Нийтлэл 05 сарын 29, 2018

БИ САЙН ЭЭЖ: Надтай адил хүүхдээ миний дүү гэж дууддаг байсан ээж олон байх

Өнгөрсөн хийгээд ирээдүйдээ харамсахгүйн тулд бид “одоо”-доо эзэн нь байх хэрэгтэй гэлцдэг. Эргэж ирэхгүй цаг хугацаа шүү дээ хэмээн цаг тутамдаа хичээн манлайлан яваа залуу ээж Ж.Ундрамтай “Сайн ээж” булангийн энэ дугаарт ярилцлаа.

Гэр бүлийн тань хөгжилтэй дурсамжаас яриагаа эхэлмээр байна? 
Хөгжилтэй гэвэл анх охин минь нэг сар хүрэх гэж байлаа. Шинэхэн ээж аавууд дөнгөж хүүхдэдээ дасч эхэлсэн үе. Охиноо хувцасгүйгээр нь тоглож хөл гарыг нь үнэрлээд байж байтал юу ч болоогүй юм шиг царайлчихаад шууд алтан шараа гаргачихсан. Хоёулаа сандраад яахаа мэдэхгүй эхлээд нөхөр гараа тосоод тэр хооронд би өлгийний даавуу авлаа нөхрийн гар дүүрэхэд би даавуугаа тавихаа мартаад шууд  алгаа тоссон. Ингээд  хоёулаа гаран дээрээ тосчихсон юу хийхээ мэдэхгүй өөд өөдөөсөө харж байгаад инээлдэж билээ. Жаахан заваан түүх санагдаж  байж магадгүй ч  сүү л үнэртэж байсан юм шүү.

Ээж байхын жаргал чухам юунд оршиж байна вэ. Шинэ хүнээ угтаж авсан  тэр өдрөө эргэн нэг дурсвал?

Тэр үед ээжийгээ л их боддог юм билээ. Тухайн үед өөрөөрөө бахархаад л хорвоо дээр нэг гавьяа байгуулсан хүн шиг л байсан. Яг өвдөх үеэр бол хүн дуугарч ч чаддаггүй юм билээ. Хүмүүс орилж уйлаад ямар ч их тэнхээтэй юм. Дуугарах гэхээр өвдөөд дуугарч чаддаггүй л юм билээ.Тэгээд төрсний дараа итгэж өгөхгүй байсан шүү. Надтай ижилхэн миний дүү гэж дуудаж байсан хүмүүс байдаг л байх. Нэг л зүйлийг би их гайхсан. Удаан өвдөлт өгөөд тэнхэлгүй болсон байсан, төрсний дараа аягатай цайгаа ч даахгүй байсан хирнээ хүүхдээ уйлахаар даагаад тэврээд байсан.Төрсний дараа утсаа аваад зурвасаа уншихад хамгийн их инээд хүрч билээ. Өвдөөд утсаа авахгүй байхад нөхөр залгаад л байсан байгаа юм. Тэгснээ намайг уучлаарай миний буруу утсаа авчих тэгэх үү. Гуйж байна гээд зурвас үлдээчихсэн. Би өвдөөд юун утсаа авах тэнхэлгүй байхад намайг өвтгөлөө гээд гомдоод утс авахгүй байна л гэж бодсон юм шиг байгаа юм.

 Хүүхэд гэдэг эцэг эхийнхээ толь нь байдаг. Үргэлж л үүрэг хариуцлага биднийг дагаж байдаг шүү дээ. Энэ бүгдэд залуу ээжийн хувьд хэрхэн шийдвэрлэж үлгэрлэж байна вэ?

Тийм шүү. Урьд нь хэзээ ч өөрийгөө цэгнэж байгаагүй. Ядарч байвал ядраад байна гээд л хэвтчихдэг байсан. Одоо бол хэчнээн ядарсан ч охиныхоо хиймээр байгаа зүйлсийг хамт хийдэг. Бас хажууд нь чанга ч дуугардаггүй. Ирээдүйд миний охин хэн нэгэн рүү чанга хашгирахвий гэж айдаг. Гэтэл миний охин чанга дуутай хүнээс айдаг болчихсон байсан. Энэ бүхнээс бодоход ирээдүйд хүүхдээ ямар болгомоор байна түүн шиг л харьцах хэрэгтэй. Би тэгээд охиноо хүнээс айдаг байлгахыг хүсээгүй. Хааяа буруу зүйл хийх үед нь чангахан яагаад болохгүй зүйл хийснийг нь асуудаг.  Уйлах үед нь номхон суулгаж байгаад зөөлөн ярилцдаг. Тэгэхээр тайвшраад уйлахаа болиод уучлалт гуйдаг. Хараад байхад манай гэр бүл их яриа, бас байнга нэг нэгнээсээ уучлал гуйж тэвэрч аргаддаг бас байнга хайртай шүү гэж хэлдэг юм шиг байгаа юм. Охиноо харахаар яг тийм би тэгмээр байна би ингэмээр байна гэж өөрийгөө маш сайн илэрхийлж сурсан. Өдөр бүр хайртай гэдгээ хэлж, кино үзээд уйлсан ээжийгээ таныг зурагт гомдоосон юм уу. Тайвширдаа гээд тэврээд байдаг.Охин хүүхэд тийм байдаг юм уу, манай хүүхэд тийм юм уу, мэдэхгүй өдөр ирэх тусам биднийг гайхшруулж, шинэ юм сурч, өдөр бүр ээж аавдаа нэгийг ойлгуулж бодуулж байдаг.

