Нийтлэл 06 сарын 12, 2018

Л.Энх-Амгалан: Монгол улс өмч хувьчлах процессоо өөрчлөхгүй алдаатай хэвээр зүтгүүлсээр байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд нэг дор 27 байгууллагыг багцлан хувьчлах шийдвэр гаргах нь зохимжгүй, шаардлагатай бол салбар тус бүрээр, байгууллага бүрээр хэлэлцэн, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Мөн түүнчлэн УИХ гишүүн Л.Энх-Амгалан ардчилал гарсан 27 жилийн хугацаанд Монгол улсын өмч хувьчлалын хэлбэр буруу явж ирсэнийг хуралдааны үеэр онцоллоо.

“Өнөөдөр Монгол улс аж үйлдвэрийн салбаруудаа бүгдийг нь хувьчилчихсан. Гэтэл энэ шийдвэр зөв шийдвэр байсан уу, буруу шийдвэр байсан уу гэдгийг үнэлж, дүгнэж чадахгүй байна. Үүнээс болж бүх салбар унаж байна. Хөдөө аж ахуйн салбар уначихсан байна. Хөнгөн үйлдвэрийн салбар ч уначихсан. Маш олон хүн ажилгүй, амьдралгүй болчихсон байна. Энэ хувьчлалыг хийсэн хэлбэр нь нөгөө цэнхэр, ягаан тасалбар. Үүнийг ямар ч бодлого төлөвлөгөөгүй хийсэн. Тийм учраас өнөөдөр ажилгүйдэл ядуурал бий болчихсон байна. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд ямар үнэ цэнэтэй компаниудыг хувьчлав. Бид өмч хувьчлалаа зөв явуулсан уу, улсад ямар ашиг орлого оров, үр дүнгээ өгсөн үү гэдэг суурь судалгаа байхгүй, үнэлгээ хийж чаддаггүй. Өмч хувьчлах процессоо өөрчлөхгүй алдаатай хэвээр нь зүтгүүлээд байдаг”.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon