэгт бэлдэх мэт байсан бөгөөд бүр тэр үедээ ч Маркес хоёр тосгоны тухай бичиж байв: Макондо ба өөр тосгон. Зүгээр нэг “Макондогийн төрөл биш”-ээс ч илүү боловч домог үлгэрийн шинж багатай, Маркесын бодит бүхнээс ч илүү хэмжээнд бодит. Маркес агуу романаасаа хойш ч ширэнгэн ой дахь ховсдогч тосгоноосоо гарах гэж, цааш үргэлжлэх гэж маш их хүч зарсан билээ.
Патриархын намар дээр маш хүчирхэг дарангуйлал бүх хөгжил дэвшил, өөрчлөлтийг үгүй хийн царцаадаг. Патриархын хүч нь цаг хугацааг зогсооход бичиглэл нь чөлөөтөй урсан шилжиж, түүний хаанчлалын эргэн тойрон, цаг хугацаагаар аялах боломж олгон, үргэлжилсэн шугаман зохиол биш харин эцэс төгсгөлгүй зогсонги байдлыг мэдрүүлэх шууд харьцуулалтыг бий болгодог. Зарлагдсан үхлийн товчооныг өнгөцхөн уншвал зохиол өмнөх өдрүүд рүүгээ ухрах маягтай боловч, үнэндээ тэр нь ахин шинэчлэгдсээр байдаг. Зарлагдсан үхлийн товчоон бол нэр төр ба түүний эсрэг ичгэвтэр байдал, нэр нүүрээ барахын тухай түүх юм. Байардо Сан Роман ба Анхела Викарио хоёрын хурим түүнийг өмнөх хайртыгаа Сантьяго Насар хэмээн нэрлэх тэр мөч тэр шөнөө дуусдаг.
Тэрээр эцэг эхийнхээ гэрт эргэн ирсний дараа түүний ах нар болох ихэр Педро, Пабло нар гэр бүлийнхээ нэр хүндийг аврахын тулд Сантьягог алах үүрэг хүлээнэ. Энэ нь аллага болох ёстой гэсэн ямар ч сэжүүрийг үл өгөх хэдий ч энэхүү үл мартагдах богино үлгэрийн хачин этгээд байдалд бус, хийх ёстойгоо хийхээс халширсанд оршино. Тэд өөрсдийн хийх гэж буй аллагаа сагсууран зарлах нь, хэрвээ Сантьяго Насар энэ тухай сонсохгүй бол ёстой л ид шид биелсэнтэй ижил гэмээр. Гэвч тосгоныхны аниргүй, үл тоох байдал ихрүүдийг тэрхүү аймшигт үйлийг хийхээс өөр аргагүйд хүргэнэ. Байардо Сан Роман, түүний нэр төр өөрийгөө хуурсан эмэгтэйгээс татгалзахад оршиж байсан боловч үүнийг хийснийхээ төлөө гутамшигтайгаар шалан дээр бутран унана. “Нэр төр бол хайр” гэж зохиолын нэг дүр хэлсэн, гэхдээ Байардогийн хувьд энэ нь худал. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Анхело Викарио энэ эмгэнэлт явдлыг харин бусдаас тайван хүлээж авна.
Энэхүү түүхийг хүүрнэж буй хэв маяг нь Гарсиа Маркесын хувьд нэг л өөр. Тэрээр олон жилийн дараа аллагын үзэгдлүүдийн хойноос гэтэж, өнгөрсөнд мөрдлөг хийдэг нэргүй хүүрнэгчийг гол зэвсгээ болгоно. Ядаж л ижил нэртэй нагац эгчтэй гэдгээр нь хүүрнэгчийг Маркес мөн гэдгийг бичлэгээс анзаарч болно. Тосгонд бас л Макондогийн цуурай сонсдоно. Херинельдо Маркес дурдагдаад өнгөрөхөөс гадна өмнөх номуудынхаа шүтэн бишрэгчдэд зориулж Котес нэртэй дүр ч бүтээсэнж. Гэхдээ Макондо мөн байсан ч бай, биш байсан ч бай зохиолч эдгээр хуудсуудад өөрийн хэв маягаас өмнө байгаагүйгээрээ хол аялсан.