Их ажлын хажуугаар хүүхдэдээ хэрхэн цаг гаргадаг вэ?

Хүүхдэдээ цаг гаргах тал дээр их муу ээж гэж өөрийгөө боддог. Гэхдээ одоо бол 7 хоногийг ядаж 1 өдрийг гэртээ охинтойгоо өнгөрөөдөг. Эргэж ирэхгүй цаг хугацаа шүү дээ.

Тийм шүү эргэж ирэхгүй цаг хугацаа. Ээж болж л ээжийгээ ойлгодог гэдэг. Ээжийнхээ тухай бидэнд яриач?

Хаана ч хэзээ ч миний талд орох хүн гэдгийг л ойлгосон. Одоо аль болох ойр байхыг хичээдэг. Яг л мөн адил цаг хугацаа эргэж ирэхгүй болохоор ээжээсээ хол байхыг хүсдэггүй. Тэр хүн юу ч хэлж, юу ч хийж байсан миний л төлөө гэж байгаа.Одоо миний охин эмээгийн охин болсон.

Залуу үеийнхэн гэр бүл сонголт болон хүүхдийн тухай асуудал дээр их хөнгөн хандах болж гэж ахмад үеийнхэн шүүмжилдэг. Энэ тухай?

Тийм шүү. Үерхээд удалгүй жирэмсэн болж тэгээд л суучихдаг. Тэгээд л асуудлууд ар араасаа ундраад л.Эмэгтэйчүүд л хүнд амьдралд хүүхэдтэйгээ үлдэж байгаа харагддаг.

Бусдын амьдралыг би шүүж болохгүй л дээ. Гэхдээ л залуу хүнд ааг омог, бардам зан, түргэн ааш байлгүй л яахав. Хамгийн гол нь алдагдсан боломжийн өртөг /эдийн засгийн ухааны нэршил/ гэдэг зүйлийг амьдралдаа тооцоод сурчихаасай гэж боддог. Тэр нь юу вэ гэхээр таны хийж байгаа үйлдлийн оронд та юу хийж болох байсан бэ. Жишээ нь хэн нэгэн гэр бүл салах гэж байгаа бол яг одоо бодоод үзээрэй. Салсны алдагдсан боломжийн өртөг юу вэ.Та 2 хэрэлдээд ч болов  хамт байсан бол хүүхэд чинь элэг бүтэн байх байсан, бие биенийгээ хэзээ нэг цагт ойлгох гэж хичээх байсан магадгүй чи тэр хүнийг 100 хувь таниад дараа нь харилцаагаа дуусгах цаг хугацаа ч байгаа. Харин яг одоо салснаар юу болох вэ? Та эрх чөлөөтэй, хэн ч таныг хүчлэхгүй, саад болохгүй, хардахгүй, таны уурыг хүргэхгүй, таныг хэн ч хайрлахгүй, таны хүүхдийг хэн ч хайрлахгүй, таны өнгөрсөн цаг хугацаа хэнд ч хэрэггүй хар дурсамж, таны хүүхдийн ирээдүйн амьдралын хар толбо л танд үлдэнэ.Одоо таны алдагдсан боломжийн өртөг аль нь ашигтай сонголт вэ гэдгийг танд хэлчихлээ.Салахын ард ямар их зүйлийг алдаж золиосолж байгааг бодож байх хэрэгтэй.

Нөхөртэйгөө үл ойлголцоход тань юу хамгийн зөв гарах гарц тань байдаг вэ?

Чимээгүй байх, тэгээд бодох. Хэн нэгэн буруутай бол буруугаа хүлээгээд сурчих хэрэгтэй байдаг тэр занг би нөхрөөсөө сурдаг. Тэр өөрийн буруутай зүйлд шууд л уучлалт гуйдаг. Харин би тийм биш. Зөрүүд өөрийнхөөрөө л хийх гэж хичээдэг. Гэхдээ жаахан азнаад бодоод үзэхээр би буруу бодож байжээ гээд ойлгочихдог. Үүнийгээ би эрх гэж тайлбарладаг.Магадгүй буруу байх.

-Алхам тутамдаа бид суралцсаар байна шүү дээ. Тэгэхээр үеийн залуусаа юунд суралцаасай гэж хүсдэг мөн залуу ээжүүд юун дээр анхаарах ёстой байдаг вэ?

Хөгшин залуу гэлтгүй бүх гэр бүлүүдэд уриалмаар нэг зүйл байдаг юм. Хүүхдийнхээ боловсрол сургууль, хувцас хэрэглээнд илүү анхаараад  юугаар ч дутаахгүй өсгөх л бодолтой эцэг эхчүүд олон. Харин та бүхнийг завгүй байх хооронд хүүхэд тань хайраар дутаж  байх вий гэж бодоод үзээрэй.Бидний бүх л хүүхдэд өсвөр насанд хүрнэ. Бидний хамт байгаагүй цаг хугацаа, бидний бусдыг хайрлахыг сургаагүйгээс болж буруу зүйл хийх вий. Одооноос хамт байж, хайрлаж энэрэх хүн ёсонд сургаарай гэж уриалмаар байна. Тэгээд бас чамд баярлалаа.  Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олголоо. Хэнтэй ч ярилцаж байгаагүй бодож явдаг зүйлсээ ярьчихлаа.

Баярлалаа танай гэр бүлд гэгээн бүхнийг хүсье

 

Сэтгэгдэл бичих

arrow icon