Миний бие Гэр бүлийн хуулийн шинэчилсэн төсөлтэй танилцсаны хувьд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зохицуулалтуудын талаар цөөн хэдэн зүйлийг тэмдэглэж хэлмээр санагдлаа.
Төсөлд анх удаа "гэр бүлийн харилцаа", "асралт гэр бүл", "асран хамгаалалт", "харгалзан дэмжлэг" зэрэг нэр томьёонуудыг тайлбарлаж оруулсан байна.
Энэ нь цаашид хуулийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэхэд ач холбогдолтой зүйл болсон байна гэж харлаа.
Төсөлд анх удаа хүүхэд "хуваарьт эд хөрөнгөтэй" байхаар тусгажээ. Энэ нь хүүхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдол хэсгээ өмчлөхөөс гадна түүнд шилжүүлж өгсөн эд хөрөнгө, мөнгөн хуримтлалтай байна гэсэн үг.
Гэхдээ энэ концепцыг төгс хуульчлахын тулд хүүхдийн хуваарьт өмч болох банкин дахь мөнгөн хуримтлалын дансыг эцэг, эх, асран хамгаалагч хамтран эзэмшиж захиран зарцуулдгийг хязгаарлах, өөрөөр хэлбэл хүүхдийг насанд хүртэл нь хүүхдийн мөнгөн хуримтлалыг зарцуулахгүй байх, зарцуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд шүүхэд хандаж шийдвэр гаргуулж байж зарцуулдаг болгох зохицуулалтыг нэмж суулгаж өгөх ёстой юм. Тэгэхгүй бол одооны байгаагаас юу ч өөрчлөгдөхгүй.Төсөлд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг 1 хүүхэдтэй бол цалин орлогын 25%, 2 хүүхэдтэй бол 35%, 3-аас дээш хүүхэдтэй бол 50% байхаар тусгаж, цалин орлогыг нь тодорхойлох боломжгүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоохоор тусгасан байна.
Оновчтой зохицуулалт болж чадсан байна гэж харсан.Төсөлд "Тэтгэлгийн сан" гэдэг зүйлийг оруулж ирсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн хүүхдийн тэтгэлэг төлдөггүй эцгүүдийн төлөх тэтгэлгийн тодорхой хувийг уг сангаас санхүүжүүлж олгон, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага тэр мөнгийг нь төлбөр төлөгчөөс гаргуулж санд төвлөрүүлэх учиртай юм билээ.
Хүүхдээ асрамжиндаа авч үлдсэн ганц бие эхчүүдэд их дэмтэй л юм. Уг нь санаа нь зөв боловч улстөрчид, Засгийн газар, УИХ-ын мөнгө байхгүй шалтгаанаар дэмжихгүй байх эрсдэлтэй харагдаж байна. Гадаад улсын туршлагаас харж байхад энэ санг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиас орж ирж байгаа торгуулийн мөнгөний тодорхой хувиар санхүүжүүлээд ажиллуулаад явахад буруугүй санагдсан.
Гэр бүлийн хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох суурь хуулиудын нэг юм.
Өнөөгийн нийгэмд гэр бүлээ бүртгүүлдэггүй хэрнээ нэг гэрт хамтын ахуй эрхэлж, хүүхэд шуухадтай болж амьдардаг "хамтран амьдрагчид" хэмээх хосууд цөөнгүй бий. Зарим хуульчид, судлаачид "хамтран амьдрагчдын" асуудлыг Гэр бүлийн тухай хуульд оруулж өгөх ёстой гэж үздэг. Би ингэж үздэггүй хэсэгт нь ордог юм л даа. Миний байр суурь маш энгийн. Хайр сэтгэлээр холбогдож сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, өөрсдийн эд хөрөнгийн, үр хүүхдийн асрамжийн асуудлаа хуулийн нарийн зохицуулалтын хүрээнд оруулмаар байгаа бол гэрлэлтээ л батлуул. Монгол улсад гэрлэлтээ бүртгүүлэх нь өөрөө үнэ төлбөргүй процедур юм.
Гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр амьдармаар байна гэж үзэж байгаа бол асуудалгүй. Энэ бол таны эрх. Гагцхүү зарим асуудлууд тань Гэр бүлийн хуулиас өөрөөр, жишээ нь, Иргэний хуулийн харьяалалд орж зохицуулагдана.
Шинэчилсэн төсөлд хүүхдийн тэжээн тэтгэх, асран халамжлах асуудлыг гэрлэгчид болон гэрлэлтээ батлуулаагүй эцэг, эхэд ялгамжгүйгээр зохицуулсан байгаа. Гагцхүү эд хөрөнгийн маргаантай асуудлыг нь Иргэний хуульд арай өөр, ялгамжтайгаар зохицуулсан нь хэвээр байгаа.
Өөрөөр хэлбэл одооны зохицуулалт хэвээр үйлчилнэ гэсэн үг юм. Дээр нь эцэг тогтоох асуудал ч Иргэний хуулийн онцгой ажиллагааны журмаар тогтоодог хэвээрээ үлдэнэ гэсэн үг.
Бас нэг нийгэмд тулгамдсан асуудлыг энэ хууль шийдвэрлэх гэж оролдоод байгаа юм. Монголчуудын маань үржлийн насны маш олон залуус Солонгос, АНУ зэрэг гадаадын улс оронд ажиллаж амьдарч байна. Амьдралын зайлшгүй шаардлагаар өндөр цалинтай ажлын араас гадаад явж, гэр бүлээсээ тусдаа 3-5 жил амьдарснаас болоод хоёр талд "шинэ амьдрал" зохиож эхэлдэг. Эдгээр хүмүүст шүүмжлэлтэй хандаж болох боловч ард иргэдээ гадаад руу явуулж байгаагийн гол буруутан нь УЛСТӨРЧИД.
За ингээд нэгэнт хоёр талд эхнэр, нөхөртэй болчихсон хүмүүс өмгөөлөгчдөд хандаж гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргах нь цөөнгүй байдаг. Манай хуульд гэрлэлт цуцлах үед дундаас нь төрсөн, үрчилсэн хүүхэд байвал гэрлэгчдийг заавал биечлэн оролцуулахыг шаарддаг. Шүүх ч бас тийм шаардлага тавьдаг. Гэтэл гадаадад "харлачихсан" нөхөд Монголд ирдэггүй. Ингээд гэрлэлт цуцлагдахгүй байснаар өмнөх гэрлэлтийн улмаас төрсөн хүүхдийн, дараагийн гэрлэлтээс төрсөн хүүхдийн эрх ашиг зөрчигдөөд эхэлдэг. Араас нь эд хөрөнгийн болоод бусад асуудлууд цувардаг.
Миний бодлоор "гэр бүл" гэдэг ойлголтын гол шинж нь "хамтын амьдрал" гэж ойлгодог. Хамтын амьдрал 3 жилээс дээш хугацаагаар байхгүй болсон тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгэн нь гэрлэлт цуцлуулахыг хүсч шүүхэд хандвал шүүх гэрлэлтийг цуцлах процессыг эхлүүлж шийдвэрлэж өгдөг байх ёстой. Шинэ хууль тийм боломжийг шүүхэд гаргаж өгөх ёстой гэж боддог...
via Legal Window of Mongolia группээс.
Сэтгэгдэл бичих