Зохиол болон хүүрнэгч яг таг биш, хоёрдмол, эсрэг тэсрэг дурсамжуудын манан дундуур удаан, зовлонтойгоор хөвж, яагаад, юу тохиосныг харуулах өчүүхэн жижиг хальс, дүрс бүрийг эвлүүлэн эмхэлж, хамгийн үнэн ганцхан хариултыг авахыг хүсдэг.
Энэхүү эргэн дурсах арга барилын нөлөө нь Зарлагдсан үхлийн товчооныг хачин гунигтай өнгө аястай болгож, Гарсиа Маркесыг дээвэр доороосоо гарч зүй ёсны хэцүүхэн гивлүүрийн цаанаас бичиж чадахаар болсон мэт мэдрүүлнэ. Түүний өмнөх бүхий л номууд эх дээрээ абсолют эрх мэдлийг эзэмшдэг бол энэ зохиол нөр эргэлзээгээр униартана.
Энэхүү зохиолын гол ялалт нь шинэ эргэлзээ бөгөөд Олимпоос татгалзсан нь гайхалтай шалтгаан, хүч зоригийн эх үүсвэр болсон мэт. Зарлагдсан үхлийн товчоон тодорхойгүй байдлаараа, өнгөрснийг хүүрнэх хэв маягаараа сэтгэл татам, гайхалтай, Маркесын урьд өмнө бичиж байсан бүхнээс ч үнэн болжээ.
Түүнээс гадна энэ зохиол илүү сургамжтай. Гарсиа Маркес өнгөрсөнд өөрийн зохиолууддаа улс төрийн асуудалд зөвхөн аль нэг байр сууринаас ханддаг байсан. Түүний бүтээлүүдэд сайн гадилын компанийн эзэн гэж байхгүй, массын санаа үгүй, Патриархын намар-ын сүүлийн хуудсуудад романтик болгосон “санаандгүй” ард түмэн л бий. Гэхдээ тэр ард түмний амьдралыг бичихдээ шүүн хэлэлцэж, аль нэг талд орохоос зайлсхийжээ. Зарлагдсан үхлийн товчоон-д зай барих нь бүхнийг илүү тодорхой харуулахад нөлөө үзүүлж байсан ч Гарсиа Маркес “Мачо” ёсзүй рүү, зүүдэнд зөгнөж харснаасаа оргон зайлж үл чадах аймшигтай зүйлс болдог, жижиг нийгэм рүү довтолсон байдаг. Тэр урьд өмнө хэзээ ч ийм зэмлэнгүй байдалтай бичиж байгаагүй билээ.
Тэр үүнээс ч гэсэн зайлсхийсэн хэдий ч дүрүүд болон санаагаа нэг хэмжээст болгодог тэрхүү алдааг хэзээ ч хийсэнгүй. Мэдээж өгүүлбэрүүд нь, бичлэгийн хэв маягийн цэвэр гоо үзэсгэлэн, хурц ухаан зүйрлэшгүй авьяас, түүний ер бусын төсөөллийг ургуулах бодит амьдралд харъяалагдана.
Зарлагдсан үхлийн товчоон бол удаан хугацааны аниргүйн дараах хачирхалтай сайхан чимээ юм.
Хэсэг хугацаанд Гарсиа Маркес уран зохиолоос холуур байсан бол одоо түүний эргэн ирэх шалтгаан юу ч байлаа гэсэн, бид түүний эргэн ирэлтэд, түүний содон, хурц ухаанаас хөндийрөн дүлийд автаагүйдээ баяртай байна.
Салман Рушди
Эх сурвалж: London Review of Books
Сэтгэгдэл бичих